Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь хоорондоо ямар ялгаатай вэ

Twitter Print
2016 оны 03-р сар 12-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Газар нь хүний амьдралын анхдагч орчин болохын хувьд түүн дээр оршин амьдарч, үр шимийг нь хүртэж байхын тулд газрын харилцааг эрх зүйгээр зохицуулах зайлшгүй шаардлага бий болдог. 

Газрын эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Үүнээс газар өмчлөх асуудал нь газрын талаарх хамгийн өргөн эрх мэдлийг илэрхийлсэн ойлголт болно. Өөрөөр хэлбэл, энэ нь газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн гурван хэсгээс бүрддэг өргөн ойлголт юм.

Иймд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэж юуг ойлгох вэ?

Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно.

Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм.

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.