Намын нэрийн ард нуугдагсад

Twitter Print
2016 оны 01-р сар 22-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Яарч сандран Сонгуулийн тухай хуулиа өөрчлөн баталсан Монголын улстөрчид буюу парламентын 76 гишүүн өнөөдөртөө “За ямартай ч ирэх сонгуульд өрсөлдөөн багатайхан шиг ялалт байгуулж, дахиад дөрвөн жил санаа амар амьдарч болох нь” гэсэн шүү юм бодоцгоож, өдөр хоногийг өнгөрүүлж яваа. Тэдний олонхид улстөр, эдийн засаг, засаглалын гүнзгий хямралд орж дороо дэвхэцсээр байгаа Монгол төрд шинэ залуу улстөрчид хүч түрэн орж ирэх, ядаж л засаглалын хямралыг засч сайжруулах, улсынхаа эдийн засгийг алсын бодлого, нарийн зохицуулалттай хөгжүүлье, ард түмнийхээ амьдралыг сайжруулъя гэсэн чин зорилго, хүсэл тэмүүлэл байхгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй.   

Өнөөдрийн улс орны байдал, ард түмний амьдралын доройтолд 1990 онд нийгмийн байгууламжаа сольсноос хойш Монгол Улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн тогтолцоо сайн, муу үүргийг хослон гүйцэтгэж байгаагаараа хамгийн их нөлөөтэй. Монгол Улсад парламентийн засаглал жинхэнэ утгаар төлөвшиж эхэлсэн 1992 оноос УИХ-ын сонгуулийг дан ганц можаратор системээр явуулж ирсэн нь ихээхэн хэл ам, алдаа завхрал дагуулж байна гэсээр 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог буюу можаратор, пропорцианал хосолсон системээр анх удаа явуулсан билээ.

Можаратор системээр сонгууль явуулахад улсын хэмжээний 76 тойрогт өрсөлдөн ялалт байгуулсан 76 гишүүн бүх ард түмнийхээ шууд санал хураалтаар тодорч, УИХ-ын эрхэм гишүүнээр сонгогддог байсан. Сонгогчдын саналыг луйвардах, мөнгө, бэлэг сэлт тараах, сонгуулийн тойрогт ажиллагсадыг худалдаж авах замаар элдэв янзын будлиан гаргадаг байсан ч можаратор системийн сонгуулиар ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогддог байсан тэр механизм нь эргээд харахад арай л илүү ардчилсан, шударга сонголт байжээ.

2012 оны УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан 48 гишүүнээс гадна намын нэрсийн жагсаалт буюу пропорцианол системийн ард нуугдсаар УИХ-ын гишүүн болсон 28 эрхэм энэ  өдрүүдэд чухам хаана юу хийж яваа нь ёстой л “чөтгөр бүү мэд” болчихоод байна. Хуучных шиг тойрогтоо очиж иргэд, сонгогчидтой уулзаж тэдний санал бодлыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэх юм байх биш намын нэрийн ард нуугдагсад  ёстой л нэг “сулдаа ганхаж яваа” нь тодорхой.

Намын нэрийн ард нуугдан УИХ-ын гишүүн болсон МАН-ын ес, АН-ын 10, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн долоо, ИЗНН-ын хоёр нийтдээ 28 эрхэм нийт УИХ-ын гишүүдийн 20 хувь нь болж байгаа. Намын жагсаалтын ард нуугдсаар  өнөөдөр  “УИХ-ын эрхэм гишүүн” гэгдэж яваа энэ 28 хүний тал хувь нь монголын улстөрд гавьяа байгуулах цаг нь өнгөрсөн өвгөчүүл байгаа бол тал хувь нь гудамжны улстөр хийж явсан гавьяагаа дарга нараараа үнэлүүлж, аз нь шовойгсод  юм. Ажлаа хэнд тайлагнах нь тодорхойгүй, тухайлсан дэмжигч, сонгогчгүй  намын жагсаалтынхан  тойргоос сонгогдсон гишүүд  нь иргэд сонгогчидтойгоо уулзахаар хөдөө орон нутгийг зорьдог үед ёстой л  юу дуртайгаа хийж, цаг нөхцөөж суудаг. Тухайлбал “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын гишүүд уулзаж ажлаа тайлагнаж  санал хүсэлтийг  нь сонсох сонгогч байхгүй учир БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан намын дарга Н.Энхбаярыг байн байн эргэж, монголдоо ирвэл гэрийнх үүдээр эргэлдэн эхнэр О.Цолмонгийнх нь сэтгэл санааг тайвшруулсан шиг энэ парламентын ихэнх хугацааг өнгөрүүлсэн. Ялангуяа АТГ-аас Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугар нарын гэрт нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар хамгаалагч цагдаа нартай ёстой л нэгийгээ үзэлцэж байсныг Монголчууд их багагүй харцгаасан. УИХ-ын гишүүн, тэгээд ч эмэгтэй хүний биед  халдаж зүрхлэхгүй гэж тооцолсон УИХ-ын гишүүн, тэр үед НББСШУ-ны байнгын хорооны дарга байсан З.Баянсэлэнгэ ямар ч гэсэн цагдаа нарын хамгаалалтыг давж Н.Энхбаярын гэрт орж дөнгөж л байсан санагдана.

