Монгол олон үндэстэн ястны морины эмээл /цуврал-6/

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгслэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. 

Манай сайт уншигчидаа соён гэгээрүүлэх, тэдний оюуны боловсролд дусал ч болов хувь нэмрээ оруулах үүднээс танин мэдэхүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цувралаар хүргэдэг.

Энэ удаад судлаач, цуглуулагч Цэндийн Батсайхан, Чойжилжавын Баатарсүрэн нарын өөрсдийн цуглуулгаараа суурь болгон "Морин соёлын тоног хэрэгсэл" хэмээх сонирхолтой номноос түүвэрлэн хүргэж байна. Морь унааг гаршуулан эдэлсэн хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв - морин соёлын талаар цуврал нийтлэл танд түүхийг ухааран танихад алс хэтийн ач холбогдолтой. 

Дарьганга эмээл

Дарьгангачууд Сүхбаатар аймгийн өмнөд талын таван суманд голлон амьдардаг. Урьд Манжийн эзэн хааны мал сүргийг хариулдаг, халхын таван аймаг, өвөр монголоос татагдан ирсэн олон үндэстэн ястанаас бүрэлдсэн үндэстэн юм.

Дарьгангачуудын эмээл нь өндөр шовгор бүүрэгтэй, богино хавтастай, хавчиг суудалтай байдаг. Эмээл хийх модоо Хэнтий ханаас авдаг, эмээлийн модыг улаан болон улаан шаргал өнгөөр буддаг, оломцог нь улаан одончуу байна.

Эмээлийн хярыг гууль болон мөнгөөр битүү ээлэн хийдэг, эмээлийн даруулга, баавар, ганзаганы сүвэгч зэргийг мөнгөөр хөөмөлдөн олон давхар цохилт сийлбэртэй урладаг.

Дарьганга нутагт мөнгөний уран дарханы өөрийн гэсэн онцлогтой, мөнгөний урлал өндөр хөгжсөн учир, эмээлийн чимэглэлээр улс даяар алдартай Дарьганга эмээлийн гөлөм нь гахай, булгаар, хөм зэргээр хийгдсэн байдаг, эмээлийн гөлөм дэвсийг хар ногоон сарьсаар хөөмөлдсөн хээг тавьж урлах талаар эртнээс уламжлалтай.

Дарьганга нутагт мөнгөн чимэгтэй хазаар худрага хэрэглэдэг харин хөмелдрөг бараг хэрэглэдэггүй. Эмээлийн ган дөрөө нь сийлбэртэй болон мөнгөн жийжүүтэй байх нь элбэг тохиолдоно.

Зураг. Дарьганга хийцтэй мөнгөн хэрэглэлтэй угалзтай гөлөм дэвстэй эмээл

Эзэмшигч Г.Өлзийдүүрэн

Зураг. Дарьганга хийцийн эмээлийн мөнгөн хэрэглэл

О.Гансүхийн цуглуулга

Зураг. Дарьганга хийцийн мөнгөн хэрэглэлтэй эмээл. 

Эзэмшигч А.Саруулболд

Зураг. Дарьганга хийцийн эмээлийн мөнгөн хэрэглэл.

Л.Цэцэгдэлгэрийн цуглуулга

Зураг. Дарьганга хийцийн мөнгөн чимэглэлтэй эмээлүүд

Дархад эмээл
 
Дархад эмээлийн урьд бүүрэг нь босоо зузаан, хойт бүүрэг нь өргөн налгар, хавтас урт, суудал тавиу байх бегөөд дээр үед бүүргийг тугалган товруугаар чимэглэж байснаа төмөр, тугалган хяртай болсон бөгөөд сүүл үед ясан хяртай болжээ. Дархадууд эмээл хазаарыг их хүндтэйд тооцоно. Эмээлийн бүүргийг заавал ургиш харуулж тавина.

Дархад эмээлийн гөлөм дөрвөлжин ба дугариг хоёр янз, гөлөмний ар өвөр доод үзүүр өнцөг нь дугриг долгионтой байсан ба дэвс нь мөн адил байна.

Дархад эмээлийн бүүрэгний будаг нь зөвхөн улаан байх учиртай,хэрэв өөрчлөгдвөл халхын зүрх муудана гэж дургүй байжээ. Дархад эмээл, хөмөлдрөг, хударганд үүлэн хээ, хангарьд, бүргэдийн дүрийг дүрслэх нь элбэг, худраганы бэлчир морины сайрын дээд үзүүрт байрлана, худраганы хойд ба хажуу хэсгийн сурыг булгаараар бүрнэ, сүүл ба шалан хавиар углах хэсгийг бөсөөр хийнэ.

