Буриад зоны баясгалан төгөлдөр эмэгтэйчүүд

Twitter Print
2018 оны 02-р сар 26-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Зарим улс үндэстэний гарал үүсэл ямар нэгэн домогтой холбогддог. Тухайлбал Ромул, Римул хэмээх ах дүү хоёрыг өлөгчин чоно тэжээж өсгөсөнөөр эртний Ром улс үүссэн гэдэг домог бий. За тэгээд киргизүүд цагаан барын удам, япончууд болон эртний ацтекууд нарны бурханы удам гээд л цуварч өгнө. Хамгийн ойрын жишээ гэхэд л бидний монгол угсаатан тэнгис далайг гаталж ирсэн Бөртэ чоно, Гоо маралын удам. Үүн шиг Буриад зон мөн л өөрийн гэсэн домог түүхтэй ажээ. Ингээд Буриад зоны түүхэнд домог болж үлдсэн зарим нэг эмэгтэйн тухай өгүүлье.

Будан хатан ээж буюу хун шувууны охин Ховоши 

Түүхэн баримт материалуудад тулгуурлан Буриад зонын уг гарвалыг үлгэр домог, археологи, этнографийн талаар авч үзэж болно. Домог ярианы үүднээс авч үзвэл Асуйхан, Удган хэмээх хоёр хүн айл гэр болон аж төрөн амьдарч байжээ. Тэгээд хоёр хүү төрүүлсэний нэг нь Буриадай, нөгөө нь Хорьдой бөгөөд ах Буриадай нь сүрлэг өндөр уулын орой дахь Жүд модон дотор амьдардаг гоо үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйтэй ханилан сууж Эхирээд, Булгад хэмээх хоёр хүү төрүүлжээ. Эхирээд нь найм, Булгад нь зургаан эцгийн овог үүсгэсэн гэдэг. Харин Хорьдой нь Байгаль нуурын Ойхон (Ольхон) арал буюу Якутын “Садантын цагаан нуурын” орчим газар хун шувууны охин Ховоши гэгчтэй ханилан сууж арван нэгэн хүү төрүүлсэнээр Хорьдой буюу Хорийн арван нэгэн эцгийн овгийг үүсгэсэн гэж домоглон ярилцдаг. Тэгээд Бух ноён аавтай, Будан хатан ээжтэй билээ гэлцдэг. Хорь түмэд Хорьдой мэргэний тухай бас нэгэн домогт өгүүлэхдээ “Өнө эртний цагт Байгаль нуурын хөвөөнд Хорь түмэд, Хорьдой мэргэн гэдэг ах дүү хоёр амьдран суудаг байжээ. Нэгэн цэлмэг сайхан өдөр Хорь түмэд нь Байгаль нуурын эргээр явж байтал зүүн хойд зүгээс есөн хун шувуу нисэн ирж нуурын захад бууж усанд орж зугаалахдаа гоо үзэсгэлэнтэй есөн охин болжээ. Хорь түмэд нуугдан очоод хун шувуудын хувцаснаас нэгийг авч нуужээ. Нөгөө охид уснаас гарч хун болон нисэн одоход нэг охины хувцас байхгүй байсан учир арга буюу үлджээ. Нуугдан харж байсан Хорьдой мэргэн тэр охин дээр очиж хувцасыг нь өгөөд харин хун шувуу болдог өмсгөлийг нь өгөлгүй нууцалжээ. Тэгээд тэр хоёр дотно танилцаж гэр бүл болж сайн сайхан амьдарч, арван нэгэн хүү төрүүлжээ. Нэгэн цэлмэг сайхан өдөр эхнэр нь юм оёж, нөхөр нь ширмэн тогоонд хоол хийж байжээ. Гэтэл эхнэр нь нөхрөөсөө хун шувуу болдог өмсгөлийг минь өгөөч гэж гуйсан байна. Нөхөр нь өмсгөлийг нь өгөхөд түүнийгээ өмсөнгүүт хун шувуу болж гэрийнхээ тооноор нисэн гарахад нөхөр нь хар хөө болсон тогооныхоо бариулаар хоёр хөлийг нь самардаад алдахдаа “Чи минь явбал яв даа. Харин төрүүлсэн арван нэгэн хүүдээ нэр өг” хэмээжээ. Үүнийг сонсоод хун шувуу болсон эхнэр нь “Хүгдүүд, Галзууд, Хуацай, Халибан, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана” гэж нэрлээд “Та нар минь үеийн үед аз жаргалтай, сайн сайхан амьдрах болно” гээд нисэн оджээ. Ийнхүү Хорийн арван нэгэн овог үүссэн гэж домоглон ярилцдаг бөгөөд Байгаль нуурт нутаглаж байсан Барга баатарын дунд хөвгүүн Гүр Буряадын нэрнээс үүсэлтэйгээр “Буряад” зон үүссэн хэмээн судлаачид үздэг билээ.

