С.Бямбацогт: Р.Жигжид сайдад хийх ажлыг нь зааж өгнө

Twitter Print
2016 оны 01-р сар 25-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог УИХ дахь МАН-ын бүлгийн хурал энэ удаа өргөтгөсөн хэлбэрээр болж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар оролцсон нь чухал асуудал хэлэлцсэний нотолгоо болсон.  

МАН-ын хурлын дараа бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

-Танай бүлгийн хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах талаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан асуудлыг хэлэлцсэн гэж байна. Ямар шийдвэрт хүрэв?

-УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар нэгдүгээрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан асуудал, хоёрдугаарт УИХ-ын дарга З.Энхболдын ёс зүйгүй үйлдэл, УИХ-ын гишүүдийг алагчлан үзэж дур зоргоороо авирладаг асуудлын талаар олон гишүүдээс гаргасан гомдол санал, гуравдугаарт ирэх сонгуулиар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн тойргийн асуудлыг хэрхэн хуваах, энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар ярилцаж тодорхой шийдвэр гаргалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний гарын үсэг бүхий, УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн албан бичгийг авч хэлэлцээд бүлгийн гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт улстөрийн хариуцлага тооцож нэн даруй огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Бид бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  огцруулах тухай асуудлыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл нь нэгдүгээрт тэрээр Монголын ард түмнийг хууран мэхэлсэн. Тухайлбал анх Ерөнхий сайд болоод “Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй” гэж ам алдсан. Тэгвэл өнөөдөр хамгийн наад захын жишээ хэлбэл Монголчуудын амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг бензин шатахууны Онцгой албан татварыг ихээхэн нэмэгдүүлснээс болоод ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа. Дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ өдрөөс өдөрт унаж, манай хоёр хөрш л гэхэд энэ төрлийнхөө бүтээгдэхүүний үнийг 40-50 хувиар хямдруулчихаад байхад манайд яг хэвээрээ байгаа. Бензин шатахууны үнэ буухгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг огцом нэмэгдүүлснээс болсон.

Дээр нь “Нэг тэрбум ам долларын мал, мах гадагш нь гаргана” гэж шал худлаа амлалт өгсөн. Өнөөдөр Монголыг тэжээдэг малчдын амьдрал маш хүнд боллоо. Малын гаралтай түүхий эдийн үнэ урьд өмнө байгаагаагүйгээр шалдаа унасан. Малчдаа харж үзэх, тэдэнд туслах, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг боломжийн хэрээр нэмэгдүүлэх талаар бодлогын чанартай ямар ч ажил хийгээгүй. Өнөөдөр хөдөө очоод хаагуур ч явсан малчдын амнаас “Ерөнхий сайд нэг тэрбум ам долларын мал, мах гадагш нь гаргана гэсэн. Тэр нь хэзээ хэрэгжиж биднийг өр ширнээс салгах юм бол” гэж харсан, хүлээсэн хүмүүс л угтаж байна. Ингэж худлаа ярьж, ард түмнээ хууран мэхэлж болохгүй шүү дээ.

Түүнээс гадна Монголын ирээдүй үр хүүхдүүдийг алагчлан үзэж 300 мянган хүүхдийн сар бүр авдаг 20 мянган төгрөгийг нь дур мэдэн хассан. Үе үеийн Монголын төр засаг хүн амынхаа тоог өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг төрийн бодлогын хэмжээнд авч явсныг Ч.Сайханбилэг дур мэдэн зогсоож, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг хүртэл ялгаварлан гадуурхах бодлого баримталсан. Ингэхдээ Гэр бүлийн судалгаа явуулах нэрийн доор зургаан тэрбум төгрөг үрэн таран хийсэн байгаа юм. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох бодлого нь ард иргэдийн зүгээс ямар их эсэргүүцэл тэмцэлтэй тулгарсан билээ. Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс огтхон ч гаргаж болохгүй маш олон бодлогын чанартай алдаа гаргасан нь Ч.Сайханбилэгийг огцруулах хангалттай үндэслэл болно.

Ч.Сайханбилэг гэж энэ нөхөр Ерөнхий сайд болонгуутаа “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж сүржин мэдэгдэл хийж байсан. Тэгвэл 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 7.8 хувьтай байсан бол өнөөдөр бүр хоёрхон хувь болж огцом буурлаа.  Валютын ханш Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр өсч өнөөдөр 2012 төгрөгтэй нэг ам. доллар тэнцэж байна. Төгрөгийн ханш шалан дээр унасан. Улсын төсөвт гурван удаа тодотгол хийлээ. Ер нь ийм хариуцлагагүй, эдийн засгийн мэдлэггүй Ерөнхий сайд Монгол Улсын түүхэнд байгаагүй.

