Замын дунд бүдэрсэн Засгийн газрууд

Twitter Print
2016 оны 01-р сар 16-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Удахгүй сар хүрэхгүй хугацааны дараа 2016 оны улстөрийн тэмцэл хурцдаж, хүссэн хүсээгүй хаврын синдром шуурч эхэлнэ. Хэрэлдэж хэлцэж, тохиролцож наймаалцсаар Сонгуулийн тухай хуулиа баталж, хэрхэн нэр дэвшихээ тодорхой болгосон улстөрийн намууд намын хурлаа зарлаж эхэллээ. Тухайлбал, МАН-ынхан сар шинээс өмнө намынхаа Бага хурлын товыг зарлах бол АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 27-нд хуралдахаар болов.  

Уг хуралдаанаар намын бүтэц зохион байгуулалт болон журам, АН ирэх сонгуульд ямар уриа лоозон барьж орох, ИЗНН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай яригдаж байна.  

ҮЗХ-ын хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад намын дотоод журам болон нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн асуудлыг хэлэлцэнэ гэв. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлыг ч ярилцах мэдээлэл байна. 

АН-аас ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүмүүсийг ямар нэг фракци, татвар харгалзахгүйгээр нэр дэвшүүлнэ хэмээн АН-ын дарга мэдэгдсэн ч фракциудын тохироо энэ үеэр явагдах нь тодорхой байгаа юм.

Гэтэл сүүлийн хоёр, гурав хоногт АН-ын ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл хүчтэй тарж байна. Ялангуяа Ерөнхий сайд сүүлийн өдрүүдэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх нь олширч, УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаанд сандруухан мэдээлэл хийсэн зэрэг нь түүний толгойлсон Засгийн газрын хувь заяа “Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа” гэсэн хардлагыг улам лавшруулж байгаа юм.

Уг нь 2016 оны УИХ-ын сонгууль болоход зургаахан сар үлдээд байгаа үед Засгийн газраараа оролдоод ямар ч олигтой үр дүн гарахгүй нь тодорхой билээ. Харин фракциудынх нь зөрчил байнга хурцдаж байдаг АН-ын хувьд зургаахан сарын өмнө яаж ч бужигнуулж болзошгүй. Тэдний хувьд “Засаглаж чаддаггүй” гэсэн базаахгүй гуншин байнга дагалдаж, одоо АН-ын үндсэн имиж болчихоод байгаа. Ямартаа л байнгын сөргөлдөгч МАН-ыг царайчлан байж Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газар байгуулсан ч хоёр жил гурван сар буюу 819 хоног Ерөнхий сайдаар ажиллаж “Засаглаж чаддаггүй” АН-ын хувьд хамгийн удаан Ерөнхий сайдаар тэсч ажилласан рекорд тогтоосон түүхтэй.

Тэгвэл “Засаглаж чаддаггүй” АН-ынхан хэрхэн төр барьсан болж, яажшуухан онхолдон унаж байсан базаахгүй түүхийг дахин нэг сөхөж үзье.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын найман ч Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй замын дунд огцорсноос зургаа нь АН-ынх, хоёр нь МАН-ынх байжээ.

М.Энхсайханы Засгийн газар

1996 оны УИХ-ын сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулжээ. Ерөнхий сайдаар МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болж ялалт байгуулсан МҮАН-МСДН-ын төлөөллүүд 50:50 харьцаатай орсон байдаг. Гэвч М.Энхсайханы Засгийн газар 1998 оны дөрөвдүгээр сард буюу, 643 хоног, жил есөн сар засаглаад огцорсон байдаг. Шалтгаан нь “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө хор найруулж, улстөрийн шийдвэр гаргаснаар М.Энхсайханы Засгийн газар огцорчээ.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар

М.Энхсайханы дараагаар МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ Засгийн газар яг гурван сарын настай байв. УИХ дахь олонхи, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг нэг сар дөрвөн хоног гацаасны эцэст нууцаар санал хурааж, УИХ-д 50 суудалтай олонхийн бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан байдаг.

Ж.Наранцацралтын Засгийн газар

Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди “Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн долоон удаа буцаасан түүхтэй. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдсон. Гэвч энэ Засгийн газар ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээгдэж огцруулсан билээ.