Хори Буриадын домогт хатан Балжин

Монголын эртний хатдын дотроос Хори Буриадад гүнж болж очсон Балжин хатны түүх нэлээд өвөрмөц юм. Буриадын домгуудад өгүүлснээр бол өвөг дээдсээ Хиад боржигоны нэгэн адил Бөртэ чоно, Гоо марал гэнэ. Ер нь аль ч түүх судрыг нь сөхөөд харвал “Бөртэ Чоно, Гоо маралаас угшилтай Хорилардай мэргэн хэмээх хүү нь Баргажин-гуа гэдэг хатантай байжээ” гээд л цааш хөвөрнө. Монголын нууц товчоонд ч бас “Хорилардай мэргэн Баргажин гуа нэрт хатантай билээ. Тэдний охин Алунгоо болно” гэж бичигджээ. Монгол овог аймгууд нэгдэхээс өмнө Баргажин төхөмд нутагласан Түмэд аймаг нь Хори овгийнхонтой нэгдэн аж төрж байв. Энэ үеэс тэднийг Хори-түмэд гэх болжээ. Баргажин төхөм нь одоогийн Оросын Буриадын нутаг буюу Байгаль нуур орчмын хэсэг бөгөөд энд 12-13-р зуунд Төгөлус, Булгачин, Хэрэмчин аймгууд нутаглаж байгаад 1207 онд ойн иргэдийн хамтаар Монголын их нэгдэлд элсэн оржээ. Гэхдээ зарим нь Чингисийн эсрэг босч явсан удаатай. Чингис хаан Хятадыг дайлаар мордох үед Хори-түмэдүүд хааны ордонд бослого гаргаж, их эзний итгэлт анд Борохулыг хөнөөсөн байлаа. Үүнийг Чингис хаан сонсоод ихэд хилэгнэж Дөрвөдийн Дөрбэй Доншинд Хори-түмэд аймгийг байлдан дагуулахыг зарлиг болгожээ. Ингээд Хори-түмэд иргэдийг эзэлсэний дараа Зүүн түмэдийг нь Борохулын гэр бүлийн мэдэлд өгч, Хори-түмэдийг одоогийн Хөх хотын зүүн хойд тал руу Өвөр Монголын нутагт шилжүүлэн нүүлгэсэн байдаг. Домогт Балжин хатны түүх намтар энэ л үеэс эхэлжээ. Түүний аав ээж нь Ордос, Хөх хот орчмоор нутаглаж байсан байна. Түүхч Тойсомын Галсан Балжин хатны үлгэр мэт сонирхолтой баримт, он тоолол, угсаатны зүйн мэдээллүүдийн мөрөөр мөшгөж судалсаар эцэст нь “Хори Буриадын домогт хатан Балжин нь Монголын Алтан гэгээн хааны охин бөгөөд Батмөнх даян хааны гуч, Мандухай Сэцэн хатны гуч охин болохыг тогтоов” гэсэн байдаг. Чингис хааны Өвөр Монгол руу шилжүүлэн нүүлгэсэн Хори-түмэд 16-р зууны эхээр эргэн ирж Онон голын доод биеэр нутаглах болжээ. Гэтэл энд эртнээс нутагшсан хамнигадууд дургүйцэж, улмаар тэмцэл тулаан хийх болсоноор Буриадын Бавж баатар тэргүүтэй хүчин хамнигадыг дийлж, хожим нь эвийн хэлэлцээр хийж найрсгаар аж төрөх болсон байна. Батмөнх даян хааны үед Барга, Буриадын зарим хэсэг нь Хянганы уулсаас Эргүнэ гол руу бас нүүсэн байлаа. 