МУСГЗ Ш.Ёолк: Хил дээр зогсох хилчинд хааны зэргийн эрх мэдэл байх ёстой

Twitter Print
2016 оны 01-р сар 25-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Энэ нөхрийн зочлож очоод, хойморт нь тухлаагүй айл Монголд ховор байх. Мөн түүнийг танихгүй, мэдэхгүй хүн ч бараг байхгүй биз. Тэгэхээр энэ эрхэм нөхөр хэн бэ хэмээн та тааж ядан сууна уу. Тэгвэл Ш.Ёолк хэмээн хэлэхэд л хангалттай байх болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр хэдэн арван жилээр цэнхэр дэлгэцийг бүрэн эзэгнэж, үзэгч биднийг түүний өмнө өөрийнхөө уран цэцэн үгээр уяж чаддаг учраас тэр. Түүний бэлтгэсэн нэвтрүүлгүүд ч үзэгчдээ хөгжөөж бас ухааруулж байдаг. Тиймээс энэ удаагийнхаа дугаарын зочноор МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Шалмаагийн Ёолк гуайг урьсан билээ. 

-Сүүлийн үед телевизийн дэлгэцээр гарах тань жаахан ховор болоод байна уу даа гэж бодогддог. Ялангуяа цэнгээнт нэвтрүүлэг хөтлөхөө бараг больсон бололтой харагдах юм. Өөр чиглэлээр уран бүтээл туурвиад байна уу, эсвэл ерөөсөө жаахан амрахаар шийдээ юу?

-Үнэн, үнэн. Ховор гарч байгаа. Ялангуяа сүүлийн хэдэн жил шоу нэвтрүүлэг хөтлөхөө больсон. “Агшин” нэвтрүүлгээ л гэхэд албан ёсоор Г.Агааноровтоо хүлээлгэж өгөөд зургаан жил болж байна. Ер нь аливаа сэтгүүлч, зохиолч хүн өөрийн хамгийн сайн мэддэг чиглэл рүүгээ арай гүнзгийрч орох ёстой гэж боддог. Миний хувьд хөдөө орон нутаг, монголчуудын уламжлалт амьдрал, нүүдлийн соёл иргэншлийн талаар илүү ихээхэн сонирхдог юм. Жаахан түлхүү ч мэдлэгтэй гээд хэлчихэд болох байх. Тиймээс энэ чиглэлээрээ “за кадр” буюу дэлгэцийн арын бүтээлийг түлхүү хийж байх шив дээ.  Одоогийн байдлаар “Тэнгэрийн хаяаны хот айл” гэсэн нэртэй цуврал баримтат киноны зохиолыг бичихээр төсөл боловсруулаад явж байна. Хүн төрөлхтөн нүүдлийн болон суурин гэх хоёрхон соёл иргэншлийг дамжсан байдаг шүү дээ. Нүүдлийн соёл иргэншил бол хүн төрөлхтний анхдагч соёл гэдэгтэй хэн ч маргахгүй. Анх хүмүүс нүүдэллэж яваад хожим нь аж үйлдвэржин суурин соёл иргэншилтэй болсон байдаг. Тэгээд ч нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дээр амьдаар нь авч үлдэж чадсан цорын ганц ард түмэн бол монголчууд. Өнөөдөр дэлхий нийтээрээ даяарчлагдаж байна. Ийм үед ахуй, соёлоо өөрчлөлгүй унаган төрхөөр нь авч үлдэж, уламжлуулан хадгалуулж чадах хүмүүс бол зөвхөн монгол сэтгүүлч. Тиймээс ах нь үүний төлөө л ажиллаж байна. Яахав гадны улс орны сэтгүүлчид нүүдлийн соёл иргэншлийг харуулсан олон нэвтрүүлэг, баримтат кино хийсэн. Гэхдээ тэд зөвхөн өөрсдийн мэддэг өнцөгөөс л харуулдаг. Нүүдлийн соёл иргэншил гэхээр заавал шороотой адсага, нус нь гоожсон хүүхэд, ноорхой хувцастай эмгэн байх албагүй. Ийм дүр төрх нь нүүдлийн соёл иргэншлийг илэрхийлэхгүй. Нүүдлийн соёл гэхээр ардын сайхан морин хуур, уртын дуу, хөөмий, тоглоом наадгай байна. Түүнийг хэн үзүүлж чадах вэ? Мэдээж монгол сэтгүүлч л энэ гайхамшигт соёлыг цогцоор нь харуулж чадна. Тиймээс би телевизээр тууль хайлуулах бодолтой яваа. Өмнө нь телевизээр тууль хайлах нь их уйтгартай, үзэгчдийг уйдаана гэсэн байдлаар хандаж ирсэн юм. Туулийг долоо хоногоос сарын хугацаатайгаар хайлдаг. Монголын ард түмний цээжинд баринтаглагдсан агуу туульс олон бий. Ийм агуу бүтээлтэй ард түмэн хэрнээ гадны орны соёлыг гайхамшигтай мэтээр үзээд өөрсдийн үнэт зүйлээ мартаад байна. Тиймээс би телевизээр тууль хайлуулах гэж байгаа. Мэдээж туулиа сайхан дүрсжүүлээд, үүх түүхийг нь яриулна. Одоогоор “Тэнгэрийн их хөлгөн” гээд нэрлэчихсэн, удахгүй үзэгчдэд хүрэх байх.

