Д.Цэрэндаваа: Даалгасан ажлаа давуулан хийгээд л явж байтал алдар гавьяа өөрөө ирдэг дээ

Twitter Print
2016 оны 01-р сар 24-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт, зохиолч яруу найрагч Д.Цэрэндаваатай ярилцлаа.

-Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-гоор энгэрээ мялаасанд баяр хүргэе.

-Баярлалаа. Төрийн анхан ба дунд шатны байгууллагуудад 30 гаруй жил ажиллаж, хоёр нарны хооронд уйгагүй зүтгэж явсныг минь, их утга зохиолд өөрийнхөө өчүүхэн авьяасаа сорьж 40 шахам жилийн хугацаанд, үүрийн цагаан гэгээ, үдшийн бүрий хоёрын, үнэт цагийг ашиглан үзэг цаас нийлүүлэн 20 шахам ном уран бүтээл туурвин эмхэтгэсэн хөдөлмөр зүтгэлийг минь төр түмэн минь Дарханчууд минь ийнхүү үнэлсэнд баярлаж байна аа. Даалгасан ажлаа давуулан хийгээд л явж байтал алдар гавьяа өөрөө ирдэг дээ.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би багш, удирдлагын менежер мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, 1984 онд Багшийн сургууль төгсөөд, дунд нь бас цэргийн алба 3 жилээр хаачихаад 24 настайдаа багш болж Эрдэнэт хотын 4-р 10-н жилийн сургуульд багшилж байгаад 26 настайдаа сум хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн даргаар, Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны даргын шийдвэрээр томилогдож байлаа.

-Багш мэргэжлийн ажлаа орхиж, төрд зүтгэх томилолтыг хэрхэн хүлээж авав?

-Өө, ёстой дургүй хүлээж авсан. “Би багшаа л хийнэ. Тийм ажил мэдэхгүй, мэдэхгүй ажилд ормооргүй байна” гээд аваад хаячихсан чинь манай хотын АДХГЗ-ны зохион зааварлах хэлтсийн дарга Цэрэг гэж айхтар зарчимч, бас их хүнлэг дайчин нөхөр загнах зандран, ухуулан сэнхрүүлэн байж намайг яалт ч үгүй зөвшөөрөхөд хүргэсэн. Надаас өргөдөл хүсэлт ч аваагүй “Таныг аль хэдийн багшаас чинь халчихсан, бас аль хэдийн хотын даргын шийдвэр гарчихсан, май хүү минь хоёр тушаал чинь энэ байна” гээд багшаас халсан тухай Боловсролын хэлтсийн даргын тушаал, Хорооны АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар томилсон тухай хотын АДХГЗ-ны даргын захирамж хоёрыг үзүүлсэн. Би уншиж үзээд үнэхээр гайхсан. Энэ хүн танай дарга гээд тэр өрөөнд сууж байсан нилээд настайвтар буурал толгойтой эмэгтэйг заасан. Ийм даргатай ямар байгууллага байдаг бол гэж дотроо л бодлоо. Тэр үед чинь боловсон хүчнээ төр захиргаа нь өөрөө мэдээд л шийдвэрлэдэг байсан нь үнэн шүү. Одоогийнх шиг би дарга болмоор байна гэж үйлээ бардаггүй байж дээ.

-Багш мэргэжилдээ дуртай хүн тэр шийдвэрийг хэрхэн хүлээж авав.