1580-аад оны үед буюу Батмөнх даян хааны дөрөвдүгээр үеийн Буянт Сэцэн хааны үед Солонгууд аймгийн захирагч Бүүвэй бэйл өөрийн хүү Дай хунтайжид үзэсгэлэнт бүсгүй Балжинг сүй тавин авч өгсөн байна. Ингэснээр Байгаль нуур орчмын овог аймгууд дотор буриадуудын байр суурь дахин бэхжих нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, арван зургаахан насандаа Дай хунтайжийн эхнэр болсон Балжин хатны инжинд Хөх хот, Шар мөрний хойд талаас Онон гол руу ирээд удаагүй байсан Хори буриадуудыг Түмэдийн мэдлээс салгаж, Байгаль нуур орчмын нутаг руу нь нүүлгэсэн байна. Инжиндээ бүхэл бүтэн үндэстэн ястаныг хамруулж байсныг бодоход Балжин хатан нь харь нутгийнханы харцыг булаасан хосгүй үзэсгэлэнтэй гүнж байсныг илтгэнэ. Балжин хатан тухайн үедээ Монгол угсаатныхаа тусгаар байдал, эрх чөлөөний төлөө Мандухай сэцэн хатан лугаа хурц ширүүн тэмцэл дундуур туучаагүй ч гэсэн овог аймгийнхаа хэмжээнд өөрийн гэсэн дуу хоолойг хадааж явсан нэгэн байжээ. Жишээ нь Балжин хатан өөрийн инж болох Хорийн 11 овгийн буриад зон олноо Байгаль нуурын хойд эрэгт суурьшуулахыг анх санал болгосон байдаг. Тэрбээр энэ тухай айлдахдаа “Эрхэм тайжтан та Хорийн буриад язгууртныг эцэг Бүүвэй бэйлийнхээ мэдлээс гаргаж, өөрийнхөө захиргаанд авч, албатаа болгох бус уу. Тэгсэн цагт би таны итгэлт хатан болно” гэж тулгаж байсан гэдэг. Ингээд бүх зүйл хатныхаар болж Дай хунтайж Балжин хоёрын амьдрал хэсэгтээ л амар тайван байсан байна. Гэвч эхнэр нөхрийн нандин харилцааны дундуур хар цагаан хэл ам, бэлгийн муу үйлийн сэдэл гээд зүсэн бүрийн адал явдал тохиох нь тэр. Дай хунтайжийн эцэг Бүүвэй бэйлийн хатан нас барсанаар хөгшин бэйл үзэсгэлэнт бэр Балжинд сэтгэл алдарч улмаар түүнийг хүүтэйгээ хувааж эдэлж хэрэглэх болсон байна. Энэ талаар Балжин хатны домгуудад янз бүрээр дүрслэгдсэн байх бөгөөд нэгэн домогт “Бүүвэй бэйл өөрийн бэр Балжин хатныг эр эмийн ажилдаа уруу татан ашиглахыг оролдож, хатныг дургүйцэхэд хүчээр эдэлдэг болов. Үүний хариуд Балжин хатан “Би эцэг хүү хоёрын эдэлбэр байж чадашгүй нь” гээд Бүүвэй бэйлийн эсрэг тэрсэлсэнээр хэрцгийгээр алагдав” хэмээжээ. Тэрбээр ёс бус үйлийн эсрэг амиа золин тэмцэхэд хэзээд бэлэн явсаныг эндээс харж болно. Монгол төрийн оршин тогтнох, бэхжих үндэсийн үндэс нь өрх гэр, овог аймгийн нэгдэл хэмээн Балжин хатан гүн бат ойлгож, үүнд ямагт үнэнч байхыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн гэлтэй. Бардам, дээрэнгүй, өрх гэрийн ёс горимыг умартсан Бүүвэй бэйлийн үнэн нүүр царайг ч тийнхүү илчилжээ. Үүнд нь өширхсөн Бүүвэй бэйл түүнийг цаазаар аваачсан байх бөгөөд үзэсгэлэнт хатныг зүгээр ч нэг цаазалчихсангүй. Домогт өгүүлсэнээр бол бүх биеийг нь мөчилж хуваагаад дөрвөн зүг, найман зовхист тараасан гэх бөгөөд үүний улмаас “Балжин толгой”, “Балжин хөл”, “Балжин гар”, “Балжин нуруу” гэх мэтийн нэртэй газрууд Буриадад бий болж, өдгөө ч эдгээр нэрээрээ нэрлэгдэж байдаг юм байна.

