Хаврын синдром ба сургамжтай сургаалиуд

Twitter Print
2016 оны 01-р сар 12-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Удахгүй сар хүрэхгүй хугацааны дараа хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж Монголчууд Цагаан сарын баяртайгаа учран золгоно. Цаг наашилж,  тэсгим  өвлийн жавар цаашлах хэдий ч 25 жил хаврын хавсарганаар улстөржөөд сурчихсан  цөөхөн Монголчууд УИХ-ын ээлжит сонгуультай энэ жилийн хаврыг сүрхий улстөржиж, жагсаал тэмцлээр утгах нь тодорхой.  Хавар болж цаг наашлах тусам Монголчуудын бухимдал, уур уцаар ихэсч энд тэндгүй  болж бүтэхгүй хэрүүл маргаан, жагсаал тэмцэл өрнөдөг нь гайхаж балмагдмаар байдаг. Манайхан үүнийгээ “Хаврын синдром” хэмээнэ. “Хаврын синдром” эхлэх цаг нь шороогоор шуурч, Улаанбаатарын хог новш овоорч хөглөрөх тун ч тааламжгүй цаг үетэй давхцах нь дотор муухай оргиулж, яршиг төвөг удна. Үнэндээ улирлын сайхан хавар, урин хавар хэмээн зарлан тунхагладаг боловч хуйсагнуур салхитай, шороо шуурсан энэ улиралд би л хувьдаа дургүй. Яах гэж байгаа нь мэдэгддэггүй олон ааштай, хуйсагнуур зантай хүн шиг хаврын  өдрүүд бушуухан дуусч нартай зуны өдрүүд эхэлвэл хүмүүсийн царай бага ч болтугай тавирах  нь гарцаагүй.

Эрхэм нөхөр минь жагсаал тэмцэл, хэрүүл шуугианаас түр ч гэсэн холдож анхаарлаа нааш хандуулна уу. Би таныг бага ч гэсэн амраагаад өгье хө.

Өчигдөр гайхалтай тайван сайхан өдөр өнгөрөв. Учир нь явган зорчигч тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнгүй. Цагдаагийн газраас  орой  болгон  цэнхэр дэлгэцээр ийнхүү  мэдээлэх  боллоо. Найз минь бие дэхь шингэн ээ алдахгүйн тулд өдөрт дор хаяж хоёр литр ус уух хэрэгтэй гэнэ. Харин цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ цагт уусан усаа гүйлгээд гаргахгүй байхыг чухавчлан бодоорой.

Бид ер нь юу идэж байгаагаа  сайтар хянах цаг болжээ. Бэлэн гоймонгийн дайварт хулганы мах, мэлхийн гуя, муурын хэл, нохойн элэг байвал мэдэхгүй л туугаад байх янзтай. Учир иймээс  өмнө зүгээс гарвалтай  бэлэн хоол гэгчээс болж л өгвөл татгалзахаа  мартав аа. Зарим нэг муу үгтэй хүмүүс “Гэрлэлт бол там руу илгээх амьд томилолт” хэмээн хадуурдаг ч  амьд томилолтынхоо хугацаанд хэрхэн ухаан зарж амьдарснаас там руу илгээгдэх үү, диваажинд залрах уу гэдэг нь шийдэгддэгийг бодож явахад илүүдэхгүй.

Одоо цагт хүмүүсийн  үзэл бодол, ертөнцийг харах бэлгийн мэлмий тун ч их өөрчлөгдөж байгаа. Өөдлөж дэвжсэн нэгэндээ элдэв тансаг бэлэг барин мэхэлзэхээс урьтаад өвдөж  шаналсан нэгэндээ ганц боодол  анальгин бариад очвол хожмын өдөр таны тусыг мартахгүй.

Хэдийгээр орон гэргүй орц хонгилд өдөр хоногийг өнгөрүүлж яваа хүмүүс олон байгаа ч та нар минь нэг зүйлийг бодож сэтгэлээ зогоож яваарай. Энэ юу вэ гэвэл дэлхийн хамгийн баян, хүчирхэг АНУ-ын ядуус манай Монголын нийт хүн амаас хамаагүй олон, ойролцоогоор  гурван сая гаруй гэж байгаа. Тэд нар чинь орох орон, оочих аягагүй тэнүүлчид. Харин Монголын  ядуучууд та нар минь  “Сэгсгэр ч гэсэн ээжтэй, сиймхий ч гэсэн гэртэй” хүмүүс шүү.

Статистикийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл Монголд гэмт хэрэг, зөрчил гайхмаар хурдацтай буурч байгаа ажээ. Энэ нь юугаар илэрч байна гэвэл ажилгүй болсон цагдаа нар  сүүлийн үед хэд хэдээрээ  нэгэн газар бөөгнөрөн цуглаж, ажлын цагаа арайхийн бардаг болсноос тодорхой харагдаж байгаа гэнэ.

Харин сүүлийн үед сэтгэл судлаачид, эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосон нэгэн асуудал хурцаар хөндөгдөх болсон  нь Монголд ичих булчирхай нь ажиллагаагүй болсон хүмүүс гэрлийн хурдаар олширч байгаад гэнэ. Ичих булчирхай нь ажиллагаагүй болсон хүмүүс тун жигтэй хачин ааш авиртай болдог ажээ. Ялангуяа ийм төрлийн эмгэгтэй хүмүүс УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд хурдацтай нэмэгдэж байгаад эмч мэргэжилтнүүд ихэд эмзэглэж байгаа юм байна. Ичих булчирхайгүй хүмүүс хүний ертөнцөөс тасарч сармагчны төрөлд шилждэгт л хэргийн учир, урхаг нөлөө нь байгаа ажээ.

Хамгийн сүүлд нь захиж хэлэхэд “хаврын синдром”-ыг дагаж уур уцаар болж тархи мэдрэлээ зовоох хэрэггүй. Эдийн засгийн хямрал бас ч гэж сайн талтай байдаг юм байна. Махны үнэ шалчийтлаа унав. Инфляци 2.9-хэн хувьтай гарч Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын дарга З.Энхболд нар орой бүр зурагтын дэлгэц дүүрэн  аз жаргалдаа умбасан царайтай мишээцгээж байгаа. Ганц хоёр согтуу бацаан  эмгэд, хөгшдийн цүнхийг булаахдаа хөл гарыг нь хугалсан булайг эс тооцвол  гэмт хэрэг зөрчил тасралтгүй буурч байгааг хууль, хүчнийхэн баяртайгаар зарлан тунхаглаж байгаа. Тэртэй тэргүй гэмт хэрэгтнүүдийг  цагдаа, шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд төрөл бүрийн мэргэжлийн хууль сахиулагчид хааш нь ч хөдөлгөхгүй хянаж чадаж байна. Тэгээд ч гэмт хэрэг хийдэггүй хүмүүсийн дотор тэнүүлч, гуйлгачин, архичин, сэтгэл мэдрэлийн өвчтөн, тахир дутуучууд гээд хэцүүхэн хүмүүс  зөндөө л байгаа ч тэд “Маргааш бүх зүйл сайхан болно” гэсэн өөдрөг мөрөөдлөөр өнөөдрийн хямралыг туулцгааж байгаа.

Ямарваа юм хоёр талтай ч маргааш өнөөдрөөс гэрэл гэгээтэй болох нь л үнэн юм даг. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.