ХҮН-ын дарга С.Ганбаатарын мөрөөдөл гацаж болзошгүй

Twitter Print
2016 оны 01-р сар 22-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Дарханаас бие даан нэр дэвшиж торойтол ялалт байгуулсан гавьяагаараа өнөөдөр “Хууль зохиож” яваа С.Ганбаатар “Аль нэг улстөрийн хүчинд харьяалагдахгүй” гэсэн тангарагаасаа няцаж саявтархан “Өрхийг нь татаж, үүдийг нь нээсэн” Хөдөлмөрийн үндэсний намынхаа дарга болсон.

Мэдээж мэдлэг мэргэжилтэй олон сэхээтнийг араасаа дагуулсан С.Ганбаатар даргын хувьд маш том амбиц тээж яваа гэдгээ шулуухан зарласан билээ. ХҮН-ын дарга С.Ганбаатарын хувьд 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг авах, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Монгол Улсын ерөнхийлөгч болохоор зүтгэж эхлээд байгаа.   УИХ дээр өөрийнхөө хэлсэн ярьсан зүйлдээ эцэст нь ороогдож, эрх баригчид болон сөрөг хүчнийхний тоглоом, шоглоомын дайралтад өртөөд байдаг “Босоо Ганбаа” энэ удаа бас л өөрийнхөө эхлүүлсэн хуульд эцэст нь өөрөө мад тавиулж болзошгүй болчихоод байна. Товчхондоо “Босоо Ганбаа” дэндүү эрдэж, дэндүү эртдэж эрмэг зоригтой мэдэгдэл хийсэн нь талаар болж мэдэхээр болчихлоо. Учир нь саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулийн санаачлагчдын нэгний хувьд тэрээр баруун гараа өргөж уг хуулийг баталсан биш ирээдүйн мөрөөдлийн ялалтуудаа бас л баруун гараараа баллуурдаж орхих шиг боллоо.   

Хэл ам болж баталсан Сонгуулийн тухай хуульд “УИХ-ын сонгуульд сүүлийн гурван жил тогтмол үйл ажиллагаа явуулсан улстөрийн нам оролцоно” гэсэн заалт байгаа. Энэ бол улсад бүртгүүлээд гурван жил болсон нам УИХ-ын сонгуульд оролцож болно гэсэн үг биш юм.

Мэдээж аливаа улстөрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авахад л оршдог. Тэгэхээр сүүлийн гурван жилийн хугацаанд Монголд өрнөсөн шат шатны сонгуульд С.Ганбааарын удирдаж байгаа ХҮН хэрхэн яаж оролцсон бэ гэдэг нь мэдээж эхний үзүүлэлт байх учиртай. Тухайн үед ХҮН чухам хаана байж, ямархуу улстөрийн тэмцэл явуулсан хэрэг вэ. Тухайлбал Хамгийн сүүлд, Багануур, Налайх зэрэг дагуул хотуудад болсон орон нутгийн сонгуульд ХҮН-ын сураг ч гараагүй нь энэ намыг хүчгүйдүүлэх, цаашлаад ирэх сонгуульд албан ёсоор оролцох хууль эрхзүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрүүлж эхлээд байна.

Улстөрийн намын тогтмол үйл ажиллагаа бол тайлан бүртгэл, гишүүдээс татвар цуглуулах, хааяа нэг хуралдах бус хамгийн гол нь улстөрийн томоохон сонгуульд өрсөлдөх, тэгээд тодорхой хэмжээний ялалт байгуулж эрх мэдлийн үзүүрээс атгалцах гэсэн улстөрийн тэмцэл л байдаг. Тэгэхээр ХҮН-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатар өөрөө удирдаж байгаа намаа ирэх сонгуульд оролцох эрхийг нь хаасан хуулийг батлалцсан нь гарцаагүй болж байна. Энэ өнцгөөс харвал УИХ-ын гишүүн С.Ганбаатар даргатай Хөдөлмөрийн үндсэний нам 2016 оны УИХ-ын сонгуулийг өнжих бүрэн магадлалтай юм. Хэрвээ УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцох эрхээ давхар хаалгаж таарна. Товчхондоо эрхэм гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийнхөө мөрөөдөл, ирээдүйн томоохон карьерт цэг тавьсан Сонгуулийн тухай хуулийг батлалцаж, Ерөнхийлөгч болох замдаа бул хар чулуу овоолжээ.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.204) 2016-01-22 18:11
      • 0
      • 0

      Босоо Гамбаар хэт ирдэж байна Асуудал шийдэгдэх болоогүй шүүдээ

      Хариулах