Захиас дуугаар зард гарсан Галхан Мандриева 

Орос, Манжийн хил тогтоогдсоноос хойш буюу 18-р зуунээс эхлээд Буриад зоны зарим хэсэг хил хамгаалах цэргийн үүрэг гүйцэтгэж, Манж нараас Оросын газар нутгийг хамгаалах болжээ. Ингээд цэрэг эрсийг хилийн харуулын албанд мордохын өмнөхөн Буриадууд дайчин эрсдээ зориулж үдэшлэг, цэнгүүн хийдэг байсан бөгөөд үүнд цэргүүдийг толгойлж явах занги дарга нарын эхнэрүүд эр нөхөртөө зориулж захиасын дуу дуулдаг байж. Үүний хариуд зангиар явж буй эр нөхөр нь “Тангарагийн дуу” гэж дуулах жишээтэй. Ийм сонин заншилтай байжээ. Харуул занги нарын дуунуудаас жинхэнэ дайчин эрсийн мөн чанар тодордог бол буриад эхнэрүүдийн захиас дуунуудаас эх орноо хамгаалагчдын гэргий хүний чин сэтгэлийн үг гэрэлтэнэ. Тиймээс Буриадын эх орончид хүнд хэцүү дайн тулааны үед захиасын болон тангарагийн дуугаа дуулж эрч хүч, зориг тэнхээ авдаг байжээ. Буриадын эрэлхэг дайчид Крымийн дайн,1904 оны Японтой хийсэн дайн, Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, 1939 оны Халхын голын дайнд оролцож явсан бөгөөд тэр бүгдэд захиасын болон тангарагийн дуугаа хадааж явсан байх ажээ. Буриад эхнэрүүдийн захиас дуунуудаас хамгийн алдартай, зард гарсан нь Занги Мөнхө Эрээновын эхнэр Галхан Мандриевагийн зохиосон дуу юмсанж. Уг дууны үгийг сийрүүлвээс: 

“Алтан шарга морёо
Амалан-хазаарлан ябаарай,
Албан зарада ябахадаа
Амяа табин оролсоорой!
Хурдан хула галданаа
Хударгалан-татан ябаарай,
Хубита албандаа ябахадаа
Хухара сабшан гараарай!
Боро хурдан галданаа
Бугуулдэрэн Унан ябаарай,
Богдойн дээрэмнэрээр ушархадаа
Бутара сабшан гараарай!” гэх жишээтэй. Захиасын дуу ганц үүгээр тогтохгүй. Занги Бальхай Баахановын эхнэр Бурхай Бархановын зохиосон дуу, Занги Улаахан Маариновын эхнэр Улаанай Урбановын дуу, Занги Етог Дэлэновын эхнэр Сэцэг Цыреновын дуу, Амагай Ошхиевын эхнэр Айдархан Адушины дуу, Номохой Мангатхановын эхнэр Ноголой Найрхановын дуу гээд л маш олон дуу байдаг юм байна. Мөн Занги Етог Дэлэновын эхнэр Сэцэг Цыреновын дуу гэж бий. Товчлон сийрүүлвээс, 

“Унасан гарасан дайдаяа
Унан оролсон аршалаарай
Утын хойто жаргалдаа
Умтарахабэй нэрэтэй болоорой!
Тоонтото баян дайдаяа
Турэн орон хамгаалаарай,
Тэншээ ашанадаа жаргалда
Баатар солоороо дуулдаарай!” гэх мэтээр Буриадын дайчин эрс өнгөрсөн зууны тэртээд бүсгүй хүний зохиосон ийм нэгэн дууг аялан давхидаг байжээ.

