Ч.Улаан: Ч.Сайханбилэг огцрох ёстой

Twitter Print
2016 оны 01-р сар 20-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөөгүүр төрийн ордон нам гүм оргиж, их тулааны өмнөх шиг л дүнсийж байв. Гишүүд ч өрөө өрөөндөө бүгэж, ямар нэгэн чимээ анирлан суугаагаас зайлахгүй. Харин энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай халз тулгарч өнөөдөр үүсээд байгаа нөхцөл  байдлын талаар дараах яриаг хийсэн юм.

-Та УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн. Өчигдөр танай бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар 19 гишүүний гарын үсэг бүхий албан  бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Хүссэн хүсээгүй энэ бичигтэй холбоотойгоор улстөрийн нөхцөл байдал хурцдаж таарна. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Ерөнхий сайд буруу, алдаатай үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага тооцох эрх нь УИХ-ын гишүүдэд нээлттэй байгаа. Тэр л үүднээс Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар албан бичиг өргөн барилаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дур мэдэн Дубайд нисэн очиж Монголчуудын эрх ашигт нийцэхгүй, ихээхэн алдаатай гэрээ байгуулсан нь үнэн шүү дээ. Энэ асуудалд миний байр суурь төдийгүй МАХН-ын байр суурь маш хатуу. Бидний зүгээс Засгийн газар түүний тэргүүн Ч.Сайханбилэгт удаа дараа санал, шаардлага хүргүүлсэн боловч хүний урманд авч хэлэлцээгүй. Тэдгээрт гаргаж тавьсан бүх үндэслэлүүд хүчин төгөлдөр байгаа.

-Тэгвэл та Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа юмаа?

-Хоёр гараа өргөөд дэмжинэ гэсэн үг. Монгол Улсад туйлын хохиролтой энэ гэрээг засахын тулд Оюутолгойн ордыг Монголын хуулийн дагуу хамтран ажиллагч талуудад харилцан ашигтай байхуйцаар өөрчлүүлэхийн төлөө би саналаа өгнө. Ингэхийн тулд Оюутолгойг гадныханд зүгээр шахуу найр тавиад байгаа Ч.Сайханбилэгийг огцруулахаас өөр арга байхгүй.

-Сонгууль болоход зургаахан сар үлдээд байхад Засгийн газрыг огцруулах нь аль хэр оновчтой шийдвэр вэ?

-Бид асуудалд ихээхэн бодитой хандах ёстой юм. Хэрвээ энэ Ч.Сайханбилэг үнэхээр ард түмнийхээ төлөө, улс орныхоо төлөө зөв зүйтэй бодлого боловсруулж, тууштай ажиллаж чадаж байгаа бол аль болохоор тогтвортой ажиллуулахын төлөө бид бүхэн хамгаалж, гар нийлэн ажиллана шүү дээ. Гэтэл энэ хүн Монгол Улсын хуулийг санаатай зөрчөөд, огт буруу үйл ажиллагаа явуулж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг зөрчөөд байгаа тул нэн даруй өөрчилж, засах нь зөв.

-Энэ талаар МАХН-ын шийдвэр гарчихсан хэрэг үү?                                                    

-Намын шийдвэр гарсан гэж би огт дуугараагүй шүү. Зөвхөн хувь улстөрч Ч.Улааны байр суурь ийм байгаа шүү гэдгийг л хэлж байна. Дубайн гэрээ, ер нь Оюутолгойн гэрээтэй холбоотой миний байр суурь анхнаасаа ямар байсан одоо ч огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа.

-Ч.Сайханбилэгийг огцрууллаа гэхэд дараагийн хувилбарыг МАХН ч юмуу, УИХ-ын түвшинд ярилцаж байгаа болов уу? 

-Тэр талаар надад мэдэх зүйл алга. Ер нь ч сонирхоогүй. Хэдийгээр огцруулах тухай албан бичиг УИХ-ын даргад очсон ч эрх баригчид Засгийн газраа ямар нэгэн аргаар хамгаалаад аваад үлдэх боломжтой л доо. Мэдээж энэ асуудлыг ойрын үед УИХ-аар хэлэлцэж таарна. Тэгээд олонхийн саналаар л шийднэ шүү дээ.

-Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай МАХН-ын удирдлагууд уулзсан байна лээ. Үүнийг хоёр нам нэгдэж ирэх сонгуульд оролцох талаар дээд түвшиндээ ярилцаж эхэлжээ гэж ойлгож болох уу?

-Энэ талаар ямар ч мэдээлэл алга, би томилолтоор явж байгаад өнөөдөр ирсэн.

-Нийслэлийн  сонгуулийн тойргийн мандатыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Таны хувьд орон нутгаас сонгогддог гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг тал талаас нь нэлээн ул суурьтай, судалгаа нотолгоотой авч үзэх ёстой юм. Тухайлбал энд ямар шалгуурыг гол болгож байгаа юм, Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн ардынх нь тоо, бусад хүчин зүйлийг харгалзан үзсэн юмуу гэдгээ маш сайн ярилцаж олонхиороо шийдэх учиртай.

-Танай байнгын хорооны хурал ирц бүрдээгүй шалтганаар хэд хэдэн удаа хойшилсон. Энэ асуудлыг шийдэх гарц харагдана уу?

-Байнгын хороо болон, УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдэхгүй байх, цагтаа эхлэхгүй байх нь ганц энэ удаагийн парламентад тохиолдож байгаа асуудал биш л дээ. Урьд нь ч иймэрхүү асуудал гардаг л байсан. Ер нь гишүүдэд хариуцлага тооцдог механизмтай болж байж л энэ асуудал цэгцрэх юм шиг байна лээ. 

    Сэтгүүлч Д.Энхтүвшин

    E-mail: eegii1967@yahoo.com 

  Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (162.243.163.163) 2016-01-20 15:22
      • 0
      • 0

      Популизм бол тухайн цаг үедээ нийт массд тайлагдаж зөв мэт санагдах боловч алс хэтдээ улсын хөгжлийг хойш татдаг хортой зүйл. Дэлхийн олон улс популизмаас болж эдийн засаг, нийгэм төдийгүй батлан хамгаалахын хувьд ч хүнд хэцүү байдалд орсон түүхтэй. Иргэдийн эдийн засаг, улс төрийн мэдлэг боловсрол дээшилхийн хэрээр популистууд үнэгүй болдог. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл популист иргэдийн мэдлэг дутуу байдал дээр л тулгуурлан тоглолт хийж оноо авдаг гэдгийг хэлээд байгаам даа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-01-20 13:38
      • 0
      • 1

      АН-д л хохиролтой даа. МАН бол уухайн тас шүү дээ. АН-ын рейтинг унаж л байвал тэдэнд сайн. Арай унагаачихгүй байлгүй дээ. Тэгээд одоо ямар ч хувилбар алга. Аль нэгэн нам дангаараа эрх барих эрхийг ард олон өөрсдөө олгож чадаагүйнь засаг унах ийм эрсдэлд хүргэдэгийг олон түмэн ухаараасай.

      Хариулах