З.Энхболд даргын дээрэнгүйлэл

Twitter Print
2016 оны 01-р сар 15-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Монгол Улс гурван Ерөнхий сайдтай болчихоод байгаа. Тухайлбал УИХ-аас хараат бус, хөндлөнгийн байдлаар ажиллаж Монгол Улсын хөрөнгө мөнгөний бодлогыг тодорхойлж байх учиртай Монголбанкны удирдлагыг УИХ-ын дарга өрөөндөө дуудаж, зааж зааварчлаад сууж байдаг болов. Уг нь ажил хэргийн шугамаар бол өнөөдөртөө жинхэнэ Ерөнхий сайд гэгдэж байгаа Ч.Сайханбилэг л  Монголбанкны удирдлагатай тулж ажиллах учиртай баймаар. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийн өмнүүр орж ажлыг нь булаан авч хийгээд эхэлсэн.

Тэгж байтал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн ч сүүлийн хоёр жилд оролцохгүй ажил, гар дүрэхгүй асуудалгүй болсон. Өөрт нь таалагдахгүй л бол УИХ-аас баталсан хууль болгонд хориг тавьж, төрийн ажлыг гацаах нь зөвхөн түүний үзэмжээр шийдэгддэг болов.

Гэхдээ Монгол Улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг болдог Ерөнхийлөгчийн асуудал жичдээ ярих сэдэв.

Харин энэ удаа УИХ-ын даргын дээрэнгүйлэл, эрхэм гишүүдийг алаг үзэж, ялгаварлан гадуурхаж нэр төрд нь халдах үйлдэл хэрээс хэтэрч байгаа талаар УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн гишүүд сүүлийн үед хүчтэйхэн дуугарч эхлээд байгаа талаар хөндөхийг зорив. Тухайлбал, өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон сууцны ипотекийн зээлийн одоо байгаа 8 хувийн хүүг 5 болгон бууруулах боломж, хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар хэлэлцэж эхлэх үед Өргөдлийн байнгын хорооны дарга асан О.Баасанхүү, ХҮН-ыг бараадаад удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг тун ч хорон үгээр баалан доромжилж, УИХ-ын даргаас гарамгүй ёс зүйгүй аашилсныг АН-ын бүлгийн зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч байсан юм.

Тэрээр Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 5 болгох гэсэн эрх баригчдын бодлогын талаар өөрийнхөө бодол, тайлбарыг хэлсэн О.Баасанхүү гишүүнийг “Хөрөнгийн зах зээлийн талаар наад захын мэдлэггүй, хууль уншдаггүй, Үндсэн хуулийг сөхөж ч хараагүй хүн” хэмээн УИХ-ын даргын индэр дээрээс унагаж боломгүй гашуун, хорон үгээр дайрна лээ.

Тун удалгүй “Босоо С.Ганбаатар” сурсан зангаараа босч зогсоод санал бодлоо хэлсний дараа “Ганбаатар хуурамч дипломоор ХААН банкинд хоёр жил ажилласнаа хөрөнгийн зах зээл, Орон сууцны зээлийн талаар дорвитой мэдлэгтэй болсон гэж андуураад байна” хэмээн бас л хөөрхөн дайрч, доромжлоод авсан.

Тэрээр саяхан л хамтарсан Засгийн газар байгуулж, алдаж оносон ч цугтаа зүтгэж байсан МАН-ынхныг ч чангахан чимхээд авахаа мартаагүй. Тухайлбал "Банк бол өөрийнхөө эрсдлийг тооцно. Ц.Нямдорж гишүүн халаасаа шалгуулаарай, Цэц байна уу, үгүй юу шалгана. Одоо 18 мянган байр эзнээ хүлээж байна. Хууль батлагдангуут зээл хүссэн иргэд байртай болно. МАН-ын зохиосон ипотекийн зээлээр явж үзсэн. 400-хан айл орон сууцтай болсон. Ардчилсан намын зохиосон ипотекоор 76 мянган иргэн орон сууцтай болсон. Ялгаа бий шүү" гэсэн. 

Уг нь сууж байгаа сандал нь л арай өндөрлөгт байрлаж УИХ-ын 75 гишүүнийг дээрээс нь хараад байгаагаас биш З.Энхболд дарга нөгөө 75-аасаа ялгарах юмгүй бас л нэгэн УИХ-ын гишүүн билээ. Тэгээд ч Монгол Улсын ирээдүйг залж чиглүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээн хууль баталж суугаа парламентын гишүүд болж л өгвөл эв нэгдэлтэй байж, бүх асуудлаа ойлголцож, сайтар харилцан ярилцаж байж амьдралд нийцтэй, ард олны эрх ашигт зөв шударгаар үйлчлэх хууль батлах боломжтой. Харин би л дарга гэсэн шиг гишүүдээ ялгаварлан гадуурхаж, доог тохуу хийн басамжилж суух нь яавч УИХ-ын даргын зүгээс хийж боломгүй үйлдэл билээ. Амьдрал баялаг, урдаас тааж мэдэх аргагүй тул ирэх 2016 оны сонгуульд АН-аас бусад намууд ялалт байгуулж, өнөөдрийн эрх баригчид цөөнх болохыг ч үгүйсгэх аргагүй. Чухам тэр үед О.Баасанхүү нь ч юмуу, С.Ганбаатар нь ч юмуу УИХ-ын дарга болчихоод З.Энхболд даргыг өөлж, басамжлан дээрэлхэж, ялгаварлан гадуурхаад байвал мэдээж тийм ч аятайхан байхгүй нь ойлгомжтой.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дарга нь дарга шиг, гишүүд нь гишүүд шиг ажлаа мэддэг, аль алиндаа хүлээцтэй, гар нийлэн ажиллаж байж төрийн ажил саадгүй урагшлах учиртай. Харин нэг нь дарангуйлж, нөгөөдүүл нь шазуур зуугаад байвал өнөөдрийнх шиг чуулганы ирц нь бүрдэхгүй, байнгын хороод нь дөрөвхөн гишүүнтэйгээр чухал хуулийн төслийг хэлэлцсэн болоод баталдаг хачин жигтэй, төр түмнээ доромжилсон бусармаг үйлдлүүд нь хэвийн үзэгдэл болж, УИХ-ын нэр хүнд ард олны дунд шалны алчуур шиг улам л шавар шавхайтай хутгалдах нь ойлгомжтой зүйл юм. Анхнаасаа Үндсэн хууль зөрчин байгуулагдсан өнөөдрийн УИХ, түүний даргын талаар сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг товчхон дүгнэхэд иймэрхүү л бараан зүйлс дурайж байна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (124.158.74.119) 2016-01-15 17:29
      • 0
      • 1

      Энэ хүний нэрээр энд тэнд жижиг хурган дарга хийдэг нөхдүүд бас байнаа байна. Өөрөө ийм болхоор дагалдагчид нь ийм байдаг юм болов уу. Монголын төрийг нээрээ бантагнуулж байна даа.

      Хариулах

    • Бэлтрэг

      (122.201.31.93) 2016-01-15 16:01
      • 0
      • 2

      Энхболд эхлээд өөрөө зассан тавагтай идээний цаанаас харагддаг болох хэрэгтэй.Хоёр давхар сандал тавиад ч хамаагүй дээр нь зогсчих хэрэгтэй дээ.

      Хариулах