Хөтөлийн ажилчид хэцүүдэж эхэлжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 22-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын цементийн ууган үйлдвэр Хөтөл хүчин чадлаа сайжруулж жилд нэг сая тонн цемент хуурай аргаар боловсруулан гаргаж эхэлсэн ч санхүү, хөрөнгө мөнгөний гачаал, урьд өмнөд дарга нарынх нь хулгай, луйвраас шалтгаалан өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа талаар тус үйлдвэрээс саяхан цомхотголоор халагдсан Хөтөл тосгоны иргэн Д.Ганболд бидэнд утсаар ддорхи мэдээллийг дамжуулав.

Түүний мэдэгдэж байгаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр саяхан 130 ажилтнаа тодорхой үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Ажлаас халагдсан иргэд  Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэтэл сүүлийн таван жил Нийгмийн даатгалыг нь  үйлдвэрийнх нь зүгээс төлөөгүй байсан аж. Улмаар  ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл шүүхэд хандсан хэдий ч  гомдлыг нь хэрэгсэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Ажилчдын нийгмийн даатгалын 500 сая орчим төгрөгийг Хөтөлийн цементийн үйлдвэрийн Г.Батдорж тэргүүтэй өмнөх захирлууд нь хувьдаа шамшигдуулсан бөгөөд одоогийн удирдлагууд нь нөхөн төлөх боломжгүй гэж мэдэгджээ. 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис" бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжиж байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн онд бүрэн хувьчлах байгууллагуудын жагсаалтад оруулсан нь эрх ашгийн ихээхэн зөрчил дагуулжээ. Хуурай аргаар  цемент боловсруулах өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд оролцож байсан н.Эрдэнэбаяр захиралтай “Бейзмент” компани 2011 онд Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьчлалын тендерт ялалт  байгуулснаар 10 жилийн гэрээ байгуулж, эдүгээ тус үйлдвэрийг бүрэн эзэмшдэг аж.

Нийтдээ 900 гаруй ажлын байртай байсан цемент шохойн үйлдвэр хувьчлагдсан цагаасаа хойш хямралд өртөж,  одоо сул зогсолтын байдалд шилжээд байгаа юм байна. Тиймээс үйлдвэрээс дахин 300 ажилтныг халахаар яригдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөл өндөртэй тул ажлаас  халагдсан иргэдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож байгааг ажлаасаа халагдсан Д.Ганболд дахин дахин дурдсан юм.

Ажилчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж буйтай холбогдуулан телевизүүд үйлдвэр дээрээс  шууд сурвалжлагыг хэд хэдэн удаа бэлтгэж байсан хэдий ч хаалтын гэрээ хийж, мэдээллийг цацуулаагүй гэх баримтыг ч Д.Ганболд дэлгэсэн юм.

Одоогийн байдлаар цементийн үйлдвэртээ түшиглэн аж амьдралаа залгуулдаг Хөтөл тосгоны айл өрхүүд бүхэлдээ хямралын байдалд шилжиж, ажлаас гэнэт халагдах вий гэсэн айдастайгаар сул зогсолтоо өнгөрөөж байгааг дурдсанаар бидний яриа өндөрлөв. Монгол Улсын цементийн үйлдвэрийн тулгын чулууг тавьж, олон жил үйл хэвийн үйл ажиллагаа явуулсан Хөтөлийн цементийн үйлдвэр ийнхүү хувьчлалын шуурганд өртөж, хэдхэн хүний хоол болоход ойртож байгаа ажээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.