-Тийм ээ. Тэр үед багш эмч шиг сайхан мэргэжил байсангүй. Тийм ч учраас багшийн мэргэжил сонгож байсан. Би даасан ангиа 97%-ийн чанарын амжилттай сургаж байлаа. Өөрөөр хэлбэл бараг бүгдийг нь онц сайн сургасан гэсэн үг. Ярьвал түүх их бий. Ингээд шийдвэрээ бариад сургуулийнхаа хичээлийн эрхлэгчтэй уулзлаа. Лхагважавын Төмөрчөдөр гэж (сүүлд гавъяат багш болсон) манай Ховдын Дарвийн Лхагважав баатарын хүү, нилээд зарчимч хүн байсан. “-За, хүү минь, чи их л буруудаж байна даа. Багшаараа явсан бол чи их хол явах хүүхэд байсийм даа. Төрийн ажил гэдэг чинь түмэн үзүүртэй, амар ажил биш, чамайг нус нулимс хоёртойгоо хутгалдаад явж байхыг чинь ах нь харах бий вий. За одоо яая гэхэв, чи явахаас даа” гээд их л ёозгүй угтсан, би ч бүр айсан, ямар ажилд томилогдож байгаа юм бол доо гэж бодоод тэр шөнө нойр хүрсэнгүй.

Өглөө нь баяртай ч биш, баяргүй ч биш амьтан заасан газар нь очлоо. Тэр үед манай Дархан, Эрдэнэт хотуудад Найрамдал хорооны АДХГЗ гэж хоёр томоохон сум хороо байсан юм. Алтан шар боронзоор “Эрдэнэт хотын Найрамдал хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргаа” гээд биччихсэн хаягтай Эрдэнэтийн Говилын тосгонд байрлах нэг брак байшин байх. Би яг тэнд цэргийн алба хаасан. Тэрүүгээр их л түчигнүүлж явлаа. Тэгэхдээ би тийм байгууллага тэнд байсныг мэдэхгүй л байсан байгаа юм. Шууд л даргын нь өрөөнд зөвшөөрөл аваад орлоо. Тэгсэн яасан гэж санана. Өчигдөрхөн Цэрэг даргын өрөөнд байсан гандмал ягаан   дээлтэй буурал үстэй самган маань хөх буурал үсээ тас хараар будаад овоолсхийгээд их л донжтой болгоод засчихсан, улаан хүрэн хамбан пиджак дээр Хотын хурлын депутатын тэмдэг зүүчихсэн “- За хүү минь, ажлаа хүлээж ав даа, алив Нараа  (манай бичээч байсан одоо Налайхт байгаа гэсэн) Загдаа гуайг дууд, (орлогч дарга нь байсан) гээд 3 төгрөг 60  мөнгөний “Стюардеса” гэдэг янжуур зуучихсан намжирдаж байгаа нь сүртэй бөгөөд сүрлэг ч гэж жигтэйхэн. Тэгээд ажлаа хүлээж авлаа. Нэг том төмөр сейф дүүрэн хавтаст бичиг баримтууд байна. Ерөнхий чиг нь л байхаас дотроо замбараагүй гэж най алга...

-Тэр үед чинь хурал захиргааны ажил үндсэндээ хамт байсан байх аа.

-Яг тийм, өөрөө шийдвэр гаргаад өөрөө хэрэгжүүлдэг системтэй байлаа. Хурал захиргааны ажлын 20 гаруй хавтастай  бичиг баримт байх, ажил ч гэж найгүй их бололтой, за дүүрсэн хэрэг төр засаг надад нэгэнт итгэл найдвар хүлээлгэж байхад залуу, нас байна суръя, мэдье, зүтгэе л гэж бодсон доо. Дарга маань надад нимгэн цэнхэр хавтастай хоёр ном өглөө. “Чиний хийх ажил энэ хоёр номон дээр л байгаа” гэв. Өөр юу ч зааж өгсөнгүй, даргаасаа айгаад нэг их асуусан ч үгүй, мундаг зангарагтай хүн байсан. Харин орлогч дарга маань насаараа төр захирааны ажил хийсэн Дашбалжирын Загдаа гэж төрийн ажлын өргөн мэдлэг туршлагатай настайвтар хүн байв. Тэр хүн одоо УБ хотод бий. Одоо бараг 90 хүрч байгаа байх. Би хаяа очиж золгодог юм.

