Нэр цэвэр ганц сайд

Twitter Print
2016 оны 01-р сар 21-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын хурлын сонгуульд ялимгүй олонхи буюу парламентын 76 суудлын 33-ыг хэрүүл тэмцэл, зарга заальхайтайгаар өөрийн болгосон өнөөдрийн эрх баригч АН-ын тухайд замын дундаас МҮАН-аас Д.Батцогт, МАН-аас Д.Арвин нарыг урвуулж, эгнээндээ нэгтгэснээр ямар ч гэсэн 35-уулаа болсон.

Ингээд парламентад ялимгүй олонхи болсон гавьяагаа үнэлүүлж, намаа энэхүү ялалтад хөтлөсөн Н.Алтанхуяг дарга Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болж, 2012 оны наймдугаар сарын 20-нд АН-ын 14, ИЗНН-ын нэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дөрөв, нийтдээ 16 яам, 19 сайдтайгаар Шинэчлэлийн Засгийн газраа байгуулсан түүхтэй.

Ихээхэн эрээвэр хураавар гишүүдээс бүрдсэн Шинэчлэлийн Засгийн газрын сайд нараас тухайн үедээ Монголын нийгэм, ард түмэн Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон Л.Гантөмөр нарт тун их найдлага тавьж, эрс шинэчлэл, зоримог өөрчлөлтийг хүлээж байсан билээ.

Явцын дунд уужуухан сийрэг ухаан, улстөрч хүнд байх ёстой хамгийн гол чанар болох уян хатан, алсын хараатай цэгцтэй бодлого, юм бүхэн рүү дайрч давшилсаар харайлгаж ороод байдаггүй хүлээцтэй дөлгөөхөн зан аашаараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинээс эрс ялгарч, хоёр салбарт хийгдсэн шинэчлэл, ажил хэргийнх нь гүйцэтгэл ч өдөр шөнө шиг ялгагдаж эхэлсэн. Тухайлбал Хууль зүйн салбарт эхлүүлсэн Х.Тэмүүжиний шинэчлэл замын дундаас гацаанд орж, өнөөдөр гэхэд таг зогсоод Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжавын дэглэлтээр үргэлжилж байгаа бол Л.Гантөмөр сайд Монголын боловсролын салбарыг дэлхийн түвшинд хүргэхээр өнөөдөр ч аядуу зөөлөн хэрнээ цэгцтэй, ажил хэрэгч бодлого, төлөвлөлтөөр салбараа итгэл төгс удирдан чиглүүлж явна.

Дэлхийд тэргүүлэх боловсролын системийг Монголдоо нутагшуулахаар эргэлт буцалтгүй, цэгцтэй ажиллаж байгаа Л.Гантөмөр сайдын талаар цөөн үгээр танилцуулахад тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэр дэвшин УИХ-ын сонгуульд гурвантаа ялалт байгуулсныхаа дараа Ерөнхий сайдын тамгыг дөнгөж гардаад байсан Н.Алтанхуяг дээр шулуухан явж ороод “Би Боловсрол, шинжлэх ухааны сайд болъё” гэж хэлсэн гэдэг. Чухамдаа түүнтэй өрсөлдөх нэр цэвэр, хамгийн гол нь боловсролын салбарт зоригтой эрс шинэчлэл хийх чадвартай эрхэм тэр үед түүнээс өөр үнэндээ байгаагүй юм.

Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсноор “АН-аас нэр дэвшин УИХ-д гурав дах удаагаа сонгодож, Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа Монгол төрийн залгамж халаа, шинэ залуу, өндөр боловсролтой улстөрчдийн нэг” Л.Гантөмөр Монголын боловсролын салбар, ялангуяа сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах анги, их дээд сургуулийн сургалтын чанар, багш нарын ажиллах орчин, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх Монгол Улсын боловсролын тогтолцооны шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн шигээ, итгэл төгс удирдаж явна.

Увс аймгийн Улаангом сумын унаган Л.Гантөмөрийг  Япон боловсролтой цөөхөн гишүүдийн нэг гэдэг. Учир нь тэрээр 1996 онд Япон улсын “Сэндай” коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн “Нагаока” технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд энэ жил 43 настай. Сонирхолтой нь тэрээр  улстөрч болсноосоо хойш УИХ-ын сонгуульд ганц ч удаа Увс аймгаас нэр дэвшиж байгаагүй.

Тэрээр ажил байдлын тодорхойлолтоо доорхи байдлаар гаргасан байдаг. “Л.Гантөмөр миний бие 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан. Харин 2012 оны наймдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа. 20 настай байхдаа япон хэлийг сайн сурахын тулд өдөрт 100 үг цээжилдэг байснаа улам баяжуулж, хожим нь их дээд сургуульд дэлгэрүүлэн эзэмшснээр өнөөдөр Англи, Орос, Япон хэлийг хэрэглээний түвшинд эзэмшсэн” гэжээ. 