Дугар Тавхаевын дурлалт бүсгүй Хандама 

“Аяархан Анаахай Хандамаа
Аржытар мэндэеэ зураад табяа
Арбаадхан үгээрээ хандаж
Аргагүй яаралтай уряал захяа...” хэмээсэн аялгуу сайтай ийм нэгэн дууг Өвөр Монгол дахь “Шинэхээний буриад”-ууд одоо болтол дуулдаг юм байна.

1917 оны Октябрын хувьсгалаас дүрвэж Өвөр Монголын Шинэхээн гол хавьцаа очиж нутагласан буриадуудыг “Шинэхээний буриадууд” гэнэ. Энэхүү дуунд өгүүлэгдэн буй Хандамаа гэдэг нь бодит хүн юмсанж. Тодруулж хэлбэл Барон Унгерний ойрын туслах байж байгаад хожим түүний жанжин Атаман Семёновын баруун гар болж, түүнээс хурандаа цол хүртэж явсан Дугар Тавхаев хэмээх цөс ихт буриад эрийн дурлалт бүсгүй бол үзэсгэлэнт сайхан Хандамаа.

20-р зууны Монголын эхэн үеийн түүхэнд нэр нь тодхон дурдагдаж байдаг нэгэн бол Атаман Семёнов бөгөөд тэрбээр 1921 онд Монголд Ардын хувьсгал ялмагц урагшаа цэргүүдийнхээ хамт дүрвэж Манжуур, Хайлаарт очиж шингэжээ. Энэ үедээ Шинэхээний буриадуудаас цэрэг татаж, адуу малыг нь цэрэгт дайчилж нэг хэсэг бужигнуулсан юм байна. 1945 оны Чөлөөлөх дайн эхэлсэн бараг анхны өдрөөс л Зөвлөлтийн тагнуулчид атаманы хойноос мөрдсөөр Дайрен, Порт-Артур хотуудад нэгэн зэрэг агаарын десант буулгаснаар Атаман Семёновыг Дайрен хотын нэгэн байшинд цай ууж суухад нь баривчилжээ. Десантчидыг гэнэт дайран орж ирэхэд атаман мэлрэн гайхаж, өвдөгөн дээрээ халуун цай асгаснаа ч мэдрэхгүй суусан гэдэг. Ингээд түүнийг бүхий л бичиг баримт, залуу хатагтай болон шадар туслахуудынх нь хамт Манжуурын нийслэл Чанчун хотод онгоцоор авчирч, дараа нь Байгалийн чанад дахь фронтын штабт байцааж, эцэст нь дүүжлэн хороожээ. Чухам энэ үед л цөс ихт Дугар Тавхаев Атаман Семёновын хамт баригдаж, хамт дүүжлүүлсэн юм байна. Харин дурлалт бүсгүй Хандамаа нь түүнийг баривчлагдах үед хамт байгаагүй нь аз болжээ. Энэ эмэгтэй Хайлаарт үлдэж, маш урт насалж, саяхныг болтол амар жимэр амьдарч байгаад таалал төгссөн юм байна. Буриад зоны баясгалан төгөлдөр энэ эмэгтэйн тухай ийм нэгэн бүдэг бадаг мэдээлэлтэй байж байгаад саяхан Намсрайн Хандам хэмээх ная гаруй насны сайхан бууралтай уулзаж зарим зүйлийг тодруулав. Буриад улсын гавъяат эдийн засагч, Монгол улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Н.Хандам гуай Буриад зоныхоо ажилч, хөдөлмөрч, нэртэй цуутай эхчүүд, эмэгтэйчүүдийн тухай “Буян дагуулсан бурхан ижий нар” хэмээх ном бичсэн оюунлаг хүн ажээ. Тэр өгүүлэхдээ “Буриад зоны сайхан хүүхэн Хандамаагийн тухай олон дуу байдаг. Нэг дууг нь би Буриадын мянган дуунаас хайж хайж оллоо. Энэ хүүхэн бол Атаман Семёновын туслах явсан Дугар Тавхаев гэдэг хүний хайртай хүүхэн байжээ. Маш ухаалаг, их гоё хүүхэн байсан гэдэг юм. Тэгээд л буриадууд түүнийг аялгуу дуундаа мөнхөлж дээ.

