Хүний хувь тавиланг хэлж өгдөг хачин жигтэй аргууд

Twitter Print
2017 оны 01-р сар 12-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Төлөгчдийн хувь тавиланг хэлж өгдөг маш олон аргууд байдаг. Эдгээр аргууд нь эртний Египет, Ром зэрэг орнуудаас өнөө цагт уламжлагдан ирсэн нь бий. Цахим нэвтэрхий тольд бичсэнээр та бидний хувь тавиланг хэлж өгдөг шинжлэх ухааны нэршил бүхий 40 гаруй аргууд байдаг гэнэ. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос мэргэч төлөгч нарын эзэмшсэн түм буман хачирхалтай аргууд байдгаас дараах 10 аргын тухай толилуулж байна.

ТАХИАГААР / ALECT RYOMANCY

Энэ бол азарган эсвэл цагаан тахиагаар мэргэлдэг эртний төлөг юм. Төлгийг Ромын эзэнт гүрнийг 364 - 378 оны хооронд удирдаж байсан Валент II (328 - 378) хааны үед нийтэд түгээн дэлгэрүүлсэн гэж үздэг. Тахиан төлгийг эхлүүлэхийн өмнө төлөг үйлдүүлэхээр сонгосон тахианыхаа сарвуунуудыг тасдаж улмаар хурганы арьсанд боогоод тахиандаа залгиулна. Дараа нь цагаан толгойн дурын үсэг бүхий хүрдийг хийж үсэг бүрт харгалзах нэг нэг үрийг тавьсан байна. Ингээд төлөгч тахиагаа хүрдэн дээрээ тавьж түүний идсэн үр бүрийн харгалзах үсгийг тэмдэглэж авснаар ирээдүйг зөгнөж хэлсэн үг эсвэл өгүүлбэр бүтээх хэлбэрээр хувь заяаг мэргэлдэг ажээ. 

Гэхдээ энэ мэргийг нар эсвэл сарны хонь ба арслангийн ордонд очих тэр мөчид хийхгүй бол төлөг төөрдөг гэж үздэг. Энэхүү төлгөөр Ромын эзэнт хаан Валент II нэгэн цагт мэргэлүүлж байсан бөгөөд тахиа Грек цагаан толгойн “Th”, “e”, “o”, “d” зэрэг үсэгт харгалзах үрийг түрүүлж тоншсон байна. Учрыг сайтар тунгаагүй учир тэрээр тахиа үхлийг зөгнөсөж гэж итгэж “Th”, “e”, “o”. “d” үсэг орсон нэртэй хүмүүсийг хөнөөсөн харгис явдал гарч байжээ. Хожим Валент II тулаанд амь үрэгдэж түүнийг залгамжлагчаар “Th”, “e”, “o”, “d” үсэг орсон нэртэй Феодосий I (347 - 395) / Theodosius тодорч их гүрнээ 379 - 395 он хүртэл удирдсан байдаг ажээ.

ТАВАН ЦУЛЫН ТӨЛӨГ / HARUSPICY

Эртний Ромчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг байсан гэгддэг энэхүү төлөг бол үнэн хэрэгтээ Италийн газар нутагт амьдарч байсан Этруск хүмүүсийн бий болгосон хувь тавиланг зөгнөн хэлдэг төлөг юм. Энэ нь амьтны дотор гэдэс ялангуяа элгээр мэргэлж хувь тавиланг хэлдэг төлөг бөгөөд энэ аргаар гаргуун зөгнөдөг эртний Этруск хүнийг Спуринна гэдэг байжээ. Тэрээр Юлий Цезариас (МЭӨ 100 - МЭӨ 44) ч илүү нэр хүндтэй нэгэн байсан ба нэгэн цагт Цезарьт гуравдугаар сарын 15-наас л болгоомжилж явдаг юм шүү гэдгийг захиж хэлсээр байсан юм. Энэ өдөр бол Юлий Цезарийн сенатуудынхаа гарт амиа алдсан эмгэнэлт өдөр байсан билээ.

