Д.Санжаасүрэн: Тэшүүрийн спортод хүчин зүтгэсний том гавьяа нь олимпт оролцсон явдал

Twitter Print
2016 оны 01-р сар 04-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Тэшүүр, Үндэсний сурын спортын мастер, Үндэсний сурын улсын хүндэт мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Д.Санжаасүрэн багштай ярилцлаа. 

-Таныг Увс аймагт төрсөн ч Завханы Баянхайрханаар овоглож явдаг гэсэн. Таны аав Баянхайрханы хүн байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний түүх их сонин. Өвөг эцэг маань Бурдуков гэсэн Тува гаралтай хүн байсан юм. Анх Баянтэс суманд амьдрахаар ирж, Бордух гэдэг нэртэй болсон гэдэг.  Өвлийн цагтаа Увсын Зүүнхангай тийш өвөлжиж байгаад тэндээ үлдсэн юм билээ.  Харин өөрийн өвөө маань Бордухын Даш гэж хүн байсан. Би энэ өвөө, эгч, ах гурав дэрээ өссөн хүн. Харин төрсөн эцэг маань Баянхайрхан сумын уугуул Жамбалжавын Дугаржав гэж хүн байсан гэдэг. Насаараа Төмөр замд ажилласан хүн юм билээ. Тэгэхээр би  Увс аймагт төрсөн боловч Завханы Баянхайрханы хүн юм. Тиймдээ ч аавыгаа дагаж Баянхайрханаараа овоглож явдаг. 

-Хэзээнээс Завхан нутагтаа суурьших болов?

-1964 онд Улсын багшийн их сургуулийг төгссөн. Тэр үед дээрээс шууд хуваарилдаг байлаа. Бурхан намайг аавын минь нутаг руу хуваарилсан юм байлгүй.  Намайг Завхан аймагт томилсон байсан. Ингээд 1964-1970 он хүртэл Завханы төвийн арван жилд бага ангийн багш, пионерийн удирдагч хийсэн. 1970 онд УБИС-д суралцаж, тэндээ хоёр жил багшилсан. Тэгээд гэр бүлийн хүн маань Анагаах ухааны дээд сургууль төгсөөд мөн Завханд ажиллахаар болсон. Хань маань Цагаанхайрхан сумын хүн. Ингээд дахин нутагтаа ирж, төвийн арван жилдээ биеийн тамирын багшаар ажиллах болсон. 

-Спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангайн сургуульд байх үед Хавар болохоор гадаа воллейбол тоглодог байв. Мөн 5-7 дугаар ангидаа Турууны сангийн аж ахуйд байсан. Тэр үед дөнгөж сургуулиа төгсөж ирсэн залуу хүмүүс тэнд багшилдаг байлаа. Тэгээд л амралтын өдрөө Турууны хоёр салаа том голын мөсөн дээр гулгаж тоглоно.

н.Цэрэнпил гэдэг багш бүжгийг канкигаар эргэж тойрч бидэнд гулгаж сонирхуулна. Мөн химийн багш Чингил хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглоно. Тэр бүгдээс л спортыг анх мэдэрсэн гэж болно. Тэнд сурч байхдаа би тэшүүрийг сонирхож, гулгаж сурсан. Бүр улирлын амралтаараа гэр рүүгээ явахгүй дотуур байрандаа үлдчихээд, эсгий гутланд модоор чагталж бэхэлсэн канкигаар өдөржин гулгадаг байлаа. 

-Завхан аймагт Биеийн тамирын багшаар ажиллах үеэсээ тэшүүрийн спортыг сурагчдад зааж эхэлсэн үү?

-Тасралтгүй арван жил биеийн тамирын багш хийсний дараа, аймгийн удирдлагууд намайг Биеийн тамир спорт хорооны даргаар ажиллахыг хүссэн. Ингээд спорт хорооны даргаар найман жил ажилласан байдаг юм. Манай аймаг чинь Улиастай, Богдын гээд сайхан урсдаг голтой шүү дээ. Анх бага ангийн багш хийж байх үеэс л гулгадаг байв. Тэр үед пионерийн удирдагч н.Балдан гэж мөн гулгадаг, бид хоёр ханьсаад л их гулгана.

1966 оны үед санагдаж байна, аймгийн спорт нийгэмлэгийн даргаар н.Гүржав гэж хүн ирж ажилласан. Энэ хүн бол Биеийн тамирын дээд сургууль төгссөн, улсын тэшүүрийн шигшээ багт байсан, дэлхийн аварга, олон улсын тэмцээн, уралдаанд оролцсон, улсын рекорд ч тогтоож байсан мундаг тамирчин залуу байлаа. Энэ хүн бидний гулгадаг гэдгийг сонсоод гулгаж байхыг ирж үзсэн юм. Ингээд намайг, н.Долгорсүрэн, түүний ах н.Вандандорж, н.Түмэнбаяр бид хэдийг цуглуулж тэшүүрийн талаарх арга зүйн зөвлөгөө, бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Удалгүй тэр багш маань буцаад хот руу явах болж, явахдаа тэшүүрийн бэлтгэл сургуулилтын талаар бичсэн орос номыг надад өгч, бэлтгэлээ тасралтгүй хийж байхыг зөвлөсөн. 

-Бие даан сургуулилт хийсэн үр дүн хэр байсан бэ?

-Нөгөө орос номоо орчуулаад л бэлтгэлээ хийсээр байсан. Бүгд муугүй гулгадаг болсон юм. Бүр Улсын аваргад ирж оролцоно. Би хөдөөний дунд сургуулийн багш гэхэд улсад тав дугаар байранд орж, тэшүүрийн нэгдүгээр зэргийг авч байлаа. 1968 онд юм даа Долгорсүрэн, Вандандорж хоёр улсын шигшээ багт орсон. Тэшүүрээр хичээллэх хүний тоо ч нэмэгдэж эхэлсэн. Чамгүй амжилтыг ч гаргаж эхлэсэн. 

