"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ

Twitter Print
2016 оны 01-р сар 22-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг  Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.

Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэж тус төвийн дарга О.Мөнх-Оргил нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа  бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Цаашид нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ.

Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээний нэгдсэн программд хөгжүүлэлт хийх, нэгдсэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад үе шаттайгаар сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэллээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ 7 хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдээс маш их дэмжлэг авч байгаа. Төр иргэндээ тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг харуулсан томоохон жишээ нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болсон. Тиймээс энэ төвийн үйлчилгээг улам илүү сайжруулах, үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах нь  чухал гэдгийг онцлов.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг улам сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.