Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэл тайланг гаргажээ

2016 оны 01-р сар 18-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайдын тэргүүлдэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайланг баталдаг. 2015 оны арванхоёрдугаар сард тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2014 оны нэгтгэл тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцэж, 2016 оны ажлаа төлөвлөжээ. Энэ талаар Уул, уурхайн яамны СБТГ-ын дарга Н.Энхбаяр, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа нар мэдээлэл хийв.

Франц, Монголын хамтарсан “Кэй Пи Эм Жи” аудитын консорциум ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайланг тулган, баталгаажуулалт хийсэн байна. Тайланд олборлох үйлдвэрлэлийн төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулснаас гадна тусгай зөвшөөрлийн ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, хайгуул, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүч, орон нутгийн засаг захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний судалгаа, хөндлөнгийн дүгнэлтийг багтаажээ.

Дэлхийн 48 улс ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд уул уурхай, газрын тосны салбарын ил тод байдлыг багтаасан тайланг жил бүр гаргадаг. Монгол Улс 2006 онд анхны тайлангаа гаргаснаас хойш энэ жил ес дэх тайлангаа гаргажээ. 2014 оны нэгтгэл тайлан нь стандарт жишгийн дагуу гаргасан хоёр дахь тайлан бөгөөд цахим тайлангийн системийг нэвтрүүлж, бичил уурхай эрхлэгчдийн мэдээллийг анх удаа багтааснаараа онцлог аж.

2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 22 гэрээг 16 компани байгуулжээ. Компаниуд хуулийн дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй бөгөөд 992 компани тайлангаа хугацаандаа гаргаж, бусад компаниуд нь тайлан гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг судалгааны дүн харуулж байна.

Мөн онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна. “Алтан дорнод Монгол”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Оюу Толгой” компаниуд нь нөхөн сэргээлтэд хамгийн өндөр зардал гаргасан бөгөөд эдгээр компаниудын гаргасан зардал нь 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байгаа мэдээллийн үеэр дурдсан юм.

 

 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.