Ер нь төр засгаас үндэсний өв уламжлал, соёлоо хөгжүүлье, дэлгэрүүлье гэж бодож байвал дэмжих л хэрэгтэй. Та бүхэн Өвөрмонголын “Одон” телевизээр хуурын үлгэр гээд юу нь ч ойлгогдохгүй юм гардгийг харсан байх. Түүнийгээ өвөрмонголчууд нь сонсдоггүй. Хятадууд бүүр ч сонсдоггүй. Хамгийн гол нь төрөөс нь бодлогоор явуулж байгаа юм. Үндэстэн өөрсдийн соёлоо авч үлдэх бодлого гэж үүнийг л хэлнэ.

-Монголчууд нүүдлийн соёл иргэншлээсээ аль хэдийнэ татгалзаж, суурин соёлыг илүүд үзээд эхэлчихсэн юм биш үү. Хөдөө орон нутагт малчид цөөрч, бүгд л хот газрыг бараадах болсон шүү дээ. Үүнийгээ дагаад өв уламжлал, соёлоо давхар гээгээд л. Өнөөдөр шагайгаар нааддаг хүүхэд ер нь байгаа юм уу?

-Хүмүүс хот суурин газар луу тэмүүлээд нүүдлийн соёлоосоо холдоод байгаа нь тэдний буруу бас биш юм. Хотын бид дулаахан тохилог байшинд амьдарч байгаа. Тийм атал хөдөөний малчин өтөг бууцандаа холилдоод сууж байх ёстой гэж хандаж болохгүй. Адилхан хүн юм чинь бас л тийм амьдрал руу тэмүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ хүн төрөлхтөн хотжилт, тансаг амьдралаасаа залхаад анхдагч хэв маяг руугаа тэмүүлж эхэлж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд энгийн нам гүм амьдралыг илүүд үзээд, тэр зүг рүү тэмүүлж байхад бид сөрөөд явж болохгүй шүү дээ. Харин ч урдаас нь амдаж тосоод нүүдлийн соёл энэ шүү дээ гээд зогсч байх ёстой юм. Үүний тулд эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, урлаг соёлынхон, зохиолчид сайн ажиллах ёстой. Дэлхий даяар дулаарал, озоны цоорхой, энэ их дуу чимээ, ган гачиг, байгалийн эвдрэл сүйрэл орчин үеийн үйлдвэржилт, мөн соёл иргэншилтэй холбоотой гэдгийг ойлгож эхэлсэн. Социализмын үед биднийг үзэл суртлаар барьж байсан шиг яг одоо дэлхийг эргүүлэхэд энэ зарчим эргээд хэрэгтэй юм.