Хөмөлдрөгийг зөөлөн бөсөөр хийж савхиар бүрнэ, дээр нь хээтэй тоног тавина. Жирийн ард худрага хэрэглэнэ, харин ямбатан ноёд, хутагт хувилгаад хөмөлдрөгний хамт хэрэглэдэг байв.

Захчин эмээл

Захчин үнддэстэн Ховд аймгийн Манхан, Алтай сумдад амьдардаг. Захчины хуучин нутаг Ховог сайр, Ил тарвагатай, Хар шаар зэрэг болно. Автономитийн үед Дөрвөд далай ханы Захчин жанжин гүний хошуу гэж явдаг байв. Захчин эмээл нь урьд бүүрэг намхан бөгөөд өргөн,хонины сүүл шиг дугуй, хойт бүүрэг урьд бүүрэгнээс өргөн, намхан хойшоо наланги, эмээлийг эсгийгээр оломцоглож улаан хүрэн цэмбээр бүрж, дээрээс нь дөрвөн даруулгаар даруулана.

Захчины саарьтай эмээл гэж байдаг энэ эмээлийн бүүргийг хар өнгийн сарьсаар бүрж, хяр болон хавтасийг төмөр болон гуулиар давхар хажлан чимэглэсэн хээтэй, ганзаганы нүхийг мөн төмөр ба гуулиар хажлан чимэглэсэн байна.
Захчин эмээлийн гөлөм нь их өргөн доголгүй өргөн нь хавтаснаас хоёр тийш 2 хуруу илүү, тохомыг гөлөмнөөс 1 хуруу өргөн гурван давхар эсгийгээр хийнэ.

Захчин эмээл хоёр оломтой нэг цавьчтай байна, цавьчийг гөлөмний хойт талаар эмээлийн хойт бүүрэгний дээгүүр, дэвсний доогуур гаргаж татна. Захчинд хөмөлдрөгийг зөвхөн эмэгтэй хүн хэрэглэнэ, хөмөлдрөгний тал дунд тав байдаг, түүнээс хоёр хэл унжуулана. морины хоёр гүдэргээ дээр бас хоёр тавтай тав тус бүр нэг хэлтэй, хөмөлдрөгний урьдуур хоёр тийш 1 төө хүрэн цэмбэ хадсан байна, цэмбэнээс шар цацаг унжуулана. Хөмөлдрөг нь нэг талдаа горигтой,урьд бүүрэгний дээгүүр, дэвсний доогуур гүйлгээд зөв талын хавтас хавьцаа гориглоно. Хөмөлдрөг нь эмээлийг хойш гүйлгэхгүй зориулалттай юм.

Захчингууд нь дэгрээ, могой толгойт дэгрээ, ёнгоруун дэгрээ, буруу дэгрээ, кекүүр, гулз, хэт, сар зэрэг тамгатай. 1987 онд угсаатны зүйч Г.Мэнэс захчины 84 хүнээс судалгаа авахад 42 нь дэгрээ тамгатай байжээ. Тамгыг хэрэглэж дуусаад хадаг самбайд боож,гэрийн хойморт унинд хавчуулах буюу авдарт хийж хадгална. Захчины хазаар нь халиа мөнгөн чимэгтэй байх ба мөн хазаар ногтонд шигшрэг зүүдэг, шигшрэг нь 3-5 ширхэгтэй байна.

Зураг. Захчин ястаны хар саарьтай эмээл. 

А.Баасанхүүгийн номноос авав. 

Зураг. Захчин ястаны эмэгтэй эмээл

Жич: "Морин соёлын тоног хэрэгсэл" номын хэсгээс зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. Сайтад байршсан мэдээллийг хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авахыг хатуу хориглоно. 

Холбоотой мэдээлэл: 

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-1/ - http://mongolcom.mn/read/30205

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /Цуврал 2/ - http://mongolcom.mn/read/30570

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-3/ - http://mongolcom.mn/read/30997

Монгол олон үндэстэн ястаны морины хэрэглэл /цуврал 4/ - http://mongolcom.mn/read/31303

Монгол олон үндэстэн ястны морины эмээл /цуврал-5/ - http://mongolcom.mn/read/31846

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.