-Монгол Улсын гадаад өр огцом нэмэгдэх нь гэж юу яриад байна вэ?  

-Бид энэ талаар баттай сайн мэдээлэлгүй явж байгаад сая Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал яригдаж эхэлмэгц мэдэж авсан. Юу гэвэл энэ нөхөр Монголбанк, Сангийн яамныханд үүрэг өгч тэдгээр албатууд нь түүнийг огцруулах асуудал дэгдсэн чухам тэр өдрүүдэд дэлхийн зах зээл дээрээс дахин 850 сая ам. доллар зээлэхээр гэрээ хэлцэл нь хийгдэж байсныг олж мэдлээ. Өмнөх өр зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тооцоолоогүй, өмнөх зээлээ хэрэглэж дуусаагүй байж дахин 850 сая ам.долларын өрөнд Монголчуудыг оруулах гэж байсан нь энэ Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг энэ хүн ямар тооцоо судалгаагүй, ямар хариуцлагагүй ажиллаж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо шүү дээ.

Өнөөдөр Монголын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болчихоод байхад энэ нөхөр “Би зургаахан сарын дараа яваад өгнө. Надаас хойш яасан ч яадаг юм” гэсэн туйлын явцуу, хар толгойгоо хоохойлж, амиа аргацаасан байдлаар Засгийн газрыг толгойлсон болж байна. Ерөнхий сайд нь ийм арчаагүй, хувиа хичээсэн байдлаар улс орны эдийн засаг, санхүүг барьж байгаагаас шалтгаалан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ч ноцтой аюул заналхийлж эхэллээ.

Түүнээс гадна авлигатай тэмцэх асуудалд ямар ахиц дэвшил гарсангүй. Тухайлбал Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг авлигадаж 570 машин өгөөд зогсож байна. Засгийн газрынх нь нэг сайд албан өрөөндөө 500 саяын авлига авч байгаад баригдаж байна. Энэ чинь одоо юу болж байна аа. Ийм булай түүх Монголын үе үеийн Засгийн газарт гарч байгаагүй, байхгүй. Ийм олон булхай луйвар, бодлогын алдаанууд нь Ч. Сайханбилэгийг огцруулах 100 хувийн баталгаа, нотолгоо болно.

-Таны хувьд бензиний үнийг 250 хүртэл төгрөгөөр хямдруулах боломжтой гэж байгаа. Эдийн засгийн нарийн үндэслэл, тооцоог нь хийсэн үү. Яг тийм боломж бий юу?

-МАН засагт хамтарч Р.Жигжид Уул уурхайн сайд болох үе буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 09-ны өдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон миний бие гээд олон гишүүн “Бензиний үнэ бодитойгоор буух боломж бүрдсэн шүү. Хэрвээ бензиний үнийг буулгаж чадахгүй бол хариуцлага тооцно” гэдгийг хатуухан сануулж байсан. Энэ дагуу ч бензиний үнийг үе шаттайгаар буулгах саналыг байнга тавьсаар ирсэн ч харамсалтай нь Р.Жигжид сайд үгэнд ороогүй. Энэ асуудлаар 2015 оны есдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хаа байсан өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Яахав бидний шаардлагын дагуу алслагдсан бүс нутгуудад бензиний үнэ бага ч гэсэн буурсан. Өнгөрсөн баасан гарагт бидний асуулгыг УИХ-аар хэлэлцсэнтэй холбогдон Улаанбаатар хотод бензиний  үнэ 100 орчим төгрөгөөр буурсан байгаа. Энэ бол бидний тэмцлийн үр дүн гэж үзэж байна. Гэхдээ энэ нь хангалттай үр дүн биш. Хэрвээ Засгийн газар Онцгой болон Гаалийн албан татварыг их хэмжээгээр нэмэгдүүлээгүй бол өнөөдөр нэг литр бензиний үнэ 1000 төгрөг байх бололцоотой байсан.

Засгийн газар хойшид тодорхой судалгаа гаргаад, тооцоотой ажиллаж ард иргэдийнхээ төлөө зүтгэж чадвал бензиний үнэ дээд тал нь 400, доод тал нь 250 төгрөгөөр хямдрах бодит боломж, нөхцөл бүрдчихсэн байгаа. Хэрвээ энэ асуудлыг хийхгүй, хэрэгжүүлж чадахгүй бол бидний зүгээс Уул уурхайн сайд Р.Жигжидэд “Энэ ажлыг ингэж хийдэг юм. Ингээд ингээд цааш нь явуул” гэж ажлыг нь зааж өгөхөөс өөр аргагүй. Ямар ч санаачлагагүй, хариуцлагагүй, сэтгэлгүй сайд нарт МАН-ын зүгээс ажлыг нь зааж өгч, ажлын дөртэй болгоно.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.