-Өв соёлоо хадгалан үлдэж, үр хойчдоо өвлүүлэхийн тулд бид ер нь яах ёстой юм бэ?

-Юуны түрүүнд хувь хүмүүсээ соён гэгээрүүлэх хэрэгтэй. Үүний тулд сэтгүүлч, зохиолч, түүхчид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёл, түүхээ үнэн бодитоор нь гаргаж тавих ёстой. Тухайлбал, Хүннүгийн үеийн олдвороос бидний мэдэхгүй технологиор хийсэн алт мөнгөн эдлэлүүд гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр хүннүчүүд харанхуй, бүдүүлэг, мунхаг бус эсрэгээрээ аугаа соёл иргэншилтэй байжээ. Харин бид л дэргэд нь мунхарчихаад байгаа юм биш үү гэх бодлыг хүмүүсийн толгойд суулгаж өгөх нь чухал. Бас нэг жишээ байна. Өнөөдөр малчид морио орхиод хятад мотоцикль унадаг болжээ. Харин МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалай санаачлан “Морьтойгоо явцгаая” аяллыг хийсэн. Аяллын хүрээнд нэг багаас 50 морьтой хүн, нэг сумаас 500 морьтой хүн гарч ирж байна. Үүнийгээ дагаад дарьганга хийцтэй монгол эмээл эргэн сэргэж байгаа юм. Морь унасан хүний 200 булчин нь ажиллаж эрүүл саруул байдаг гэдэг. Хамгийн гол нь эхлээд оюун бодолдоо ойлгоод ухамсарлачихвал хуучны эд өлгийн үнэт зүйлээ авч үлдэх нь их амархан.

-Уран бүтээлч хүний хувьд түүхийн нэвтрүүлэг хийж явахад шинээр олж мэдсэн зүйл юу байна вэ. Түүнээсээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Зөндөө л байна. Сүүлийн үед Ноён уулын алтыг ашиглана, ашиглахгүй гээд бөөн л юм болж байна. Тэгвэл үүнийг ашиглахгүйгээр барахгүй таг дарах ёстой юм. Ноён уулыг яагаад ийнхүү нэрлэсэн учир нь эрт дээр үед дээдсийн ихэсийн газар байсан юм билээ. 1950 онд манай алдарт археологч Хөдөөгийн Пэрлээ гуай ухаад Хүннүгийн үеийн олдвор гаргаж ирсэн. Энэ нь тухайн үедээ нээлт байлаа шүү дээ. Үүнээс хойш 1970,80,90-ээд онд Хүннүгийн үеийн булшнаас ямар их олдвор гарав. Тиймээс Ноён уулыг Монголын төр “царцаах” л ёстой. Би нэг жишээ хэлье. Франц улсад нэг агуй байдаг юм. Тэнд эртний арслан зааныг улаан зосоор дүрслэн зурсан хадны сүг зураг байдаг. Үүнийгээ францчууд дэлхийд ганц хосгүй эд гэж зарлаад битүүмжилчихсэн. Гэхдээ хажууд нь дуураймлаар хийж тавиад жуулчдад үзүүлдэг. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн түүнийг нь үзэхээр өдөрт хэдэн зуун мянган ам.долларыг зарж байна. Тэндээсээ Франц улс үлэмж их ашгийг олж байгаа юм. Тэгвэл яг тийм дурсгал Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуйд байна. Арслан заан, эвэрт хирсийг бас л зосоор зурчихсан. Тэр зосны найрлагыг өнөөдөр хүртэл олж мэдэж чадаагүй байна. Хусаад ч арилдаггүй. Яг л тийм дурсгал манайд байна шүү дээ. Гэтэл бид тэр түүхийн дурсгалт зүйлээ шувууны сангасанд даруулаад л сууж байна. Тэгвэл Ноён уул хажууд нь үнэхээр гайхамшигтай. Хүн төрөлхтний соёл иргэншил Төв Азид үүссэн гэдгийг батлах зүйл Монголд байна гэдгийг дэлхийд зарлачихаад гадны жуулчдад үзүүлээд сууж байхад жилд хэдэн тонн алт ухсанаас хамаагүй илүү мөнгийг олж болно. Бас Оюу толгойн хажууханд бүхэл бүтэн хадны сүг зургаас бүтсэн уул байна. Ховд аймгийн Манхан сумын доохон талд орших Ишгэн толгой гэх газарт далайн ёроолд байсан нялцгай биет тэр чигээрээ чулуужаад үлдсэн байдаг. Энэ мөн л дэлхийд хосгүй олдвор. Харамсалтай нь түүнийг хэн нэг нь аваад алга болсон. Үүнээс гадна хажууханд нь хадны сүг зургаас бүтсэн бүхэл бүтэн толгой байдаг. Бас л харамсалтай нь Юнитель компани холбооны цамхагаа дээр нь барьчихсан. Ингээд бодохоор XXI зуунд амьдарч байгаа хүмүүсийг зэрлэгээс зэрлэг, харанхуй бүдүүлэг гэж хэлэхээс өөр арга алга байна. Монгол Улсад бүхэл бүтэн сүг зурган галлерей байна шүү дээ.

