С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, сайд асан Б.Батзориг нарт холбогдох хэрэг зэрэг 32 эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна

2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,
  • Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь, 
  • Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь
  • Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.

 

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Зөвхөн 10 дугаар сард 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

Хууль бус үйлдлийг 110 дугаарт мэдээлэхийг хүсэв

АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.

АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

Дараа нь Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон гэх хэрэг танайд шалгагдаж байгаа юу?

-Мөрийтэй тоглосон гэх асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэнэ. АТГ-т мөрийтэй тоглосон асуудал шалгагдаагүй.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Хэрэг шалгагдаж байгаа. АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгах асуудлууд байгаа учраа мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна.

-Бөхчүүдийн допингийн асуудлын талаар тайлбар өгөөч?

-Манайд шалгагдаж байгаа хэргүүдийн нэг. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахуул авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгаж байна.

Энэ асуудлыг сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оныг хүртэлх хугацаанд шалгаж байна. Энэ хугацаанд шөвгөрсөн 109 бөх бий. Энэ 109 хүнээс дахин шинжилгээ авч, хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа юу. Гишүүн өөрөө үгүйсгэсэн байгаа.

-Д.Тогтохсүрэн гишүүнтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авч, мөнгө угаасан найман гишүүний асуудал яригдаж байна. Нэрийг нь зарлах боломжтой юу?

-УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манай  байгууллагаас 08 дугаар сарын 01-ний өдөр хариуг хүргүүлсэн. ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг  аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа  эсэхийг тогтоох зорилгоорт тухайн  байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдоод шалгаж байна. Энд найман гишүүн гэсэн асуудал яригдаагүй.

-Найман аж ахуйн нэгжийг нэрлэж болох уу?

-Уран Сэлэнгэ ХХК, Цагийн эрч ХХК, Грийн товер ХХК, Намж Сод ХХК, Цамбагарав трейд ХХК, SAME ХХК, Жигүүрт хөсөг ХХК, TБМТ ХХК гэсэн найман аж ахуйн нэгж ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан. Энд мөнгө угаасан бус зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн асуудал яригдаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга П.Цагаан нарын залилангийн хэргийн талаар?

-Ачит Их ХХК-тай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, ажиллагаа явагдаж байна.

-Шүүгч нарын хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчийг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. 

 
Г.Ганаа
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.