ШУВУУГААР / ТОТЬ

Гол төлөв ногоон өнгийн урт сүүлтэй тотийг ашиглан ирээдүйг зөгнөн хэлдэг энэхүү төлөг нь Энэтхэг, Сингапур, Пакистан зэрэг оронд түгээмэл байдаг. Тотийг тусгайлан сургах бөгөөд үзмэрчид хандаж ирсэн хүмүүсийн хувь тавиланг хэлэх хөзрийг эдгээр тоть сонгох учиртай юм. Сонгосон хөзрийн дагуу төлөгч тухай хүний ирээдүйг хэлдэг ажээ. Энэ төрлийн төлөгч тотьнуудаас хамгийн алдартай нь Сингапурын Мани нэртэй тоть бөгөөд тэрээр 2010 оны хөлбөмбөгийн ДАШТэмцээний аваргын төлөө тоглох багуудыг зөв хэлж чадсанаас гадна долоон тоглолтын тавынх нь үр дүнг зөв хэлсэн байдаг байна. Энэ явдлын дараа эзэн ба Манигаар ирээдүйгээ хэлүүлэхийг хүссэн хүмүүс цагт 10 гаруйгаараа дугаарлах болсон гэнэ.

ЯЛГАДСААР / SCATOMANCY

Хүн ба амьтны ялгадсаар ирээдүйг нь зөгнөн хэлэх энэхүү хачирхалтай арга нь эртний Египетээс гаралтай бөгөөд арга барилын хувьд харилцан адилгүй хөгжиж иржээ. Өтгөнөөр зөгнөх чадвартай өнөө цагийн хамгийн алдартай хүн бол С. С. Сингх юм. “A Journey to Planet Sanity” (2013) баримтат кинонд гардагчлан тэрээр киног хамтран бүтээсэн Лерой Тессинагийн өтгөнөөр ойрын ирээдүйг нь туйлын үнэнээр хэлсэн гэнэ. Сингхийн хэлснээр өтгөний үнэр хурц байх тусам энэ төлөг нь үнэнд хамгийн ойр байх бөгөөд навчин тамхи мэт хэлбэртэй байх нь эрх мэдэл, урт насыг бэлгэддэг гэсэн юм. Сингхийг Лерой Тессинагийн өтгөнийг гартаа барьж үнэрлэхийг харсан Блейк Фриман гэнэтийн цочролд орсон байсан билээ.

ХЭРЭЭНИЙ НҮДЭЭР / ASPARAMANCY

Английн үзмэрч Жемайма Пакингтоны үзэж байгаагаар аспарагус буюу Монгол хэлнээ хэрээний нүдэн гэгддэг хүнсний ногоогоор хүний хувь тавиланг харж болдог гэнэ. Тэрээр найман настайгааса хойш аспарагусаар ирээдүйг зөгнөн хэлж байгаа бөгөөд энэхүү ховор чадварыг цайны навчаар мэргэлдэг байсан эмээгээсээ өвлөж авчээ. Аспарагусаар зөгнөж хэлэхийн тулд тэднийг дээш шидэх ба ямар байрлалаар бууж байгаагаар нь ирээдүйд юу тохиолдохыг уншиж болдог ажээ. Түүний хэлснээр энэ бүхэн утгагүй мэт ч буусан төлөг нь үнэн байдаг юм. Тухайлбал тэрээр Английн хатан хааны удмын гэр бүлийнхэнд удахгүй хоёр шинэ хүн мэндлэх гэж байсныг зөгнөсөн нь үнэн төдийгүй 2012 оны олимпийн наадмаар Англи улсын тамирчид бахдам амжилттай оролцохыг ч гэсэн зөгнөж хэлсэн нь үнэн байсан юм.

ӨГЗГӨӨР / RUMPOLOGY

Жаклин Сталлоне нь өгзөгний хэлбэрээр ирээдүйг шинжиж чаддаг АНУ-ын алдартай төлөгч, бүжигчин, тамирчин бөгөөд эртнээс уламжлагдаж ирсэн энэ арга нь эртний Бабилон, Энэтхэг, Грек, Ром зэрэг орнуудад түгээмэл байжээ. Эрт цаг өгзөгний хэлбэрээр хувь тавиланг зөгнөж харахын тулд өгзгийг нь улаан хүрэн будгаар будах ба папирус цаасан дээр суулгаж гарсан хээг нь уншдаг байсан байна. Өгзөгний хэлбэр ба хээгээр унших энэхүү төлөгт хүн ба амьтны аль алиных нь өгзгийг ашиглах боломжтой бөгөөд тэрээр доберман үүлдэрийн нохойнхоо өгзгөөр мэргэлж Жорж Бушийг АНУ-ын ерөнхийлөгч болно гэдгийг 2001 онд үнэнээр хэлсэн байдаг. 