-Монголын минь ийм түүх дурсгалын зүйлс сүйдэн алга болж байгааг хараад л сууж байх ёстой юу. Ер нь энэ мөнгөний нийгэм чинь хүний айж эмээх бүхнийг тархи толгойноос нь аваад хаячихдаг юм биш үү? Ноён уулын булш бунхан битгий хэл саяхныхаа хутагт хувилгааны занданшуулсан шарилыг худалдах гэж байгаад баригдлаа шүү дээ.

-Тантай санал нэг байна. Ер нь төр засгийн зүгээс онцгой анхаарахгүй бол улаан цагаандаа гарсан этгээдүүд улам олшрох төлөвтэй байна. Нэвтрүүлгийнхээ судалгааг хийгээд явж байхдаа энэ бүхнийг олж мэдээд өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрдөг. Тэгэхдээ зүгээр сэтгэл өвдөж байна гээд суухыг боддоггүй. Би өөрийнхөө чадах чинээгээр улс орондоо хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Анх Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг хадны сүг зургийн тухай “Сар анх мандсан нутаг” нэртэй баримтат кино хийсэн. Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын малчид Алтайн нурууныхаа ар шилд гарч зусахын тулд тэмээгээр нүүдэг. Зам харгуйнх нь хувьд машинаар хүрч болохооргүй нарийн жимтэй. Тэмээний нүүдлийг дагаад ачлага, татлага, хом, шатнаас эхлээд нүүдэлд зохиоцсон эд хэрэгсэл байна. Хэрвээ тэмээгээр нүүхээ больвол энэ их эд өлгийн зүйл дагаад алга болно. Тиймээс “Тэнгэрийн нүүдэл” нэртэй баримтат кино хийсэн. Хүн эх орныхоо төлөө  өөрийн хийж чадах бүхнээ хийх л учиртай. Тэгж чадвал эх оронч гэнэ. Худлаа хий дэмий халаглаад яваа хүнийг эх оронч зүрх сэтгэлтэй гэж хэлэхгүй.

Би саяхнаас Баруун Ойрд, Урианхай, Торгууд, Захчин, Өөлд түмний хурим найрын зан үйлийн талаар баримтат кино хийж эхэлсэн. Эхний ээлжинд Урианхайн хурим найрын зан үйлийн талаар кино хийлээ. Одоо Захчин түмний хуримын ёс заншлыг харуулсан кино хийх ажилдаа ороод байна. Аливаа улс үндэстний соёлыг оршуулгын болон хурим найрын зан үйлийнх нь үеэр харж болно. Хурим найрын зан үйл дээр ардын дуу хуур, тоглоом, наадгай, таавар, үлгэр, хувцас хэрэглэл гээд бүгд багтдаг. Оршуулгын зан үйлийн үеэр хүндэтгэлийн болон сэтгэлгээний соёлын зүйлс нь харагддаг юм. Телевизээр шууд оршуулгын зан үйлийг үзүүлэх нь тохиромжгүй болохоор эхний ээлжинд Баруун Монгол ардын хурим найрын зан үйлээр баримтат кино хийж байна. Магад хэрэгтэй гэвэл оршуулгын зан үйлийг ч үзүүлнэ. Энэ мэтчилэн миний нас хүрдэг л юм бол хийхээр төлөвлөсөн ажил их байна. Гэхдээ хүний наслах тоо хязгаартай шүү дээ. Нэгэнтээ шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор Бямбын Ринчен гуай