Атаман Семёновын цэргүүд буриадуудаас цэрэг татаж, адуу малыг нь цэрэгт дайчилж байх үед нэгэн буриад айлд хэсэг хүн Семёновыг муу хэлж байх юм гэнэ. Тэр үед Хандамаа тэдний хажууд сууж байсныг цаадуул нь Дугар Тавхаевын эхнэр гэдгийг мэдсэнгүй. Тэгээд Хандамаа гэрээс гарахдаа “Одоо ч хамаагүй юм яриад яахав дээ. Юм гэдэг учиртай. Хожим учир нь тайлагдах биз дээ” гэж битүү утгаар Семёновыг өмөөрч байсан гэдэг. Атаман Семёновын хамаатан Ишбалжир гэдэг хүн одоо 90 нас дөхөж явна. Энэ хүн ч их юм ярина даа” хэмээв. Ямартай ч Хандамаа хэмээх нэгэн сайхан буриад эмэгтэй Шинэхээний буриадуудын зүрх сэтгэлд өдий болтол хурган байна. 

“Арынхаа хангайгаар агтынгаа
Амыг нь татангуй хүрээд байгааб
Алиахан зулгыхан угтуулаад
Амрагтаа зүрхэеэ абтан гайхаад 
Хажуухам хамаагүй Хандамаа
Хаашааш очихгүйб гэж хэллээ
Халуухан дураараа хазаарлагдаад 
Хазайхынш аргагүй үлдээб тэндээ” гэж уянгалуулан дуулдаг нь тэртээ нэгэн цагт энэ сайхан эмэгтэй Атаман Семёнов, Дугар Тавхаев нарын хамт Орост баривчлагдаж очилгүй, ёстой л “Хаашаа ч очихгүйгээр, Хазайхын аргагүйгээр Хайлаарт үлдсэн”-ийг нь илтгэх ажаам.

Аялгуу дууны ахай Дунгарай Сэмжүүхэй 

Хаа одов бүсгүй үрмн. Хайгаад олсонгүй яахаш. Хаалга балбан хэл ирэх нь басган юугийн нь шөнө дөлнээ хулгайлан одожш. Хүний хүн болох заяа бүсгүй хүнийх л хойно яахаш та минь. Бүсгүй үрээ гал голомтоо асаалаа гээд уйлахаш? хүнийх боллоо гээд баярлахаш? Гэвшиг одоод явахын сагт нюлимсаа барьж дийлэхамнай даанш чадаш үгүй. Уйлахты, уйлахты... Алад цэнхир хадгаан барив бишүү, аавын хөвүүн басган юугий минь гуйхаш. Бюруу хараж суулаа ч зөв хараж авахимнай үнэн юм. Гэвш өр зүрхнээ басганаа дэмий юунд өгөхсөн... Бэр гуйгсдын тэвшээрм үзхэш гэж эсэг хонинымнай бүтэн сүүлийм идүүлэхтий. Харыш зон олон, басганымнай авах гэж хэсүү бүхнийг даваж байна.

“Бюга намнаач нь манийд байна
Бюлга зүүгээч нь танийд байна
Энэ хоёр эрднийг нийлүүлэх аваас
Эрднийн сайхан хос болюлыта... Ерөөл бат оршихты”

Торгоноо ороош, тосноо умбуулан өсгөсөн маний басган нюүдлийн шювуунай адил өврөөс минь нисэн одлоош. Явуулж чадаш үгүй нь, бэр гуйгсад минь буцахты, басганамнай нютагтаан үлдэг, нас гүйцээгүй бишүү? Гэвш ижийдээн л нялхаараа үлдэмн. Хорь хүрсэн сэвгэр юуны нялх билээ. Холын газрыг зорхиш сэвгэр хүний заяа хойно, яалтай яалтай. Ижий аавтайгаа ахиш уулзах үгүйг хэн мэдэхш. Ам авахты, гушин гурван насамнай ижий аав, нютаг устай нь учруулахты. Сөгнөсөн архимнай уухты, сүүлийг үс ноосны цугаар хурдан идэж дуусахты... 