-Таны бодож төсөөлж байснаас төрийн ажил хэр хүнд байв?

-Иргэний 8 төрлийн бүртгэл хийнэ. Хурал захиргаа, депутат байнгын комиссын ажлууд, хатуу тогтсон график төлөвлөгөөний дагуу явагдана. Захиргааны гишүүдийн хурлыг 14 хоногт заавал нэг удаа хийнэ. Түүний бэлтгэл зохион байгуулалтын ажлыг нарийн бичгийн дарга л хариуцна.

Ажлын ачаалал гэж жигтэйхэн их. Өглөө 6 цагт босоод л 7 цаг гэхэд ажил дээрээ оччихсон байна. Өглөө бүрийн нэг цагийг тэр өдрийн ажлын бэлтгэлд зориулна. Өдөр бүр хүн хүлээн авч үйлчилдэг учир үндсэн ажлаа хийх цаг зав ер гарахгүй. Төрийн захиргааны анхан шатны ажил гэдэг хүний төлөө л үйлчлэх үйлчилгээний ажил байдаг юм. Хүнийг эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас нь хүлээн авч, бурханы оронд буцах өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээ үзүүлдэг юм даа. Эхлээд их хүндхэн санагдсан, сүүлдээ гаршаад мэргэшээд гайгүй болсон доо.

-Хүмүүс таныг багшаа гэж  дуудахгүй, даргаа гэж  дуудах нь ямар  санагдаж байв?

-Хүн болгон даргаа, даргаа гээд  л... Эхлээд их хэцүү санагдаж байлаа. Би сар ч болоогүй сум хорооны депутатаар сонгогдлоо. Депутатын тэмдэг зүүчихсэн нэг их додигор амьтан, автобусанд үнэгүй явна, дэлгүүрт очергүй үйлчлүүлнэ. Харин яваандаа түүндээ дасчихаад дарга гэж хэлээгүй хүнд дургүйлхэх хандлагатай болчихдог юм байна лээ. Хүн ер нь нэг юманд их амархан дасан зохицдог юм байна лээ. Яваа яваандаа энэ байдлаас ангижрах нь зөв юм гэдгийг, хүмүүстэй энгийн харилцах хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон. Хүмүүс ч надад их сайн болсон нь шууд мэдрэгдэж байлаа. Би аль болох ирсэн хүн бүхний хүсэлтийг биелүүлэхийн төлөө ажилладаг боллоо. Тийм арга зам заавал байдаг юм. Огт болохооргүй юмыг хүртэл болж бүтэх талаас нь хандаж, арга замыг нь зааж зааварлаад өгөхөөр хэн ч гэсэн учиргүй одоо заавал шийдээд өг гээд байдаггүй л юм даа.

-Иргэдэд үйлчлэх бол таны хавсрага ажил байж, үндсэн ажлаа хэрхэн амжуулж байв?

-Үндсэн ажлынхаа хувьд, тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн болон Монголын ҮЭ-ийн Төв Зөвлөлийн хамтарсан тэргүүний сум хороог шалгаруулах 184-р тогтоол гэж байв. Тэр тогтоолоор баталсан болзлын 370 гаруй заалт бүрийг биелүүлэх зорилт тавин ажиллаж, яг гурван жилийн дараа тэр болзлыг биелүүлж, хариуцсан Хорооныхоо АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны ажлыг улсад тэргүүн байр эзлүүлж байв. Яг тэр үед манай хорооны даргаар Л.Дулмаа гэж их дайчин эмэгтэй ажиллаж байлаа. Бид хоёр гар, сэтгэл нийлнэ. Ер нь тэгээд ажил муугүй хийж явснаасаа болж дандаан хүндхэн алба руу намайг томилж явлаа. Ингээд гурван мянга таван зуухан хүн амтай Хорооны нарийн бичгийн даргаас 65.000 хүнтэй Баян-Өндөр хорооны нарийн бичгийн даргаар бас гэнэт  томилогдлоо. Манай дарга Л.Дулмаа намайг өгөхгүй гээд зүтгээд зүтгээд барсангүй. Хотын намын хороо, захиргааны хурлаас гараад Л.Дулмаа дарга минь уйлчихсан явж байж билээ. Тэгээд ажил ч бүр хүндэрлээ. Давуу тал нь анх ажилд орж байсныгаа бодоход хийх ажлаа сайн мэдэж байв. Мөн л өглөө 7 цагаас орой 7, 8 цаг хүртэл өдөр бүр 12-13 цаг ажиллаж байв. 