“...Мундашгүй эрдмийг сурахад нас даанч богино

Мунхагуудын дунд суухад нас даанч урт...” гэж хэлсэн байдаг. Энэ үнэхээр үнэн үг юм шүү дээ.

-Хоёулаа сэтгүүлчийн хөдөлмөрийн талаар ярилцъя. Сүүлийн үед үзэг цаас нийлүүлж үзээгүй хэрнээ өөрийгөө сэтгүүлч хэмээн цоллогчид их болж. Тэгвэл таныхаар сайн сэтгүүлч ямар шаардлагыг хангах ёстой юм бэ?

-Юуны өмнө бичдэг хүнийг сэтгүүлч гэнэ. Ядаж мэдээ ч гэсэн бичдэг байх ёстой. Мэдээ бичнэ гэдэг амаргүй шүү. Дээхэн үед манай ахмад уран бүтээлчид тийм хүмүүсийг микрофоны хөл гэдэг байсан юм. Бичдэг хүний сэтгэлгээ нь, хэлж ярих нь цэгцтэй байдаг. Одоогийн зарим сэтгүүлчид ховч авгай шиг болсон байна. “Хүүе тэр тэгсэн гэнэ. Тэр хоёр салсан гэнэ” гэх мэдээллийг нийгэмд цацна. Бүр бичлэгийн хэв маяг нь хүртэл “гэнэ шүү” гэж төгсөх юм. Яахав тийм бичлэгийн төрөл жанр байж болно. Гэхдээ бүх нийтээрээ тийм болчихож болохгүй. Ялангуяа улсын, төрийн байгууллагыг төлөөлж байгаа хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид утга зохиолын хэллэг ямар байх ёстой тэр л зарчмыг мөрдөх учиртай.

Сэтгүүлч гэж сэтгэдэг хүнийг хэлнэ. Огт сэтгэдэггүй модон толгой хүний өмнө гарчихаад дэмий балай юм чалчаад байх нь утгагүй. Миний хувьд МҮОНТ-д анх сэтгүүлч, орчуулагч Б.Шаравнямбуу гэж хүний “зарц”-аар очиж байсан юм. Тэр хүний тамхи тарианаас эхлээд бүх юманд нь гүйдэг байлаа. Ингэж явахдаа бичлэгийнх нь, хэллэгийнх нь арга барилыг суралцаж байж жилийн дараа сурвалжлагч гэдэг орон тоон дээр очсон. Сурвалжлагчаар гурван жил ажилласныхаа дараа редактор болсон. Редактор гэдэг өөрөө бичдэг, хүний бичсэнийг засварладаг, нэвтрүүлгийн хувь заяаг хариуцдаг хүнийг хэлнэ шүү дээ. Тэгэхээр сурвалжлагч, редактор, ахлах редакторын зиндааг тогтоомоор санагддаг юм. Ер нь би сэтгүүлчдээ сэтгэдэг, уншдаг байгаасай гэж хүсдэг. Манайхан ном уншихаа болиод интернэтээс мэдээлэл авдаг болжээ. Интернэтээс авсан мэдээлэл толгойд тогтдоггүй. Харин ном гэдэг их амьд. Хүн хэрэгтэй зүйлээ хайж олоод доогуур нь зураад ч болов харж тогтооно. Тэгэхээр ялгаа байгаа биз.

-Би таныг мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон хүмүүсийн нэг гэж хэлнэ. Тэгвэл хүн дөрвөн жил сурсан мэргэжилдээ хэрхэн эзэн нь болох ёстой юм бэ?

