“Тогтворгүй хөгжил”-ийн үзэл баримтлалтай Монгол Улс

Twitter Print
2016 оны 01-р сар 26-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар нийгмийн байгууламжаа өөрчилж, Зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан гэгдэх нийгмийн байгууламжийг сонгож авсан Монгол Улс өнгөрсөн 25 жилд жинхэнэ утгаараа “Тогтворгүй хөгжил”-йин үзэл баримтлалыг толгой дээрээ тахиж залсаар ирэв.

Өнөөдрийн ардчилсан улстөрчдийн газар доогуур ортол муу хэлдэг социалист нийгмийг бидний аав, ээжүүд бүтээн байгуулж байхад тэр үеийн удирдагчид БНМАУ-ыг тав, таван жилийн шахуу төлөвлөгөө, түүнийгээ хэрэгжүүлэх “Социалист уралдаан”-аар чиглүүлж, ард иргэд нь ч итгэлтэй хөдөлмөрлөж, улсаа хөгжүүлсээр ирсэн. Тэр үед одооных шиг баян ядуугийн тэнгэр, газар шиг ялгарал байгаагүй учир эрвийх дэрвийхээрээ улсаа хөгжүүлэхээр таван жилийн төлөвлөгөөн доор хүн бүр чадлаараа зүтгэж байв.

Харин чөлөөт зах зээлийн системд шилжиж, парламентын засаглалтай болсон өнгөрсөн 25 жилд Монгол Улс ямар ч хөгжлийн тухайлсан үзэл баримтлалгүй, урт болон дунд хугацааны хөгжлийн хэтийн төлөвлөлт, бодлого чиглэлгүй, дөрвөн жил болоод л сонгуульд ялсан улстөрийн хүчнүүд эдийн засаг, санхүүгийн цоо шинэ бодлого зохион гаргаж ирж төрийн залгамж халаа, нэгдмэл зорилгогүй Монгол Улсыг удирдсан болж ирэв.

Аль нэг нам, улстөрийн хүчин гарч ирэнгүүтээ өмнөхөө үгүйсгэж, эдийн засгийн ямар ч бодлого төлөвлөлтгүй реформуудыг дараалан хийсний балгаар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн систем бүрэн дампуурлын ирмэг дээр ирээд байгаа. Дөрвөн жилийн давтамжтай эрх баригчдын харалган бодлогын шууд үр дагавар нь өнөөдөр Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн гадаад өртэй, 60 сая толгой малтай хэрнээ дэлхийн өндөр хөгжилтэй Япон, АНУ, БНСУ-ын иргэдээс ч зарим талаараа үнэтэй мах авч идэх гээд чадахгүй, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж явна.

Харин улсаа бүрэн сүйрүүлэхийн өмнөхөн ирээд байгаа өнөөдрийн улстөрчдийн зарим хэсэг нь “Бид ямар ч хөгжлийн бодлого чиглэлгүй, хэтийн зорилгогүй ажиллаж байгаагаас улс орон, ард түмнээ харанхуй ангалын өмнө авч ирлээ” гэдгээ хожуухан ч гэсэн ойлгож “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилжээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүнээс 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэнэ.

Ямартай ч өнөөдрийн парламентад ялимгүй олонхи болж эрх барьж байгаа АН-ын УИХ дахь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Засгийн газрын нэгэн субьект болсон УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системийн хямралыг олж харан 2016-2030 он хүртэл “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байгаа нь хожимдсон ч гэсэн улстөрчид алдаагаа ойлгож эхэлж байгаа сайшаалтай ажил хэрэг юм.

Үндсэндээ 25 жил “Тогтворгүй хөгжил”-ийн үзэл баримтлалтай явж ирсэн Монгол Улс энэ оноос л урт хугацааны “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалтай болж магадгүй нь. Харин энэ чухал асуудлыг эрхэм гишүүд хэрхэн таалах, эсвэл жадлан эсэргүүцэхийг нь харах л үлдэж байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.