-Төрийн ажил хийж явахад хөгтэй хөгжилтэй зүйл их л тохиолдоно биз?

-Хөгтэй хөгжилтэй юм их болно оо. Зөвхөн нэгийг л ярья даа. Цайндаа явах өдөр тун ховорхон. Нэг өдөр гэртээ очиж цайгаа уучихаад автобус хүлээж байгаад 15 минут хожимдоод ирсэн чинь өрөөний маань үүдэнд бөөн очер, санаа зовсхийгээд хаалга руугаа дөхтөл “-Хөөе, чи оочерло, бид оочертой байна” гээд пальтоны минь ханцуйнаас чангаагаад   оочерт   оруулчихлаа. Миний жаахан зөрүүд хөдлөөд тэр оочерт ороод зогсчихов. 5 минут орчим болсон байх... “Энэ хорооны нарийн бичгийн даргаар нэг шинэ залуу ирсэн гэсэн, бас л ажилдаа ирдэггүй нэг нөхөр ирж дээ” гээд хоорондоо ярилцан намайг муу хэлж байв. Миний инээд хүрээд энэ дарга ч ажилдаа ирэхгүй нь дээ, би та нарт үйлчлэхээс гээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгож ороод за, эхний хүн ороод ир гэсэн чинь намайг муу хэлж байсан хэд хэдэн хүмүүс орж ирж чадалгүй цааш алга болсон байв. Хүмүүс намайг та мөн балладаг хүн юм аа гээд инээлдэцгээгээд... 

-Ер нь та Эрдэнэт хотод их сайхан амжилттай ажиллаж байгаад яагаад Дарханд ирэх болов?

-Тэр их хүнд нөхцөлтэй. 1993 онд миний хоёр дүү аваарт орж өнгөрсөн. Би маш их сэтгэл   санаагаар   унаж,   хэцүү   байсан. Миний   ярих   дургүй   сэдэв минь энэ.   Найз нөхдүүд миний сэтгэл засах гэж манайд дандаа ирнэ. Ирэхдээ зүгээр ирэхгүй ээ. Нөгөө   сэтгэл   засдаг   ариун   рашаанаа   авчирч   өгнө.   Заримдаа   засах   биш   бүр дордуулдаг байлаа. Ингээд лам хуварга ахан дүүс найз нөхдийн зөвлөснөөр нутаг солих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрэв ээ. Тэгээд арга буюу Дарханд шилжиж ирсэн. Дархан нутаг бурхантын хөндий, Хайрхан уул минь өвөртөө багтааж илгэндээ тэвэрч авсан даа. Эрдэнэтийнхэн намайг, бас миний ханийг гаргаж өгөх гэж гурван өдрийн найр болж байв. Гэргий маань хивсний үйлдвэрийн аварга ажилтан байсан. Би ч гэсэн аймгийн захиргааны хүндэт самбарын эхэнд, хань маань хивсний үйлдвэрийн хүндэт самбарын эхэнд хоёулаа нэг жил хүндэт самбарт тавигдаж байсан удаа бий. Цагаан хэл ам гэдэг юм хүнийг их иддэг гэсэн, тэр нь болсон байж магадгүй. Энд ирээд нэг охин минь их олон жил өвдөж байгаад бурхан болсон. Би хэлж барамгүй, бодож шаналамгүй их зовлон үзсэн хүн дээ. Хүн зовлонг даадаг, жаргал даадаггүй гэж үнэ юм байна лээ. Зовлон үзэх тусам улам хатуужиж явсан даа.