-Нэг талаар би өөрийгөө азтай хүн гэж боддог. Миний бүх багш нар их агуу хүмүүс байсан. Хамгийн мундаг багшийгаа би ээжийгээ гэж боддог. Миний ээж нэгдүгээр ангийн ч боловсрол эзэмшээгүй хэрнээ их ухаантай, ардын билэгтэй хүн. Одоо 86 насыг зооглож буй сайхан хөгшин бий. Ярих хэлэх бүртээ дандаа хоршоо, холбоо үг хэлж, ардын зүйр үгээр үр хүүхдүүдээ сургадаг. Өглөө биднийг сэрээхдээ хүртэл

“...Муу хүний нойр их

Мулгуу хүний шүлс их гэгчээр яасан их унтдаг юм” гээд л сэрээнэ. Энэ бүх сургаал нь надад их хэрэг болсон. Нэгдүгээр ангид ороход анхны А үсэг заасан багш маань заах аргын асар өргөн мэдлэгтэй хүн байсан. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын ангид ороход шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор Б.Ринчен, академич Ш.Лувсанвандан, МУ-ын Гавьяат багш Чой.Лувсанжав, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам гээд монгол хэл утга зохиолын аугаа хүмүүсээс их зүйлийг сурсан. Сургуулиа төгсөөд МҮОНР-ийн Урлаг соёлын редакц гэх гайхамшигтай том газар ажилд орсон. Монголын радиогийн Урлаг соёлын редакци гэдэг тухайн үедээ хоёр дахь зохиолчдын хороо гэгддэг байлаа. Түүгээр яруу найрагч, орчуулагч, Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид, СГЗ Б.Явуухулан, С.Пүрэв, яруу найрагч М.Цэдэндорж зэрэг утга зохиолын мундагууд орж гардаг. Хөгжмийн зохиолчдоос гэхэд зууны манлай хөгжмийн зохиолч, МУАЖ Л.Мөрдорж, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав, нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин төрийн шагналт С.Гончигсумлаа гуай орж гардаг ёстой л бурхад чуулсан том өргөө байсан юм. Тэр сайхан хүмүүсийн үгийг сонсч явснаараа би азтай. Үүний дараа МҮОНТ-д орж ирэхэд найруулагч С.Бадрах, Б.Бадар-Ууган гэх томчуудын тоосон дунд орж өнөөдөр өдий зэрэгтэй сэтгүүлч гэгдэж яваа юм. Тиймээс би мэргэжилдээ эзэн болохоос өөр аргагүй.

-Та яриандаа аялж жуулчлах дуртай гэж байсан. Уран бүтээлийн ажлаар олон л газраар явж үзсэн байх. Хамгийн сайхан байгаль хаана байв?

-Хилийн байгаль их сайхан. Яагаад гэхээр эх орны дархан сэжүүр болох улсын хилд хилчид эх орноо хүний нүдний хор орохоос хамгаалж байдаг тул онгон дагшнаараа, талхлагдаагүй байдаг. Хилийн бүх л хэсэгт байгалийн өвөрмөц сайхан тогтоцууд бий. Өмнөд хил дээр Орвог гашууны бор толгойг нэрлэмээр байна. Баруун хязгаарт Алтай таван богд, Ёлтын болон Даянгийн заставын хариуцсан хэсгийн байгаль, Холбоо нуур, Хурган нуур, Ховд голын эхийг би аугаа гэж хэлнэ. Монгол шарын даваанаас нааш Шишгэдийн хотгортой залгаа их сайхан газар бий. Түүнийг би бурханы орон гэнэ. Зүүн тал руугаа Соёлз уулын Модот хамар, Буйр нуурын наана зөвхөн шар цэцэг ургадаг хэсэг газар байдаг тэр ямар бурхны адис жанлаваар тэгж бүтсэн юм бүү мэд. Би гурван гантай зун очиход тэр шар цэцэгс нь хэвээрээ байсан. Нөгөө Цэгцэрийн шар тал гэж тэр байх. Эх орны минь дөрвөн сэжүүрт ийм сайхан байгаль байна шүү дээ.

