Онгоцонд биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Соёлтой аялагчдын дүрэм

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явах талаар маш олон заалт байдгийн адил нислэгийн үеэр ч бас онгоцонд мөрдөх хэрэгтэй хэд, хэдэн чухал дүрэм бий.

Зөвхөн өөрийн төдийгүй эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүйн тулд нислэгийн үеэр баримтлах хэрэгтэй үндсэн дүрмүүдийг танилцуулж байна.

Ухамсартайгаар суудлаа сонгох

Бүх зүйл маш энгийн. Та их хэмжээний ус уух дуртай юу? Хэрэв тийм бол гарцтай талд сууна уу. Унтаж амармаар байна уу? Тэгвэл цонхон талын суудал сонгон, шингэн зүйл бага уугаарай. Мөн голд сууж буй зорчигч хоёр талын гарын түшлэгийг ашиглах эрхтэй гэдгийг санаарай. Хэрэв ямар нэгэн гэр бүл эсвэл хосууд онгоцны бүхээгийн хоёр өөр талд суухаар болж, тэд тантай байраа солихыг хүсвэл та эелдэг зан гарган зөвшөөрөхийг хичээгээрэй. Учир нь ихэвчлэн зорчигчдын бус агаарын тээврийн компанийн алдаанаас болж ийм төрлийн нөхцөл байдал үүсдэг байгаа.

Хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаанд урьдчилан бэлдэх

Та анх удаа онгоцоор нисэх гэж байгаа бол электрон болон металл эд зүйлсийг металл илрүүлэгч төхөөрөмжөөр шалгадаг гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл халааснаасаа гар утас, зоос зэргийг гаргаж, бүс (хэрэв металл оруулгатай бол), бугуйн цагаа тайлах хэрэгтэй юм. Түүнчлэн цүнхнээсээ компьютер, 100 мл дээш хэмжээтэй шингэн зүйлсээ гаргаарай. Хэрэв та 100 мл дээш хэмжээтэй шингэн зүйлс авч явахыг хүсвэл гар тээшинд бус чемодандаа хийхийг зөвлөж байна. Үүнээс гадна та ардаа дараалан зогсож буй хүмүүсийг хүлээлгэхгүйн тулд паспорт, онгоцны тасалбараа урьдчилан бэлдэж, бичиг баримтыг тань асуух үед үргэлж гартаа бэлэн байлгах хэрэгтэй.

Өөрийн хүүхдүүдийг хянаж, бусдын хүүхдүүдтэй соёлтой харьцах

Хүүхдүүдтэйгээ нисэж байгаа тохиолдолд тэдний ааш авир болон биеэ авч яваа байдалд нь анхаарч, бусад хүмүүсийн тав тухыг алдагдуулж байгаа эсэхийг нь хянаарай. Хэрэв танд бусдын хүүхэд саад болж байвал тухайн хүүхдэд сануулга өгөхийн оронд шууд эцэг эхэд нь хандахыг зөвлөж байна. Харин нярай хүүхдийн хувьд та зүгээр л тэвчээд өнгөрөх хэрэг гарна. Мөн та нислэгийн үеэр хүүхдэдээ хүүхэлдэйн кино үзүүлэн саатуулах гэж байгаа бол заавал чихэвч авч явах ёстой бөгөөд таны хөрш унтаагүй байсан ч видеоны дууг чангаар сонсох хэрэггүй гэдгийг зөвлөе.

Related image

Сандлын түшлэгийг огцом буулгахгүй байх

Хэрэв та энгийн зэрэглэлээр нисэж байгаа бол сандлын түшлэгээ боломж гармагц тултал нь буулгахаа азнан эхлээд ард тань сууж буй зорчигчоос зөвшөөрөл аваарай. Хөрш тань дургүйцэхгүй нь лавтай. Мөн тэрээр энэ хооронд хоол болон уух зүйлсээ хурааж амжина.

Чимээ, шуугиан гаргахгүй байх

Онгоцны бүхээгт хэн нэгэнтэй халуун яриа өрнүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Тэглээ ч хаалттай орон зайд урт хугацааны турш ярих нь зохимжгүй. Ер нь бусад зорчигчид таны эргэцүүлэл, үзэл бодлыг 10-аас дээш минут сонсохыг хүсэхгүй л болов уу. Хэн нэгэн тантай үнэхээр ярилцахыг хүсэж байгаа эсэхийг та сайн ойлгохгүй байвал харилцагчийнхаа “биеийн хэлийг” ажиглаарай. Хэрэв тэр удаа дараа танаас харцаа бууруулж, өөр тийш харж байвал магадгүй та ном унших, кино үзэх гээд өөр зүйлд төвлөрсөн нь дээр биз ээ.

Image result for онгоцонд яарах

Онгоцны үйлчлэгчтэй эелдэг харилцах

Энэхүү энгийн бөгөөд үндсэн дүрмийг хүмүүс ихэнх тохиолдолд мартаж орхидог. Хэрэв та онгоцны үйлчлэгчээс ямар нэг зүйл хүсэх гэж байвал түүний анхаарлыг татахын тулд биед нь хүрэх гэсний хэрэггүй. Мөн та боломжоороо онгоцны үйлчлэгчийг хэт ачаалалтай үед нь түүнд хандахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хоолоор үйлчлэх, онгоц хөөрөх болон газардах үед тэдэнд бүү саад болоорой. Эцэст нь онгоцны үйлчлэгчийн гол үүрэг даалгавар бол танд үйлчлэх бус харин таны аюулгүй байдлыг хангах гэдгийг санаарай.

Яарах хэрэггүй

Онгоц газардаагүй байхад хүн бүхнээс түрүүлж гарах гэж хичээн, гар тээшээ буулгах нь бусдад төвөг удсан, маш бүдүүлэг үйлдэл. Мөн онгоцноос буухаар урд тань эгнэн зогсож буй хүмүүсийг гүйцэж түрүүлэх гэж хичээх хэрэггүй бөгөөд үнэхээр онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд онгоцны үйлчлэгчид мэдэгдсэнээр арай хурдан онгоцноос буух боломжтой.

Image result for онгоцонд яарах

Тээш хүлээн авах хэсгийг таглаж зогсох хэрэггүй

Онгоцноос буусны дараа өөрийн ачаа тээшийг зайнаас хүлээн зогсох нь зүйтэй. Ингэснээр бусад зорчигчид тээшний дамжуургыг бүхэлд нь харж чадна. Харин та энэхүү тээшний замыг хаан зогссоноор бусад хүмүүст ачаагаа олж харах боломжийг нь олгохгүй байна гэсэн үг юм.

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.