Д.Байдраг даргыг АТГ онилжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 26-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд Монгол-Унгарын хооронд олон чухал гэрээ хэлэлцээ, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. 

Тэдгээрийн дундаас Улаанбаатар хотын Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогц Н.Батаа болон Унгарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гурав дахь улсуудад экспортлох үйл ажиллагаа  явуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс, “Профешнл Прожет” ХХК-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне  нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Улаанбаатарын шинэ “Авто худалдааны цогцолбор”-т Унгарын талаас 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж Олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, хиймэл нуур, явган хүний замын иж бүрэн тохижуулалт гээд дэлхийн жишигт нийцсэн цоо шинэ “Авто худалдааны төв”-ийн ажлыг ирэх хавраас эхлэх санамж бичгийг байгуулсан нь Улаанбаатар хотын хөгжилд бас нэгэн томоохон дэвшил авч ирэх нь тодорхой.

Гэтэл “Сайны хажуугаар саар” гэгчээр ирэх хавраас томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх нь тодорхой болсон “Авто худалдааны цогцолбор”-ын дарга Г.Байдрагийг “Хөрөнгө мөнгө шамшигдуулсан байж болзошгүй” үндэслэлээр АТГ-аас шалгахаар болсныг тодорхой эх сурвалжууд мэдээлэв.

Тодруулбал, тус цогцолборын бүтээн байнуулалтын үйл ажиллагаа нь холбогдох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт АТГ-аас хүсэлт хүргүүлжээ.

Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан асуудлыг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурьдсан байна.

Дашрамд дурьдахад Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барьж буй дээрх Авто худалдааны цогцолборын төсөлд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий байдлын үнэлгээ хийж, хариу ирүүлэх албан тоот илгээсэн байдаг. Уг албан тоотод холбогдох хуулийн долоодугаар зүйлийн 7.4.3-р заалтын дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэн дүгнэлт гаргуулж 2015 оны дөрөвдүгээр улиралд багтааж тус яаманд хариу ирүүлэхийг дурьдсан байж. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Нөгөөтэйгүүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тус цогцолборыг “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартад заасан эрүүл ахуйн хамгаалалтын бүсээс гадна байрласан байна” гэжээ. Харамсалтай нь тус төвөөс ердөө 800 метрийн зайд байрлах Цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүрэг байтугай, Улаанбаатар хотын агаар, орчныг бохирдуулах хэмжээнд хүрээд байгаа. Ингэхээр Мэргэжлийн хяналтын газар бодит байдлыг дүгнэж үзээгүй нь тодорхой болж байгаа юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.