-Та улсынхаа хилийг хараа сунган хамгаалж байдаг хилчдийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хилчид хамгийн эх оронч хүмүүс. Эх орон гэж хий хоосон цээжээ дэлддэг хүмүүсийн дэргэд жинхэнэ сэтгэл зүрхээрээ, биеэрээ эх орноо хамгаалж яваа нөхдүүд. Хил дээр зогсох хилчинд хааны зэргийн эрх мэдэл байх ёстой. Яагаад гэвэл хааныг, түүний ард иргэдийг хамгаалж байдаг хүмүүс бол хилчид. Тиймээс төр засаг хил хамгаалалт руугаа бодлогоо чиглүүлэх л учиртай. Миний амьдарч байгаа зууны хамгийн мундаг хилчин уулын спортын ОУХМ, бэлтгэл дэд хурандаа Н.Жуков. 1990 онд улс орны эдийн засаг хямарч зах зээл гарахтай зэрэгцэн хил зөрчигчид маш их орж ирдэг болсон. Алтай таван богдын хязгаараар “хил онгойхоор” /цас хайлахаар/ дунганчууд их орж ирдэг байсан юм. Дунганчууд гэж мусалман шашинтай, хятад иргэд. Баян-Өлгийн казахууд шашин нэгтэй болохоор тэднийг хилээр орж ирэх үед нь хилчдэд мэдэгддэггүй байсан. Ийм үед тэдгээр хил зөрчигчдийг илрүүлж баатрын зэрэгтэй гавьяа байгуулсан хилчин юм. Бэлтгэл дэд хурандаа Н.Жуков шиг олон хилчин байгаа гэдэгт итгэлтэй явдаг. Яг түүн шиг 100 хилчин байхад Монгол Улсын хил дархан байна. Сэтгэл нь байна, зориг нь байна, мэргэжлийнх нь чадвар байна шүү дээ.

-Хилийн багана, хилийн зурвас дээр очиход танд хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрдөг бол?

-Би анх  гурван улсын хилийн уулзвар дээр оршдог хилийн багана дээр очиж байлаа. Гурван улсын хилийн баганын өнцөгт бүрт яг л адилхан газар шороо, байгаа шүү дээ. Гэтэл энэ нь Монголынх, Оросынх, Хятадынх гэж зааглахаар хүн төрөлхтөн дэндүү аминчхан ч юм шиг санагдаж билээ. Гэхдээ нарийн бодох юм бол хил зааг гэж байхаас өөр аргагүй юм. Яагаад гэвэл өөр өөр шашинтай, хэл соёлтой хүмүүст үзэл бодлын, яс цусны ялгаа байгаа. Төрийн Соёрхолт зохиолч З.Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байвал Монгол баян” гэж үнэхээр онож хэлсэн. Улс үндэстнийг бие биенээс нь ялгадаг зүйл нь нэгдүгээрт хил нь, хоёрдугаарт хэл нь, Монголын тухайд гуравдугаарт мал нь. Хятад хүний тухайд бол магадгүй луу нь, орос хүний хувьд хус мод нь байж болох юм.

-Эх орон гэх агуулга хүний сэтгэлд үнэхээр том орон зайг эзлэн оршдог. Таны хувьд эх орны үнэ цэнийг хэрхэн дүгнэх вэ?

-Буриадууд эх орныг тод томруунаар “Тоонот” гэж илэрхийлсэн байдаг. Эхийн хэвлийгээс унахад хүйг нь авч боогоод гэрийнхээ хаяанд газар ухаад булчихдаг. Тэгээд хүүхэддээ чиний тоонот энд байгаа шүү гэдгийг нь захиж хэлдэг. Бид бүхний орчлонг онож төрсөн газар шороо минь Монгол шүү дээ. Миний хувьд Монгол дотроо Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ганц модны тасархай гэдэг газар. Энд миний дэлхийтэй холбогдсон холбоос байгаа. Унасан газар, угаасан ус гэдгийг баттай ухамсарлаж, хүй цөглөсөн газартайгаа уяатай байдаг улс бол монголчууд. Тиймээс би монголчуудыг цөөхөн хэрнээ чансаалаг ард түмэн гэж хэлнэ.