Ер нь намын нэрээр УИХ-д орж ирсэн тойроггүй гишүүдийн ихэнх нь иймэрхүү л ажил амжуулсаар дөрвөн жилийг дуусгах гэж байна. Саяхныг хүртэл УИХ-ын гишүүд  нэг туслах, зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байсан. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд ч мөн адил аймаг болгонд хоёр бие төлөөлөгчтэй байв. Харин Шийдлийн Засгийн газар бүх талаар хэмнэлтийн горимд шилжих бодлого баримталснаар эрхэм гишүүдийн бие төлөөлөгч, туслах, зөвлөх нарын тоо арай жаахан цөөрсөн. Гэхдээ тойрогтой гишүүдийн хоёр бие төлөөлөгч тойроггүй гишүүдийн бие төлөөлөгчдийг бодвол хамаагүй их ажлын ачаалалтай байдаг тул можаратор, пропорцианал системээр сонгогдсон гишүүдийн дунд бие төлөөлөгчдийн тоо, хөрөнгө мөнгөний асуудлаар томоохон  маргаан зөрчил өрнөж хэсэгтээ л бужигналдсан юмдаг. Ер нь ч намын жагсаалтаар УИХ-д автоматаар орж ирсэн тойроггүй гишүүдэд хоёр ч бие төлөөлөгч гарган өгч, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан үрэлгэн тогтолцоо бүрмөсөн үгүй болсон гэхэд эргэлзээтэй.

Тухайлбал шинэчлэгдэн батлагдсан Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс, үлдсэн 28-ыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилах өмнөх тогтолцоог үндсэнд нь хэвээр нь хадгалсан тул ингэж хардахаас өөр аргагүй болж байгаа юм.

Харин өмнөхөөсөө өөрчлөгдсөн нэг заалт орсон нь нэр дэвшигчид сонгогчдын саналын 28 хувийн босго тогтоодог байсныг арилгасан. Энэ нь тойрогтоо 28 хувийн санал авч чадаагүйгээс сонгууль дахин явуулдаг байдлыг хязгаарлана гэж үзсэнээс үүдэлтэй. Үүнээс гадна намууд нийт нэр дэвшигчийнхээ 30-аас багагүй хувьд эмэгтэйчүүдийг оруулах үүрэг хүлээсэн. Мөн саналын хуудсыг тоолох асуудлаар АН, МАН-ынхан зөвшилцөж тохиролцсоны үндсэн дээр нийт саналын 50 хувьд техникийн гар тооллого хийхээр болсон. Гэхдээ автомат машинаар болон хяналтын гар тооллогын санал зөрвөл, автомат машины үр дүнг хүлээн зөвшөөрөхөөр болсон.   

Эцсийн эцэст намын нэрийн ард нуугдсаар УИХ-д шууд орж ирсэн тойроггүй, тухайлсан сонгогчгүй, ажлаа хэнд тайлагнах нь тодорхойгүй 28 сулдаа ганхсан гишүүдийг  эргүүлэн татдаггүй юм гэхэд тэдэнд зориулах төсөв мөнгийг тодорхой хэмжээгээр танаж,  тойрогтой гишүүдэд зарцуулах нь шударга ёсонд нийцнэ. Ер нь ч тэгээд намын нэрийн ард нуугдан суусаар  хууль тогтоох дээд байгууллагад орж ирдэг энэ гажиг тогтолцоог даруйхан өөрчлөх шаардлагатай гэж ард түмэн чадлаараа тэмцсэн ч эрх баригчид, хийгээд ирэх сонгуульд заавал ялалт байгуулна  хэмээн шүд зууж яваа МАН-ынханд тийм улстөрийн ноён нуруу, ард түмнийнхээ санаа бодлыг хүндэтгэх эр зориг, итгэл найдвар энэ удаа байсангүй. Эцэстээ 2012 оны сонгууль 2016 онд ч давтагдах нь тодорхой болов. Монголын улстөрчдийн үнэн нүүр царай иймэрхүү л байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.