Л.Гантөмөр анх улстөрд орохдоо би “Монгол Улсыг Япон шиг хөгжилтэй болгоно” гэж ярьж байж. Одоо тэр Японы боловсролын системыг монголд хэрэгжүүлэхээр эхлэлийг тавьчихаад ажиллаж байгаа. Түүний үзэж байгаагаар 20 жилийн дараа Монгол Япон шиг хөгжилтэй, боловсролтой болох боломжтой гэнэ.

Тэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайд болсныхоо дараахан ярилцлага өгөхдөө “Хүүхэд бүрийг хүчээр сургадаг бус харин сурахад нь тусалдаг, хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг сонсдог системийг бий болгоно” гэсэн байдаг. Ингээд “Дөрвөн жилийн хугацаанд Монголын боловсролын системийг уг үндсээр нь өөрчилж чадна, амжуулна” гэсээр ханцуй шамлан ажилдаа орсон. Одоо зургаахан сарын дараа Л.Гантөмөр сайд Монголын боловсролын системийг хэрхэн шинэчлэв, ямар өөрчлөлт хийж, дорвитой ажил хэрэг болгосон нь чухам юу байна гэдгийг Монголын ард түмэн дүгнэж цэгнэнэ.    

Ямартай ч боловсролын шинэчлэлийн хүрээнд  "Авьяас", "Ном","Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг нийт Монголчууд саяхан өндөрлөсөн “Авьяаслаг Монголчууд” телевизийн шоунаас олж харсан.  Дархан хотын “Эгшиглэнт чимээ” хамтлагийн авьяаслаг бяцхан хөгжимчид, тэдний авьяасыг урмаар тэтгэж, зааж чиглүүлсээр Монгол даяар алдаршуулсан гавьяагаа үнэлүүлж төр засгаас Гавьяат багш цолоор шагнуулсан С.Жамъяанхорол нар бол яах аргагүй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр санаачилж өнөөдөр Монгол даяар амжилттай хэрэгжиж байгаа “Авьяас” хөтөлбөрийн үр шимээр өсч өндийж байгаа мянга мянган ирээдүйн их авьяастнуудын нэгэн төлөөлөл юм.

Л.Гантөмөр сайд УИХ-ын зарим гишүүн шиг хэзээ ч популизм хийж, цээжээ дэлдэн гүйсэнгүй. “Боловсролын салбарын шинэчлэл надгүйгээр хэрэгжихгүй байсан” гэж өнөөдрийг хүртэл ганц үг чулуудсангүй. УИХ-ын чуулган дээр хэн нэгэнтэй хэрэлдэн маргалдаж, дуугаа чангаруулсаар эцэстээ салаавч гаргаж доошоо орсонгүй. Төр, түмнийхээ буянд бузар, шуналын хар гар дүрж, цүнх цүнхээр мөнгө хулгайлж завшсангүй.

Шинэ цагийн ойворгон баячууд, сайн дурын улстөрчид шиг алдарт, манлай уяач болж төрийн ажил таслан морины хөлс хусаж зогссонгүй.

Харин тэрээр чадварлаг, итгэлтэй багаа удирдаж дэлхийн тэргүүний боловсролыг Монголд нутагшуулах их ажлынхаа эцсийн үр дүнг “Монгол Улсыг ухаж барагддаг газрын баялаг биш, ХХI зууны шилдэг боловсрол эзэмшсэн, ирээдүйдээ итгэлтэй оюунлаг Монгол хүн хөгжүүлнэ” хэмээн итгэлтэй хэлж, зоригтой урагшилж явна.

Чухамдаа нэр, гар цэвэр Л.Гантөмөр шиг оюунлаг сайд, дарга нар чадварлаг удирдаж, цэгцтэй бодлогоор зангидаж чадвал Монгол Улс “Цэнгэлийн манлай”-д хүрэхэд ойрхон л байна санж.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ватаа

      (27.123.214.124) 2016-01-22 18:39
      • 0
      • 0

      Ийм сайдтай байхад мөн ч сайхандаа . Амжилт хүсэе

      Хариулах

    • 568999999

      (182.160.36.24) 2016-01-22 15:21
      • 0
      • 0

      Юу ч хийдэггүй, санаачилгагүй, шийдвэр гаргаж чаддаггүй хүн, залуу хүний шинжгүй

      Хариулах

    • Зочин

      (182.160.35.205) 2016-01-22 10:52
      • 0
      • 0

      баасаараа нэр цэвэр байдгийн. Боловсролын байгууллагыг алж байж

      Хариулах

    • зочин

      (112.72.12.14) 2016-01-21 23:49
      • 0
      • 1

      ur dungee ogch bgaa shuu tand bayarlalaa

      Хариулах

    • зочин

      (112.72.12.19) 2016-01-21 23:49
      • 0
      • 1

      ur dungee ogch bgaa shuu tand bayarlalaa

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.239) 2016-01-21 22:14
      • 0
      • 1

      Saihan bichij.

      Хариулах