Ойрдоо ажил ихтэй, утсаар ч ярих зав алга

Twitter Print
2016 оны 01-р сар 14-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Ёох ойрын хэд хоног хичнээн их ажил амжуулав аа. Хийгээд л байдаг, арай хийж нэгийг нь дуусгаад хөлсөө шударч амжаагүй байхад л дараагийн ажил хэзээний бэлэн болчихсон ар араасаа цувраад дуусна гэж байхгүй шүү. Ямар сайндаа л өдөрт гурав залгаж хаана ямар ажил амжуулж явааг минь байцаах ажилтай эхнэртээ “Ажил гэж үстэй толгойноос их байхад битгий байн байн залгаж ажлын эрч сулруулаад бай” хэмээн захиргаадаж байх вэ дээ. Эхнэрийнхээ амыг хамхичихаад арай хийж гүнзгийхэн амьсгаа аваад зүүрмэглэж суутал хадам аав залгаж байна аа. Дугаарыг нь харчихаад авах уу яах вэ хэмээн эргэлзэж байснаа “Нээрээ саяхан үхэр төхөөрсөн гэнэ лээ” гэсэн бодол толгойд харваад  орж ирэнгүүт утсаа шүүрэн авч

-Аа аав уу. За бие нь сайн биз дээ. Бид хоёрын ажил дийлддэггүй ээ. Ойрдоо шөнийн 12 цаг болж, хот нойрссон хойно л гэрийн бараа харж байна. Муу хүү нь ч шургаж унах нь дээ. Мартсанаас мал мэнд үү гэгчээр нэг үхэр унагасан гэв үү. Нэг гуя нь манайд оногдох сураг сонссон. Би завтай бол шурхийж очоод л авчихмаар байна л даа. Даанч ажил гэж хоолойгоор татчихаад сандлаасаа ч босч чадахгүй байна шүү дээ. Тэгж байгаад та нэг наашаа явахдаа дөхүүлээд өгөхийг бодоорой. За баяртай, дарга дуудаад байна.

Олон юм шалгаагаад салдаггүй хадам хөгшнийг арай хийж нэг юм дуугүй болгочихоод сандалдаа шигдэж бушуухан дугхийгээд  авахаар донхойж суутал нөгөө гайтай утас часхийтэл орилж цочсондоо арай л сандлаасаа ховхроод ойчсонгүй. Орилоод салдаггүй лүдийг унтраачихмаар санагдавч хааяа зайлшгүй ярих шаардлагатай хүмүүс ч юм уу, энд тэнд ажлынхаа завсар чөлөөгөөр бултагнаж байгаад хийсэн “халтуурны” ажлын хөлсийг өгөх хүмүүс залгачих болов уу гэхээс яс хавталзаад болдоггүй юм л даа. Огт мэддэггүй дугаараас залгаж байна аа. Баахан орилуултал аяндаа нэг юм дуугүй боллоо.

Тэгээд түрүүчийнхээ сэрүүн зүүдийг үргэлжлүүлэн манаж гарлаа. Хачин тунгалаг устай багавтар голын эрэг дээр, богино өмд өмсчихсөн  өвдөгөөр  татсан сахлаг өвсөн дунд,баахан дэвсгэр, гудас дэвсчихсэн жаргалаа эдлээд  хэвтэж байх юм. Айраг, хатуу дарс, чанасан мах, янз бүрийн ногоо цагаа дутуу юм алга аа. Хамгийн гол нь хулгар шарыг битүү шарж, хуйхлах талаараа Мөөеө аваргыг  дагуулдаггүй  найз маань аахилан, уухилан  хачин тарган амьтан тулмалаад шарж байх юм. Хамар цоргисон сайхан үнэрийг нь үнэрлэж, тэр ажилдаа жинхэнэ эзэн нь болсон найзынхаа хөдөлгөөн бүрийг харан тарвалзаж хэвтэх шиг диваажингийн жаргал өөр хаана байх билээ. Бөндийж бор шаргал болтлоо хуйхлагдсан тарвагны боодогны хачин сайхан үнэрт бялууран зүүрмэглэж суутал час хийтэл орилсон гайтай утасны дуудлага шал өөр ертөнцөд аваад ирж байгаа юм.

