
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны нэгдүгээр сарын 14-ний энэ өдөр түүхэнд хар бараанаар тэмдэглэгдэх гашуун үйл явдал болсон билээ. 2001 оны зуднаар Увс аймгийн Малчин суманд очиж зудын гамшигтай танилцаж дүгнэлт гаргахаар гадаад, дотоодын төлөөлөгчдөөс бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Увс аймгийг зорьсон ч нисдэг тэрэг осолдож эрдэнэт хүний амь нас эрсэдсэн юм.
2001 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гарагийн өглөө “МИАТ” компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрчээ. Нислэгийн багт НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс явсан юм. Тэд ажлаа амжуулчихвал бямба гарагийн орой эргэж ирэхээр төлөвлөсөн ч үүрд эргэж ирээгүй юм.
Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангом хотоос хөөрч Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар Малчин Занадангийн өвөлжөөөнд буухыг оролджээ. Гэвч үзэгдэх орчин муу байснаас товлосон газраасаа 60 метр хазайж, улмаар газардалт амжилтгүй болснооор МИ-8 нисдэг тэрэг осолдсон юм.
Ослын улмаас багийн бүрэлдэхүүнд явсан 9 хүн амь насаа алдаж олон аав ээж хань ижил үр хүүхдийн нулимсыг урсгаж, эх оронд нөхөж баршгүй гарз тохиосон.
Эдгээр хүмүүс хорвоог орхисон ч тэднийг дурсан санах олон үйл хэргийг ар гэрийнхэн болон найз нөхөд нь санаачилсан. Тухайлбал, осол болсон газраас холгүй орших дэнж дээр 2,6 метр өндөр гантиг хөшөө босгожээ. Хөшөөн дээр “Энд 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүмүүнлэгийн үйлс тээж явсан хүмүүс эндсэн. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” гэсэн үгс бичжээ. Мөн ослоор амь үрэгдсэн есөн хүний нэрийг мөнхөлсөн байна.
Харин Увс аймгйин Малчин, Зүүнговь, Хяргас сумынханд эмнэлэгийн тусламж үзүүлэх Б.Баярмаагаар овоглосон “Баярмаа" сан байгуулагдсан.
Мөн Ш.Отгонбилэг агсны дурсгалд зориулж Эрдэнэт хотод гэрэлт хөшөө босгожээ. НҮБ-ын шинжээчдийн багт явсан Жерард Ле Клейрын гэргий Сара болон түүний андууд гэгээн дурсгалыг нь мөнхлөн хөшөө босгож “Байгаль хамгаалах" сан байгуулсан юм.
Хэдийгээр байгалийн хүчин зүйл тус осолд нөлөөлсөн ч тухайн ослын гол буруутан нь нисдэг тэргийг жолоодож явсан хоёр нисгэгчид тохогдсон. Мөн МИАТ компани ч тодорхой хэмжээний хохирлыг барагдуулсан. Тус ослын буруутанг тогтоох явц доорх шатлалаар үргэлжилсэн байна. Хэрэг шалгагдаж шүүхэд шилжсэн бөгөөд холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн ч шийвэрлэж чадалгүй нэмэлт мөрдөн байцалтанд буцааж байсан аж. Хэргийг мөрдөн байцаалтанд шалгаж дууссанаар прокурорт шилжжээ. Үүнээс хойш дөрвөн сарын дараа прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Олон жил шалгагдсаны эцэст 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргаж МИ-8 нисдэг тэрэгний нисгэгч М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахт гурван жилийн хорих ял оноож биеийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэх ял оноож байжээ.
Дараагийн 14-ний өдөр гарсан осол нь 2007 оны зургаадугаар сарын 14-нд гарсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэрэг хөөрчээ.
Бороотой үед гал унтраах даалгавар авч Мандал сум руу хөөрсөн нисдэг тэрэг осолдож, онцгой байдлын 15 албан хаагч амь үрэгдэж, есөн хүн эрүүл мэндээрээ хохирч монголын ард түмний сэтгэл зүрхийг шимшрүүлсэн билээ. Тухайн үед хэргийг шалгаж хэд хэдэн дээд албан тушаалтныг буруутгаж байсан ч хэсэг хугацааны дараа замхран алга болж хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
2001 оны нэгдүгээр сарын 14, 2007 оны зургаадугаар сарын 14-ний өдөр гээд хоёр 14 өдрүүдэд МИ-8 нисдэг тэрэгний осол болсон нь эмгэнэлтэй давхцал гэж хэлж болох юм. Олон жилийн нүүрийг үзсэнч тухай ослоор нас барсан хүмүүсийн ажил үйлс, гэгээн дурсгалыг нь монголын төр болоод монголын ард түмэн дурсахгүй өнгөрч болошгүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар хорвоог орхисон тэдгээр хүмүүсийн гавьяа зүтгэл, орон зайг хэзээ ч, хэн үл орлоно.
Үүнтэй холбоотойгоор 2014 оны энэ өдөр Улаанбаатар хотын музейд Ц.Батзориг агсны “Хүмүүс” нэртэй үзэсгэлэнг гаргаж, зурагчин Ц.Батзоригийн өөрийн гараар угаасан гэрэл зургуудыг эх хувиар нь олонд дэлгэсэн юм. Мөн түүний хэрэглэж байсан аппарат болон ослын үеэр олдсон аппаратыг мөн үзэсгэлэнд тавьжээ.
Д.Цэнд-Аюуш
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.