Хэрхэхийг тэр үеийн тэнгэр л мэдэж

Twitter Print
2016 оны 01-р сар 30-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн жил гарчихлаа хөөрхий, сунгаа ч нэгэнт ил далд эхэлчихсэн энэ цаг үед улс төрчид улам популистаад байх юм. Гэтэл цаг төрийн байдал өнөөдөр ороо бусгаа, хямрал газар авсаар. Төр засаг нь хямарчихсан, дээр нь дэлхий дахины эдийн засагт хямрал нүүрлээд байгааг хэн ч хэлүүлэлтгүй мэдэж буй биз. Тэр бүх хямрал Монголыг тойроод гарахгүй, ширвээд авах нь мэдээж.

Оны өмнөх шинэ жилийн цэнгүүнүүд дээр төр засгийн дээд эрхэмүүд улиран одсон онд хямрал үнэхээр нүүрлэж, манай эдийн засгийг дордууллаа, гэхдээ ирэх онд гайгүй биз, Оюу толгой хөдөлж эхэлсэнээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэх мэтээр өөдрөг үзэл баахан ханхлуулсан. Харамсалтай нь гэвч өөдрөг сэтгэхийн аргагүй төлөв байдал одооноос ажиглагдаж байна.

Улс орны эдийн засаг сэргэх томоохон найдвар бол мэдээж Оюу толгой. Олон улсын хэмжээний томоохон “мега” гэж үзэж байгаа уг төслийн хоёр дахь шат болох далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр шийдвэрлэж чадсан боловч дэлхий дахиныг нөмөрсөн хямрал яалт ч үгүй чөдөр тушаа болох шинжтэй байна. Манай эдийн засагчид харин үүнийг анхаарч, үг дуугарч амжаагүй байгаа бол гадныхан бэлээхэн баримт нотолгоо гарган дэлхий дахинд түүхий эдийн үнэ цэнэ улам доошлон унасаар байхыг анхааруулж байх аж. Тухайлбал Bloomberg, Хятадын эдийн засгийн өсөлт унасаар буй нөхцөлд түүхий эдийн эрэлт хэрэгцээ бүр 26 хувиар доошилно гэж үзэж байна. Энэ онд бүр 2008 оныхоос дор орно гэж дэлхий дахины эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын гол чиг баримжааг гаргадаг уг байгууллага тэмдэглэж байгаа бол дэлхий дахины эдийн засгийн гол эрэлт хэрэгцээг тодорхойлдог Хятад улсад энэ онд бараа бүтээгдэхүүний үнэ тэгтлээ өсөхгүй, харин ч унана гэж шинжээчид дүгнэжээ. Энэ таамаглал ёсоор бол байгалийн түүхий эдийн зах зээлийн үнийн уналт Монгол улсад тухайлан хүнд тусах нь мэдээж. Учир нь зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг Хятадаас шууд хамааралтай, яв цав барилцалдан зууралдаж хоцорсон бүтэцтэй болсон. Чухам үүнээс шалтгаалж “Хятад шаазанд” гарсан жоохон л ан цав, манайд бүр том цууралт авчирна. Гэтэл бидний цээж тооцоогоор Оюу толгойн хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр наад зах нь гурван мянган хүн ажлын байраар хангагдаж, улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр үзүүлэх хөрөнгө хөдөлж эхэлнэ гэх. Дараа нь мөн энэ ондоо Таван толгой болоод Гацууртын ордоо хөдөлгөж, үр шимийг нь амсах ёстой. Тэр цагт элгээрээ харуулдаад байгаа эдийн засаг сэргэж, долларын ханш тогтворжиж, монгол төгрөг үнэгүйдэх аюулаас аврагдана гэнэ. Харамсалтай нь тэр цагт Монголын байгалийн баялгийг борлуулах гол зах зээл болдог Хятад таг суучих нэг аюул байна. Тэр нөхцөлд эдийн засаг сэргэж эхэлнэ гэдэг тооцоо эндүүрэл болоод хоцорвол хөөрхий.

