Өнөөдөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг Зөвлөлтийн армид хүлээлгэн өгсний 72 жилийн ойн өдөр

Twitter Print
2019 оны 01-р сар 12-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг Зөвлөлтийн армид хүлээлгэн өгсний 76 жилийн ой өдөр. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийт иргэдийн сайн дураараа хандивлаж, ЗХУ-ын “Внешторгбанк” банкинд хуримтлуулсан хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг босгосон түүхтэй. 1942 оны хоёрдугаар сарын 10-нд тус банкинд Монголын ард түмний хандивласан тухайн үеийн ханшаар 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт төвлөрсөн нь Зөвлөлтийн 3 815 725 рубльтэй тэнцэх хэмжээний хөрөнгө болсон байжээ.

"Хувьсгалт Монгол" 1943 оны нэгдүгээр сарын 12-нд 32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 танкийг хожим 44 дүгээр гвардийн танкийн бригад болсон 112 дугаар Улаан тугийн одонт танкийн бригад хүлээн авсан юм. БНМАУ-ын танкийн цувааг хүлээлгэн өгөх төлөөлөгчдийг маршал Хорлоогийн Чойбалсан тэргүүлсэн агаад маршал өөрийнхөө хөрөнгөөр нэг танк бэлэглэсэн байдаг.

Танкнуудын цамхаг дээр “Хувьсгалт Монгол” буюу “Революционная Монголия” гэсэн бичгээс гадна чухам хэний хөрөнгөөр боссоныг бичсэн байлаа. Тухайлбал:

Т-34 танк (32 ширхэг):

1.«Төв аймгийн ардуудаас»
2. «Баян-Xoнгор аймгийн ардуудаас»;
3. «Жавхалант-Шарбин аймгийн ардуудаас»;
4. «Дорноговь аймгийн ардуудаас»;
5. «Өмнөговь аймгийн ардуудаас»;
6. «Дундговь аймгийн ардуудаас»;
7. «Говь-Алтай аймгийн ардуудаас»;
8. «Баян-Өлгий аймгийн ардуудаас»;
9. «Хөвсгөл аймгийн ардуудаас»;
10. «Өвөрхангай аймгийн ардуудаас»;
11. «Дорнод аймгийн ардуудаас»;
12. «Сэлэнгэ аймгийн ардуудаас»;
13. «Булган аймгийн ардуудаас»;
14. «Архангай аймгийн ардуудаас»;
15 «Завхан аймгийн ардуудаас»;
16. «Увс аймгийн ардуудаас»;
17. «Ховд аймгийн ардуудаас»;
18. «Хэнтий аймгийн ардуудаас»;
19. «Улаанбаатарын хөдөлмөрчдөөс"
20. «Маршал Чойбалсан»;
21. «БНМАУ-ын хувьсгалт залуучуудаас»;
22. «Монголийн армийн цэрэг, дарга нараас»;
23. «Чойбалсангийн нэрэмжит аж үйлдвэрийн комбинатаас»;
24. «БНМАУ-ын хилчдээс»;
25. «БНМАУ-ын сайн дурынханаас»;
26. «БНМАУ дахь Зөвлөлтийн иргэдээс»;
27. «БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс»;
28. «БНМАУ-ын Улс төрийн товчооноос»;
29. «БНМАУ-ын Бага хурлаас»;
30. «Бумцэнд» (Монгол Улсын Бага хурлын гишүүн.)
31. «Хатан-Баатар Магсаржав» (Монголын ардын армийн ажилтан.)

Т-70 танкууд (21 ширхэг):

1. «БНМАУ-ын Ардын гэгээрлийн ажилтнуудаас»;
2. «БНМАУ-ын нүүрсчдээс»;
3. «БНМАУ-ын хамтралчдаас»;
4. «БНМАУ-ын пионер, сурагчдаас»;
5. «Монголын эмэгтэйчүүдээс»;
6. «БНМАУ-ын бүсгүйчүүдээс»;
7. «Монголын чекист»:
8. «Ардууд»;
9. «БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлээс»;
10. «БНМАУ-ын эрүүл мэндийн ажилтнуудаас»;
11. «БНМАУ-ын сэхээтнүүдээс»;
12. «БНМАУ-ын партизануудаас»;
13. «БНМАУ-ын хоршоололоос»;
14. «Монголын хоршооллын холбооны ажилтнуудаас»;
15. «БНМАУ-ын соёл урлагийн ажилтнуудаас»;
16. «БНМАУ-д амьдарч буй хятад иргэдээс» гэх зэрэг бичигтэй байсан бол үлдсэн таван Т-70 танкийг бэлэглэсэн эзэд тодорхойгүй байгаа юм.

Мөн танкуудын зэрэгцээ Монголчууд Улаан армид 1000 тонн мах, 90 тонн тос масло, 80 тонн хиаман бүтээгдэхүүн, 150 тонн хүнсний бүтээгдэхүүн, 30000 нэхий дээл, 30000 хос эсгий гутал, 30000 нэхий хантааз зэрэг 237 вагон ачаа бараа бэлэглэсэн байдаг.

“Маршал Чойбалсан” танкийн экипажийн дарга нь дэслэгч И.М.Леушин, жолооч-механик нь ахлагч П.Т.Токарев, холбоочин буудагч нь түрүүч П.М.Окунев байсан юм. Харамсалтай нь танкийн хорооны дарга, гвардийн ахлах дэслэгч Левушин Иван Михайлович Киров мужийн уугуул энэ зоригт танкчин Германы нутаг дэвсгэрт 1945 оны гуравдугаар сарын 2-нд танктайгаа шатаж амь үрэгдсэн билээ.

Сосорбарамын Майдар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.