“RUMPOLOGY” нь дэлхийн цөөнгүй оронд тархсан байдгаас Германд байдаг хараагүй төлөгчийг хамгийн сайн нь гэлцдэг байна. Энэ төрлийн үзмэрчдийн хэлж байгаагаар өгзгийг нь хараад л хүний өнгөрсөн ба ирээдүйг хэлж чаддаг ба алиман хэлбэртэй, булчинлаг өгзөг нь эрч хүчтэй, аливаад тууштай, өөртөө итгэлтэй, бүтээлч хүмүүс байдаг гэнэ.

ХӨХНИЙ ТОЛГОЙГООР / AREOLA FORTUNE TELLING

Хувь тавиланг хэлж өгдөг хачирхалтай аргуудын нэг бол хөхний толгой, хөхний толгойн хүрээ, хэлбэр, өнгөөр шинжих Япон арга юм. Энэ аргын үнэн эсвэл худал эсэх нь хараахан тодорхойгүй ч Эри Койзуми хэмээх шидтэн бүсгүй Япон дахинаа дэлгэрүүлсэн ажээ. Тэрээр “Become Happy: Areola Fortune - Telling” номоо сурталчлах зорилгоор олны өмнө хөхний толгой хэлбэртэй малгай өмсөж гарсан нь сонирхлыг нь ихээхэн татсан байдаг. Түүний хэлснээр зэрлэг алим шиг хэлбэртэй хөхний толгой нь ухаалаг, аз жаргалтай хүмүүсийг хэлдэг бол жигнэмэг шиг өнгөтэй хөхний толгой нь үнэнч шударга, яриа хөөрөөтэй хүнийг хэлэх жишээтэй.

МУУРЫН САРВУУГААР / PAWMISTRY

“Pawmistry: How to Read Your Cats Paws” номд бичсэнээр хүн төрөлхтөн муурынхаа сарвууг сайтар ажиглаж судалснаар муурынхаа ирээдүйг зөгнөж хэлэх боломжтой гэжээ. Сарвуу нь ямар хэлбэртэй, ямар хээтэй байгаагаар нь муурынхаа дотоод ертөнцийг таньж мэдэхийн сацуу уг гарал, ужиг эмгэгтэй эсэх талаарх бүхнийг дэлгээтэй ном шиг харж болох юм байна. Сарвуугаар шинжих ухааныг номын зохиолч Кен Ринг олж нээсэн бөгөөд тэрээр өөрийгөө үзмэрч, зөнч, цаг агаарыг урьдчилан таамаглагч гэж нэрлэдэг. Түүнчлэн номыг хамтран бичсэн зохиолч Пол Ромханигийн үзэж байгаагаар хүнийг хэрхэн ярьж, хэрхэн инээж байгаагаар нь ямар хүн болохыг нь тодорхойлохын зэрэгцээ хувь тавиланг нь ч гэсэн харж болдог байна.

ДАЛДЫН ХҮЧНИЙ НӨЛӨӨГӨӨР / PSYCHOGRAPHY

Францын шүүмжлэгч, түүх судлаач Ипполит Тэний (1828 - 1893) тэмдэглэж үлдээснээр энэ ойлголт нь хий үзэгдэл, сүнстэй холбоотойгоор хийгддэг сэтгэхүйн ухамсарт бус ер бусын үзэгдэл ажээ. “PSYCHOGRAPHY”-ийг биеэр мэдэрсэн Португалийн зохиолч, философич Фернандо Пессоагийн (1888 - 1935) хэлснээр бол оюун санаа хийгээд бие махбод нь бүхэлдээ далдын хүчний нөлөөнд автаж үе үе баруун гар нь бадайрч эхэлсэн байдаг бол заримдаа огт хүсээгүй байхад зүүн гар нь өргөгдөх хүртэлх хачирхалтай явдлууд гарч байжээ. Ингэж ер бусын далд хүчинд автагдсанаар хүн өнгөрсөн ба ирээдүйн хувь тавиланг өөрөө ч мэдэлгүй зөгнөж бичдэг байна. Энэ үзэгдлийг өөрөөр “Automatic Writing” гэж нэрлэдэг бөгөөд трансын байдалд орсон хэсэгхэн хоромд л болж өнгөрдөг тайлагдашгүй бөгөөд сонирхолтой үзэгдэл юм.

www.playskull.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.