Хууль тогтоох дээд байгууллагын “доод” гишүүд

Twitter Print
2016 оны 01-р сар 20-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Xууль тогтоох дээд байгууллага л гэх юм. Дээд байгууллагын гишүүд уг нь жинхэнээсээ дээд мэргэжилтэй, эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлтэй хүмүүс баймаар. Гэтэл одоо харж байхад хууль тогтоох дээд байгууллагт нь "доод" ёс суртахуунтай, хар толгойныхоо эрх ашгийг Монголын хөх тэнгэрээс тэртээ өндөрт тавьсан, нэлээн хэдэн "Амьгүй албат" донхойж сууна. Тэд биеэ голно гэж байхгүй тул ирэх сонгуульд бас л янз бүрийн хор хутгаж байгаад гараад ирэх санаатай ханцуй дотроо наймаалцаад эхэлсэн.

Өнөөдрийн эрх баригч АН-ын тухайд бүгдээрээ нийлээд ч саяхан ХҮН-ын дарга болсон “Босоо Ганбаа”-гийн рейтингийг гүйцэхгүй байгаа нь маргашгүй үнэн. Сүүлийн үед хийгдсэн судалгаа бүрт АН-ын рейтинг шалчийсаар л байгаа маргашгүй үнэнтэй эрх баригчид эвлэрхийг хүсэхгүй байгаа ч “Фортуна” Н.Батбаяр “Манай нам сонгуулийн луйвар хийхгүй л бол ялагдана. Энэ бодит үнэнээс хаашаа ч бултах аргагүй” гэж эрх баригч намынхаа өнөөдрийн байгаа байдлыг шулуухан хэлчихсэн.

Байдал ийм базаахгүй үед хаа хол Дубайд “Эрдэнэс Монгол” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ны Гүйцэтгэх захирал Да.Ганболд зэрэг албатуудаа дагуулан шөнө дөлөөр нисэн очиж Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан хэргээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцэх гэж байдаг.  

Тэгвэл өнөө оройн 18:00 цагт АН-ын ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан эхлэх учиртай. Харин ирц нь бүрдэх эсэх нь З.Энхболд даргаас шалтгаална. За тэгээд мэдээжийн хэрэг шөнөжин хуралдаж таарна, хэрэлдэнэ, гар зөруулж ч болзошгүй. 
Тэгээд маргаашийн УИХ-ын чуулганаар дутуу нойртой АН-ын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Энд жинхэнэ гал дүрэлзэнэ. Мэдээж УИХ дахь МАН-ын 25 гишүүн бүгдээрээ хуралд оролцож, дээр нь бие даагч 2, ХҮН-ын дарга С.Ганбаатар, "Шударга ёс" эвслийн Г.Уянга, Ч.Улаан, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нар Ч.Сайханбилэгийн эсрэг санал өгөхөөр 32 гишүүн болно. Цаана нь үлдсэн АН-ын 35 гишүүнээс Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Н.Алтанхуяг нарын бас л эргэлзээтэй хэдэн гишүүн бий. Тэгэхээр маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын З0 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд нэлээн халгаатай болж тун болзошгүй.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын тухайд байнгын хороодынх нь ирц бүрдэхгүйгээс байсхийгээд л тодорхойгүй хугацаагаар хуралдаанаа хойшлуулж, олон хүний цаг завыг бардаг болсоор удаж байгаа. УИХ-ын нэгдсэн чуулган ч цагтаа эхлэх нь “Нүдний гэм” болсон. Арга нь барагдсан З.Энхболд дарга ажлаас хоцорсон, тасалсан эрхэм гишүүдтэй хариуцлага тооцох тухай хуулийн төсөл боловсруулахыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт үүрэгдэж харагдсан. Уг нь хууль тогтоогчид ажлаа таслах бус, зурагтын дэлгэцээр өөрсдийг нь ажлаа хэрхэн ёс зүйтэй гүйцэтгэж байгааг нь орой болгон харж суугаа ард түмэндээ үлгэрлэж, ядаж л ажилдаа цагтаа ирдэг байх ёстой. Гэтэл ажилдаа цагтаа ирэх нь байтугай бүтэн сар гэгээн дүрээ харуулдаггүй, “шилрээд алга болдог” эрхмүүд хэд хэд бий. Тэдний тэргүүнд өмнөд, дунд говиос тодорсон эрхмүүд, төрийн сайд нар, баян цатгалан бизнесменүүд ханхайж байгаа.

Тэд өнөөдөр сонгогчдод нүүрс түлээ, ойр зуурын хэрэгцээний зүйл, бүр зарим нь орон сууц бэлэглэсэн шиг ирэх сонгуульд зовлонгүй шиг дахин торойгоод гарч ирэх бэлтгэлээ базаах нь хууль тогтоохоос илүү чухал ажил болчихоод, үндсэн ажлаа таг мартчихсан харайлгаж яваа. Иймэрхүү хууль тогтоогчдыг дөрвөн жил болоод л толгой дээрээ залаад байгаа учир гуравхан сая хүнтэй, 60 сая малтай, бүх төрлийн байгалийн баялагтай Монгол Улс хөгжиж дэвших биш өрөнд баригдаж, бүрэн дампуурахын өмнөхөн ирээд зогсчихоод байна.

Хүүхэд бүртээ 20 мянган төгрөг алагчлалгүй өгнө гэж дүвчигнэцгээсэн ч байхгүй мөнгөнийхөө үнэнд гүйцэгдэж, “Төсөвт тодотгол хийх замаар хүүхэд бүрт ­12 мянган төгрөг олгохоор зорьж байна” гэцгээж эхлэв.

Саяхан л “Тусгай хамгаалалтад авна” гэж байсан Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олох ашгийн 34 хувийг Монголын төр эзэмшинэ гээд байнгын хороогоороо дэмжчихлээ. Одоо УИХ-д оруулсан болоод олонхиороо хүч түрээд батлах нь тодорхой. Зөвхөн өнөөдөр л хэдэн төгрөгтэй болж, гадаад өрөө төлөхийн тулд хууль тогтоогчид нь ч, Засгийн газар нь ч нүдээ аниад үхэлдэн зүтгэж байна. Тэдэнд Монголын ирээдүй, бидний үр хүүхдүүдийн хувь заяа огтхон ч падлийгүй бололтой. Бид ийм л “Эрхэм гишүүд”-ийг толгой дээрээ тахижээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.