Үүний хамт улсын ядмагхан төсөв зардлыг хуу хамаад явчих хоёр томоохон үйл явдал залгаад ирнэ. Юун хэмээвээс, УИХ-ын ээлжит сонгууль, болоод АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт. Сонгуулийн жилд эдийн засаг хүссэн хүсээгүй тэлээд ирдэг нь илт анзаарагддаг. Тэгээд тэр их тэлсэн хөрөнгө мөнгөөр туйлж өндөрлөсөн сонгуулийн дараа залгаад ялсан намуудын баяр ёслол үргэлжлэх бол араас нь бас үндэсний их баяр наадам золгоод авна. Бас л их мөнгө хөрөнгө. Ар араасаа угсрах эдгээр тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын араас улсын төсөв хөрөнгийг шууд хамаад явчих АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалт эхэлнэ. Улс төрийн олимп гэгддэг энэ уузалт долдугаар сарын 15-16 өдрүүдэд болох бөгөөд Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх нэгэн чухал боломж хэмээн үзэж байгаа билээ.

АСЕМ (ASEM-Asia-Europe meet­ing) бол Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага билээ. Хоёр жил тутамд нэг хуралддаг 53 улс орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагад манай улс 2008 онд гишүүнээр элссэн түүхтэй.

Ази, Европын 51 улс орны төр засгийн тэргүүн нар, Европын холбооны удирдлагууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Мөн тус орны Засгийн газрын сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд 4500 гаруй зочид ирэхээр дуулдаад байгаа. Төлөөлөгчдийг хүлээн авах нэр бүхий 42 зочид буудалд АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн итгэмжлэл гардуулсан. Монголд АСЕМ-ийн хурал болсноор манай аялал жуулчлал хөгжих үүдийг нээж, эдийн засгийг өөд нь татна гэж үзэж байгаа. Энэ ач холбогдлын үүднээс бэлтгэл ажилд зориулж өнгөрсөн онд улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол энэ онд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэж гаргахаар тусгаад байна.

Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох энэ уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаанаар ахлуулсан зургаан ажлын хэсэг гаргасан билээ.

АСЕМ-ын уулзалтад зориулж 5379 ор, 3586 өрөө, түүний дотор 37 ерөнхийлөгчийн өрөөтэй 43 зочид буудлыг эхний байдлаар сонгон авч итгэмжлэлийг гардуулсаны дотор одоогоор ашиглалтад ороод байгаа Holiday Inn, Radisson, Sheraton, H8, Shangri La, Alfa зэрэг томоохон зочид буудлууд ч багтсан буй.

Төрөөс эдгээр зочид буудлуудаа дэмжиж  тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэгсэл, засвар, тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэхэд нь зориулж нийт 198 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөөд байсан. Харин итгэмжлэл гардуулсан нийт 43 зочид буудлаас 34 нь хөрөнгө оруулалт хүссэний дагуу олгож буй зээл нь 3-5 жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй, нэг зочид буудалд 30 хүртэл тэрбум төгрөгөөр тооцоолсон байх жишээтэй.  Ийм их хэмжээний төсөв зардал гарах нь. Гэхдээ энэ бол ердөө урьдаас харсан багцаа тоо баримт. Харин уулзалт өндөрлөсний дараа хэдий хэрийн зардал гарсныг тооцож үзэх цаг ирэхэд Монгол улсын эдийн засаг ёстой элэг, дөрвөөрөө хэвтсэн байх аюул харагдаж байна.

Гэтэл манай улсын гадаад, дотоод нийт өр өнгөрсөн оны гуравдугаар улиралд 13,912,523,068,305.20 төгрөг болоод байсныг Сангийн яамны тайлан мэдээллээс харж болно. Хэрэв доллароор илэрхийлэх юм бол 20,9 тэрбум. Ийм л нөхцөл байдалд бид шинэ оноо угтлаа. Харин улс орны эдийн засаг хэрхэхдээ тулж, амьдрал ямаршуухан байхыг тэр үеийн тэнгэр л мэдэх хэрэг болж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.221.176) 2016-01-05 18:16
      • 0
      • 1

      Ene zochid ni oordsoo mongoo toldog l bgaa shte bair hoolniihoo. Ter mongo ni haashaa ochdog bol?

      Хариулах