-Дарханд ирээд ямар ямар албанд томилогдож ажилласан бэ?

- Дарханд 1996 онд ирлээ. 20 жил болчихжээ. Цаг хугацаа тун амархан юм аа. Гурван газар   ажиллаа.   Анх   Дархан   сумын   Засаг   даргын   тамгын   газарт   Багийн   ажил хариуцсан   мэргэжилтнээр   орсон.   Дараа   нь   13-р   багийн  Засаг   даргаар сонгогдон тэндээ 10 гаруй жил ажиллаа. 2013 оны 1-р сараас Шарын гол сумын Засаг даргын орлогчоор томилогдож нэг жил ажиллаад гэр орондоо ойртож ажиллах хүсэлтийг аймгийн   удирдлагуудад   тавьж,   яруу   найраг   утга   зохиолд   олон   жил ойрхон   явж, МУСТА ч болов. Үүнийхээ үр дүнд Аймгийн Төв номын сангийн захирлаар ажиллах боломжийг   холбогдох   яам,   аймгийн   удирдлагаас   надад   олголоо.   Үүнд   би   их баярлаж,   даалгасан   ажлыг   нь   сайн   хийж   хариуцсан   салбарынхаа   ажлыг   зохих төвшинд хүргэн ажиллая гэж бодоод мэргэжлийн хамт олныхоо дэмжлэгээр хоёр жилийн хугацаанд үлэмж их зүйлийг хийлээ.

-Шинэ ажилд томилогдоод ямар ямар ажлуудыг амжуулав?

- Энэ   хугацаанд   Номын   сангийнхаа   50   жилийн   ойг   тэмдэглэн   өнгөрүүллээ.   Ойгоо угтаж 50 бүтээлч ажил хийв. Төв номын сан болон сумдуудынхаа номын сангуудад 30   гаруй   сая   төгрөгийн   ном   болон   хэвлэлийн   тавиур,   хяналтын   хаалга,   зэргээр хөрөнгө   оруулалт   хийлгэж   10   гаруй   сая   төгрөгийн   хандив   тусламж   олж   ойгоо тэмдэглэсэн   ба   манай   ойд   яам,  Үндэсний  номын сан, аймаг   орон   нутгийн удирдлагууд, хот хөдөөгийн 20 шахам аймгийн номын сангийн удирдлагууд оролцож хийсэн   ажил, хийх ажлаа сурталчлан ажиллаа. 2015 онд “Соёл урлаг,  бүтээлч үйлдвэрлэл, Түншлэл-2015”  нэгдсэн арга хэмжээг санаачлан, аймгийнхаа  соёлын ажил  эрхэлсэн, төрийн  болон   төрийн   бус байгууллагууд,  хувийн   хэвшлийнхэнийг хамруулсан томоохон ажлыг зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа гаргаж, Дарханы брейнд бүтээгдэхүүн шалгаруулан төвийн болон орон нутгийн телевизүүдээр иргэд уншигчдаа хүргэн ажиллаа. Энэ хугацаанд Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Бавуугийн Лхагвасүрэн, МУСГЗ яруу найргийн дэлхийн академийн гишүүн, зохиолч яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, Болор цомын эзэн яруу найрагчид, мөнгөн үеийн   зохиолч   яруу   найрагчид   гээд   арваад   нэр   төртэй   зохиолчдыг   урьж Дарханчуудтайгаа уулзууллаа. Уулзалтанд оролцсон хүмүүс юм асуугаад салахгүй байсан.   Дараа   нь   хүмүүс   намайг   тийм   сайхан   арга   хэмжээг   та   яасан   хурдан дуусгачихваа   гэж   зэмлэж байсан   шүү.   Хурдан   дуусгаагүй   л   дээ   2   цагийн   арга хэмжээг   3   цаг   болгож  үргэлжлүүлсэн   Лхагвасүрэн   ахын   “Зовсон   сүү”   номыг   30 мянган төгрөгөөр булаалцалдаад авч байсан шүү. Хүмүүс бас номонд дурлаж байнаа.