Дүрсхийтэл уурлаад утсаа шүүрэн авбал түрүүхэн залгаад байсан 9919-тэй шал танихгүй дугаар байна. 9911,9919-тэй дугаарыг голдуу дарга, даамал, захирал, ноёдууд барьдгийг санагалзан дуртай дургүйхэн

-Байна уу?  гэвэл

-Идэр ээ байна аа. Найз нь чиний утсыг хайж хайж оллоо. Хөгшин чинь 20-хон хоног  эх орондоо сайхан амрах гэж ирлээ.Чи чинь утсаа авахгүй их том болжээ. Уг нь ганц ирсэн дээрээ муу найзтайгаа ганц хоёр хоног сайхан байх гэсэн юм, гэлээ шүү.

Идэр нэрийг сонсонгуут л хүүхэд насны дүрсгүйхэн өдрүүд нүдний өмнүүр жирэлзээд өнгөрч байгаа юм. Гуравдугаар ангиасаа арав төгстлөө хамт явсан бид хоёр мөн ч бужигнуулж явсан даа.АНУ-д арван хэдэн жил амьдарч байгаа түүнийг жигтэйхэн баяжиж, таргалсныг бишгүй нэг сонсож байснаас Монголд ирчихээд даруй түргэн уулзахыг шаардах юм гэж зүүдэлсэнгүй явж. Нээрээ би чинь ажил, ажил гэж явсаар найз нөхөд, хамаатан саднуудтайгаа ч утсаар олигтойхон ярьдаггүйгээ  сая л анзаарлаа.

Багын найзтайгаа шавайгаа ханатал ярьж гэр орноо зааж өгч, хонож өнжин идэж уухаа тохиролцож байтал манай ажлынхан бүгдээрээ л над руу хялам хялам хийгээд дор дороо тонголзоод сүйд болж байна. Яачихсан юм бол гээд ханын цаг руу харвал 16 цаг өнгөрч байлаа. Юун ч сүртэй юм билээ дээ. Ганц удаа хар багынхаа найзтайгаа 30  гаруйхан  минут утсаар яриа л биз. Тэгж яривал би өдөр болгон шургаж унатлаа хөдөлмөрлөж яваа 21-р зууны сэхээтэн хүн шүү. Одоо би хамгийн бага нь гурван цаг дуусдаггүй ажлаа хийнэ. Тэгээд 21 цаг өнгөрч байхад үхтэлээ ядарсан амьтан гэртээ орж эхнэрийнхээ хийсэн амттайхан хоолыг ярвайсхийн тамшаалж идчихээд хамгийн гол үндсэн ажлаа эхэлнэ дээ. Манай гэрт “удирдлагыг удирдагчийн гарт” гэсэн ганцхан зарчим л үйлчилдэг. Үүнийг хялбарчлаад тайлбарлавал зурагтын удирдлагыг  орондоо тухлан хэвтсэн би л барьж дээш доош нь гүйлгэхийг хэлж байгаа юм.

Ёох энэ долоо хоног ямар их ядарваа. Хоёр хоног орноосоо ч босолгүй хэвтэж хоол цайгаар ядарсан биеэ тэнхрүүлж авъя байз. Зурагтын олон суваг солиод  жаргалаа эдлээд хэвтэж байтал нөгөө гайтай утас час хийтэл ориллоо шүү.

Харанхуй шөнө ямар амьтан нь залгадаг байна аа гээд минчийтэл улайсаар шүүрэн автал ээж минь залгаж байна аа.

-Байна уу миний хүү. Долоо хоног үзэгдсэнгүй. Ажил ихтэй байгаа юм уу миний хүү. Ээж нь хүүгийнхээ дуртай борцтой, будаатай цайг чаначихаад л хүлээгээд суугаа шүү. Миний хүү маргааш амрах юм чинь ээждээ ирж цайгаа уугаарай миний хүү.

-Ээж минь ойрдоо ажил гэж үстэй толгойноос их байна аа. Очих гээд л чадахгүй шөнийн бор хоногтоо л гэрийн бараа харах юм байна шүү дээ. Улсын ажил барагдахгүй байна шүү дээ ээжээ. Ойрдоо хүү нь ажил ихтэй, утсаар ч ярих завгүй л гүйгээд байна.

Ээ дээ энэ дуусдаггүй их ажил уу. Утсаар ч ярих зав олдохгүй шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.