Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл

2017 оны 07-р сар 10-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын өмсдөг үндсэн хувцас нь Монгол дээл билээ. Монголчууд хүүхдүүддээ голчлон тод өнгийн бөс даавуугаар өнгөлсөн, гоё эмжээр, чимэглэлтэй дээл оёж өмсүүлэн  товч шилбийг бүрэн товчилж бүсийг нар зөв тойруулан бүслээд:

Урд хормойг нь унага даага дагаг

Хойд хормойг нь хонь хурга дагаг

Дотоод хормойг нь тос өөх мялаа

Гадаад хормойг нь ганзага сур чимэг

Энэ жил даавуу даалимбаар хийв

Ирэх жил торго дурдангаар хий

Тоос бүү халд

Тос халд

Эд нь хэврэг

Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авдаг. Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр, мөнгө төгрөг өгч урамшуулан баярлуулдаг.

Ер нь Монгол хүн “Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцсаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээр буй.

Эр хүний сүлд хийморь малгай бүс хоёртоо байдаг юм. “Хүнтэй бүү соль, хүнд бүү өг” гэж ах зах хүмүүс ярьж байхыг та сонссон байх. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай.

Монголчууд хүүхдийн хувцсыг удаан эдэлгээтэй бөх бус, хүйтэнд хайрахгүй, халуунд сэрүүн, нимгэн хөнгөн эдээр хөдөлгөөнд саад болохгүй зүйлээр хийдэг. Олон хүүхэдтэй айл нэг хувцсыг дараа дараагийнханд нь нөхөн сэлбэж, томсгон өмсгөдөг. Хүүхэддээ хувцас эсгэхдээ хонь, тахиа, гахай, туулай өдрийг илүү таашаадаг.

Хүүхдийн дээл баривчны захны ухлаадсыг ар голд нь хадаж өгдөг. Хуучирч элэгдсэн захыг хээр хаядаггүй, галдаа өргөдөг. Энхрий хүүхдийн хувцас өөр байдаг. Хүүхдийг ондоошуулж харагдахаар буруу энгэртэй дээл өмсгөж охинд эхнэр дээл, ууж малгай, хөвгүүдэд лам дээл өмсгөж том хүн болгон хувцасладаг бөгөөд  энхрий хүүхэдтэй зарим нь элэг бүтэн айлын хүүхдийн хувцас, эхийнх нь дээлийн дотоод хормой, эцгийн нь баруун ханцуйг авч нярайлах үед нь домнож хувцас хийж өгдөг байв.

Хүүхдийг үдшийн бүрэнхийд элдэв муу юмнаас хамгаалдаг гэж урд энгэрт нь тээг, тэвх, шагай, зоос, мөрөн дээр нь хөө хуяг, явуу, хүрэл сум, эрдэнийн зүйл, ар энгэрт нь бүргэд баавгайн хумс, гахайн соёо, бойтог гуталд нь хонх уяж өгдөг.

Даавууг гурвалжин нугалж дотор нь хөвөн, ноос, өвс ургамал хийгээд үзүүр тус бүрт нь мяндсан цацаг оёсон тээг нь газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг гэж байв. Элдэв араатны хумс, шүд, эвэр, соёо нь гагцхүү хурц үзүүрээрээ гадны зүйлийг айлгадаг гэнэ.

Харин явуу, хөө хуяг нь цахилгаан, аянга, хуй салхинаас хамгаалж хүүхдийг урт наслахыг бэлгэдсэн юм. Цамц, баривч, дээлийн хормойн оёдлыг дутуу үлдээдэг. Энэ нь дахин дүүтэй болохын бэлэгдэл бөгөөд дүү нь төрмөгц тэр хэвээр өмсгөж байгаад ханцуй хормой залгаж эргээж ахад нь өмсгөдөг байв.

Хүүхдийн шинэ хувцсыг мялаахдаа бүсийг нь бүслээд ар өвөр хормойг доош нь дугтарч өрөм, сүү, тос түрхэнэ. Хүүхдийн хуучин хувцсыг огт хаядаггүй ёсон бий.

Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Loren

      (188.143.232.27) 2016-12-21 10:29
      • 0
      • 0

      Skipping the point for the mo#;nt&#8230e&m8220;I’d rather live my life as if there is a God and die to find out there isn’t, than live as though there isn’t and die to find out there is…”

      Хариулах