Р.Амаржаргалын Засгийн газар

1999 оны долоодугаар сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болов. Ийнхүү ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газрын нүүр үзэж “Засаглаж чаддаггүй”-ээ баталжээ. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болон нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байж. Чухам ийм эгзэгтэй үед Ардчиллын удирдагч С.Зориг алагдаж, Казиногийн хэрэгт УИХ-ын гишүүд холбогдон шалгагдаж, ялтан болж байв.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-тай эн тэнцүү суудал авсан. Иймээс УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд гурван долоо хоног зөвшилцсөний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50:50 хувиар хамтарч, Их эвслийн Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг нам, эвслүүд хоёр, хоёр жилээр ээлжлэн хаших тохиролцоонд хүрчээ. Энэхүү тохиролцооны дагуу Их эвслийн Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж дахин томилогдсон түүхтэй. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцээд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон Ард түмний намын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжсэнээр МАХН-Ардчилсан намын хамтарсан Их эвслийн Засгийн газар огцорчээ. Ийнхүү Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож чадсан ч 2004 оны наймдугаар сарын 20-ноос 2006 оны нэгдүгээр сарын 13-ныг хүртэл засаглаад дахин огцорсон байдаг.

М.Энхболдын Засгийн газар

АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн байгуулагдах Засгийн газарт АН, түүний гишүүд оролцохгүй гэсэн улстөрийн шийдвэр гаргаад байж. Шинээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт АН-ын гишүүн М.Энхсайхан Шадар сайдаар, М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар, Ж.Наранцацралт Барилга хот байгуулалтын сайдаар, Ард түмний намын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон ажиллажээ. АН-ын Үндсэн дүрмийн хороо АН-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж, өөрийн намын Засгийн газрыг огцруулж, өөрсдөө МАХН-ын дарга М.Энхболдын  тэргүүлсэн Засгийн газарт орж, энэ үйлдлээрээ АН-ын Үндсэн дүрмийн 16.2.3 дахь заалтыг зөрчсөн хэмээж АН-аас хөөсөн байдаг. Засгийн газрыг нэг талаас Үндэсний эв нэгдлийн гэж, нөгөө талд “Үхрийн бөөр шиг Засгийн газар” хэмээн егөөдөцгөөж байж. Энэ үед МИ-8 нисдэг тэрэгний осол, “Азийн чоно” архинд хордогсод, Хонгорын хордлого зэрэг дуулин хүчээ авч, салбарын сайд нь огцорно хэмээн мэдэгдэж, төд удалгүй үгнээсээ буцаж, Засгийн газрынхаа нэр хүндийг шороотой хутгаж байв.

Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар дараалан огцорч, улмаар Засгийн газрын тэргүүн М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2006 оны нэгдүгээр сарын 25-наас 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл засаглаад огцорсон түүхтэй.

Сү. Батболдын Засгийн газар

С.Баярын уламжлуулсан Сү.Батболдын Засгийн газрын МАХН, АН гэсэн хүчний харьцаанд өөрчлөлт гараагүй. Харин АН гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2012 оны хоёрдугаар сард Засгийн газраас гарчээ. Анх удаа МАН дангаараа Засгийн газар байгуулав. Энэ бүхнээс дүгнэхэд намуудын дотоодод гарсан улстөрийн шийдвэр улс орны амьдралд ямар их сөрөг нөлөө үзүүлдгийг өнөөдөр Монголчууд үүрч явна. МАХН 1996-2000 онд сөрөг хүчин байхдаа эрх баригчдад хүчтэй нөлөө үзүүлж байсан бол АН хэд хэдэн удаа зөвшилцөл, тохиролцооноосоо ухарч байжээ.

Ингээд Сү.Батболдын Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 29-нөөс 2012 наймдугаар сарын еснийг хүртэл ажилласан байдаг.

Н.Алтанхуягийн Засгийн газар

Түүхэнд хамгийн удаан хугацаагаар ажилласан АН-ын Ерөнхий сайд бол Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан юм. Тухайн үед УИХ дахь сөрөг хүчин МАН-ынхан Н.Алтанхуягийг дангаараа огцруулах боломжгүй байсан юм. Ерөөс Монголын улстөрийн түүхэнд цөөнх нь Засгийн газрыг огцруулсан түүх байдаггүй ажээ. Яагаад гэвэл олонхи нь Засгийн газраа хамгаалдаг учраас боломжгүй байж. Гэтэл энэ удаа АН-ын зарим фракцынхан буюу “Женко” Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Р.Бурмаа нар дээр “эсэргүү” Р.Амаржаргал, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Батцогт нар нэмэгдэж “Шударга ёс” эвслээс Г.Уянга, Л.Цог нар дэмжлэг үзүүснээр Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын еснөөс 2014 оны аравдугаар сарын таван хүртэл засаглаад Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамгыг гардуулсан түүхтэй.

Ийнхүү замын дундаас бүдэрсэн найман Засгийн газрын хувь заяаг тоймлоход иймэрхүү л бараан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэ гашуун түүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дайрах уу, тойрох уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.9.22) 2016-01-19 15:18
      • 0
      • 0

      Хамгийн удсан, хамгийн сайн нь Алтанхуягийнх.

      Хариулах