Энэ бол бяцхан жаахан басганаа айлд бэр болгож өгөх Буриад зоны ёсон болой. Эрд гараагүй охиныг басган гэнэ. Эртнээс янагш энэ мэтээр сэвгэр жаахан Сэмжүүхэйнүүд хүний хүн болж алс нутгийг зорьсоор иржээ. Сэмжүүхэй... Энэ нь бодит хүн ажээ. Манайхаар бол хөдөөгийн замаас булаагдаад ардын дуунд мөнхөрч үлдсэн Сийлэн бөөртэй төстэй. Эрт цагт эд мөнгөний шуналтай нэгэн буриад эр сайхан төрсөн Сэмжүүхэй нэрт басганаа алс холын хошууны нэгэн баян эрд өгч явуулжээ. Басганы инжинд багширсан их мал сүрэг ирсэн ч хойтон жилийнх нь зуднаар бүгд хиарч эдийн шуналт мөнөөх эр хоосорч холбирчээ. Мөн нөгөө басганыг худалдаж авсан эмийн шуналт баян эр Сэмжүүхэй хүүхнээ хөдөөгийн замаас дурлалт залууд нь булаалгуулаад эхнэр үгүй хоцорчээ. Ингээд эдийн шуналтай, эмийн шуналтай хоёр эр ингэж аль аль талдаа хоосорч, харин Сэмжүүхэй дурлалт залуугаа дагаад алсын алсад одсон гэх. Тэр цагаас хойш Буриад дуу болоод шүлгэнд Сэмжүүхэй гэдэг нэр цухалзах болжээ. Жишээ нь Гүрсоронз гэдэг хүний ая хийсэн нэгэн буриад дуунд, 

“Агсайн урдах тохойдоо амттай улаагана бөнжийнө
Адийн жаахан Сэмжүүхэй аашаа татаад бумбайна
Угалзарын урдах боохойдоо улаагана ягаараад бөнжийнө 
Улаахан хацартай Сэмжүүхэйн уруул нь ягаараад бумбайна” гэж өгүүлсэн бол Намсрай гэдэг хүний ая хийсэн “Сэмжүүхэй” дуунд, 

“Агаараа хунгийн ганганаа соо 
Алагхан морины минь заадан 
Ахай Дунгарай Сэмжүүхэй 
Айдархан сэтгэлд минь эргэлдэнэ 
Үүрийн шувуудын жиргээнд 
Үрээхэн морь минь үүрсэнэ 
Бааба Дунгарай Сэмжүүхэй 
Бодол зүрхэнд минь эргэлдэнэ...” гэж өгүүлжээ. Мөн Сэмжүүхэй гэдэг нэр шүлэг найрагт бас дурдагдсан байдаг. Жишээ нь Р.Чойномын “Буриад” найраглалын гол дүрийн эмэгтэй нь Сэмжүүхэй. Найрагч маань, 

“Насны залуу нарны тэртээд 
Найзлан дассан миний алдрай
Намайгаа санан дуулаа болов уу
Навтгар шархан Сэмжүүхэй...” гэж шүлэглэсэн бол түүхч, судлаач Тойсомын Галсан гуай, 
“...Эрдэнийн түлхюүр бариhан Сэмжүүхэй
Элигэ зүрхэнhөөмни гараналгүй ...
Хайратай жаахан Сэмжүүхэйе түрүүлэhэн
Халуун элигэн буряад түмэн
Хан Хэнтэй, Онон, Хурхын
Хатуу hахюуhата-Буряад Зон. 
Ай, хөөрэхэй Сэмжүүхэй
Алтан Ононой Сэгсүүхэй
Аяг зангайшни зохидхондо
Аргашье үгы абтаал hэмби...” гэх мэтээр Буриад аялагаар буулгасан байх аж. Ер нь Сэмжүүхэй гэдэг нь Буриад зоны шүлэг, дуунд бол “брэнд” болчихсон нэршил юм байна.

Тэмдэглэсэн Б.Ойдов

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.