-Та чинь өөрөө зохиолч яруу найрагч хүн, өөрийнхөө уран бүтээлээс...-

Ах нь яах вэ. 40 шахам жил энэ гэгээн үйлсэд сэтгэл зүрхээ өгч явна. Хүн дуртай сонирхолтой юмандаа нугасгүй гэдэг шүү дээ. 6-р ангид байхаасаа шүлгэрхүү юм бичиж явлаа. Дараа нь багшийн сургуульд ирээд МУИС, Багшийн дээд сургуулийн дэргэдэх   Утга   зохиолын   дугуйланд   их   явлаа.   Нэг   өдөр   “Ууган   төл”   гэдэг   нэртэй шүлэг уншсан чинь Ш.Гүрбазар намайг бут авлаа. Энэ шүлгээ ахиж хаана ч битгий уншаарай   гэв. Би  тэгж   үгээр   алгадуулж   үзсэн.   Тэр   шүлгээ   гэртээ   хариад   ураад хаячихлаа. Одоо бодоод харамсдаг юм даа. Цаг   хугацаа   хүнийг   хөгжүүлдэг болохоор   өчүүхэн   авъяас,   сонирхол зүтгэл  хоёр   минь   намайг   хөтөлж   40   шахам жилийг туулан яруу найргийн 10-аад номоо, олны хүртээл болгож бас яруу найргийн болоод түүх шаштирийн 10 гаруй номыг эмхэтгэн хэвлүүллээ. Бас 20 гаруй ном уран бүтээлд миний бүтээл хэвлэгдэж Төвийн болоод орон нутгийн сонин хэвлэлд 100 гаруй мэдээ мэдээлэл, нийтлэл шүлэг яруу найргаа хэвлүүлсэн байна аа. Засаг төрийн   ажлын   их   буулган   дор   цаг   наргүй   хөдөлмөрлөж   явахын хажуугаар ийм  хэмжээний  юм хийчихсэндээ урамшиж явдаг аа. Яруу найраг  бол миний цусанд, ясанд минь удамшсан юм байна лээ. Миний аавын ах шүлэг бичдэг байсан. Миний хоёр дүү ч бичдэг, МУСГЗ Бямбажавын Хүрэлбаатар ах миний үе ах юм. Мөн зохиолч яруу найрагч Жүгдэрийн Баттулга ах маань миний ээжийн талын ойрхон төрөл, миний төрсөн ах Д.Дэлгэр гэж одоо 70 шахаж яваа хүн бий. Бас ч үгүй 4, 5-н номорхуу юм хийчихсэн гэж бодохоор ген байгаа биз...

-Баярлалаа танд, ажлын болоод уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа. Эрхэм   дүүдээ   ажилд   чинь   амжилт   хүсэн   ерөөе. Сайн   үйлс   болгон дэлгэрч, төр минь төвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Т.Доржсүрэн

      (202.179.11.94) 2016-01-31 20:01
      • 0
      • 0

      Сандалд уяатай "самар толгойт" минь,Сархиагт Алтай шигээ "өндөр уул" минь, Номонд уяатай хатуу боорцог минь, Норгосон даавуу шиг салдаггүй найз минь...ярилцлагыг чинь уншаад ингэж мэндчилье.Дарханы номын их уурхайд шүглэж хожим хуудас бүгдээс нь гарч ирээд байдаг болчихов доо.Амжилт хүёье.

      Хариулах