Мянган хониныхоо захад суугаа малчин хүн сэтгэлдээ дэлхий ертөнцийг бөмбөрүүлэн бодож байдаг гэдэг. Харин тэрбум хүн дотор төрж өссөн хүн өнөөдрөө л бодож байдаг гэж сонссон. Эх орон гэж минийхээр үүнийг л хэлнэ. Хятад хүнийг байлд гэж тушаахаас нааш эх орныхоо төлөө гээд пулемётын амыг цээжээрээ тагладаг нь тун цөөхөн. Монгол хүн бол сэтгэл зүрхнийхээ угаас эх орноо хамгаалж байдаг. Үгүй ядаж ардаа байгаа гэр бүлээ бодоод сэтгэл зүрхнийхээ дуудлагаар босч ирдэг. Цэрэг дайны үеэсээ л монгол хүнд эх оронч үзэл суучихсан. Миний ард эх орон, эхнэр, хүүхэд минь байгаа тул надад ухрах эрх байхгүй гэсэн ухамсар сэтгэлд нь бат суусан байдаг. Яг үүнтэй адил монгол хилчин хүнд ийм ухамсар бий.

-Хилээр явж байсан үеийн дурсамж олон л байдаг байх. Түүнээсэээ нэгийг нь хуваалцаач?

-Хэдхэн жилийн өмнө өмнөд хилийн заставаар явсан юм. Тэгэхэд заставын цэргүүд гадаа ор засч өгөөд бид орой сар хараад хэвтэж байхад сэтгэлд янз бүрийн юм бодогдож байсан шүү. Тэр дундаа эх орныхоо хязгаарт хэд хонож үзэх юм сан гэх бодол төрсөн. Би 20 гаруй жилийн өмнө бэлтгэл хилчин Н.Жуковт зориулан “Харуул-Алтайн харуул” гэсэн баримтат кино хийсэн юм. Түүний хэлж ярьсан зүйлийг сонсч байхад хилчин байна гэдэг нь тэнгэрийн бошго юм гэж бодогдсон. Хүн бүр хилчин болохгүй. Хил дээр очоод дотроос чинь эх орноо гэсэн боргилсон сэтгэл буцлахгүй л юм бол магад буугаа хаяад зугтаж мэднэ. Шүүлэн булагийн застав дээр Загийн шард хатгуулчихаад даргадаа хэлэлгүй гурав хоносон цэрэгтэй таарч байлаа. Түүнд “Хариуцсан хэсгийнхээ хилийг би хаяах учиргүй” гэсэн сэтгэл байсан болоод л даргадаа хэлэлгүй нуусан байх гэж бодогдсон.

-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе?

-Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч гуай Монгол Улсын хилийн дөрвөн захын цэгийг их гоё “зурж” хэлсэн байдаг.

“...Алтай таван богдын мөнх цагаан оргилоос

Аварга халимны сэрвээ шиг буйрын мөнгөн долгион хүртэл

Арал тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас

Алтан элс молцоглосон Овоо ингэний ус хүртэл

Эх сайхан нутаг минь бий...” гэж эх орныхоо 8252 км хилийн хэсгийг гайхамшигтай дүрслэн хэлсэн. Тиймээс хилчиддээ эх нутгийн чинь ширхэг чулуу бүр та бүхэнд данстай явдаг юм шүү гэдгийг захимаар байна.

М.Уранбайгаль

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.24.239) 2016-01-24 21:59
      • 0
      • 2

      Odoogiin setguulchid hovoor amidardag, yag unen heljee.

      Хариулах

    • 181818

      (93.157.122.116) 2016-01-24 18:25
      • 0
      • 4

      Shan yariltsalga boljee. Setgyylch gj ene hymyysiig l nerleh bh daa

      Хариулах