н.Должин гэж шүдний их эмч бий шүү дээ. Тэр маань улсаас хүрэл медаль хүртэж байлаа. 1977 онд есдүгээр ангийн сурагч н.Наранцэцэгийг улсын аваргад авчирч таван мөнгөн медаль авч байв. Дараа жил нь Улсын аварга болсон. Өөрөө аваагүй медалийг шавь нар маань авах үед маш их урамшиж, өвөл зунгүй бэлтгэл хийх болсон. Аймагтаа бүр тэшүүрийн секц хичээллүүлдэг байлаа. Миний бэлтгэсэн хүүхдүүд тэшүүрийн спортын 21 зайд улсын аварга болж, нийт 61 медаль, улсын рекордыг олон удаа тогтоосон амжилттай байдагт одоо ч бахархаж явдаг.  

-Зөвхөн тэшүүр гэлтгүй воллейболын олон шавь нар байдаг шүү дээ. Хэдийд нь воллейболоор хичээллэж байв?

-Аймгийн спорт хороон даргын ажилтай, харьцангуй цаг, зав ихтэй болсон. Тэшүүрээ өөр хүнд хариуцуулж өгөөд, воллейболын секц хичээллүүлж эхлэсэн. 1977-1994 он хүртлэх хугацаанд гэсэн үг. Үүний үр дүнд миний шавь нар 16 удаа аймгийн аварга, бүсэд арван удаа түрүүлж, улсын тэмцээнээс I, II, III байрыг тус бүр гурван удаа эзэлсэн ийм амжилт бий.  

-Таныг Монгол Улсаа төлөөлөн өвлийн олимпид оролцож байсан гэж сонссон?

-Тэшүүрийн спортод хүүхдүүд сурган, хичээллүүлж амжилтад хүргэсний дүнд шавь нараас маань 10 орчим хүн спортын зэрэг, цолонд хүрсэн байдаг. Үүний ач гавьяа юм уу 1980 онд Америкт болсон өвлийн цагаан олимпид Монгол Улсыхаа тэшүүр, цаначдын дасгалжуулагчаар оролцсон. Тэр үед би дунд сургуулийн багш байсан. Миний тэшүүрийн спортод хүчин зүтгэсний том гавьяа нь олимпид оролцсон явдал юм даа. 

-Завхан аймагт Үндэсний сур харваа хөгжсөн  түүх тантай салшгүй холбоотой гэж ярьдаг юм билээ?

-Үндэсий сур харвааг хөгжүүлэх бодол яагаад ч юм надад байдаг байлаа. Тэшүүр, воллейбол гээд цаг гарахгүй яваад л байсан юм. Тэгж байгаад Улаанбаатарт нэг орж ирэхдээ Дорнодын харьяат н.Гэнэн гээд, улсад хоёр удаа түрүүлсэн өвгөн багштай уузсан юм. Завхан аймагт сур хөгжүүлэх бодолтой байгаагаа хэлтэл, хүнд юм сургах, заах хүн өөрөө чадахгүй, мэдэхгүй байна гэж таарахгүй, эхлээд өөрөө харваж сур гэсэн. Ингээд 1990 оноос үндэсний сураар хичээллэж эхэлсэн. Завханд хэд хэдэн удаа харваачдыг урьж заалгаж, сур хөгжүүлэх ажил өрнөсөн. Тэгээд улсын тэмцээнд оролцуулахаар аймгийн төвөөс н.Долгормаа, Тосонцэнгэлээс Шагжсүрэн гуай хоёрыг авчирдаг юм байна. Тэгтэл Шагжсүрэн гуай "Манай нэг хүү байгаа юм. Түүнийг улсын тэмцээнд явуулбал ямар вэ" гээд, Тосонцэнгэлээс Даваахүүг дуудууллаа. Бэлтгэл хийлгэхээр н.Гэнэн гуай манай аймагт ирсэн байсан юм. Ш.Даваахүүг явуулах талаар түүнтэй ярилцсанд юм дуулгана шүү, улсын тэмцээнд явуулаад үз гэсэн. Тэр ч ёсоор болж, Ш.Даваахүү тэр жилийн улсын аваргад түрүүлж, спортын мастер болов.

Мөн хэд хоногийн дараахан болсон улсын наадамд түрүүлж мэргэн цол, Хэнтий аймгийн Дэлүүн болдогт болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн баяр наадамд түрүүлж хошой мэргэн цол  авч байсан түүхтэй. Түүнээс хойш сур хөгжүүлэх бодол, ажилдаа шуурхайлан орсон доо. 

-Хүнд сур харваа заахын тулд өөрөө эхэлж харваж сурсан гэсэн. Таны хувьд сур харваагаар ямар амжилт үзүүлж байв?

-Би 1992 оноос эхлэн харваж эхлэсэн. 1993 оноос улсын тэмцээнд орсон. Улмаар тэр жилээ улсын аваргад оролцож үндэсний сурын спортын мастер болсон. Завхандаа бага олимп гэж зохион байгуулж, түүндээ үндэсний сур харвааг оруулж өгсөн. Ингэснээр Завхан аймаг улсдаа эхний гуравт ордог, улсдаа түрүүлдэг мэргэн харваачидтай болсон юм.  Сурыг хөгжүүлэх гэж хүчин зүтгэж, энэ спортоор хичээллэж явсан шавь нараас маань улсын мэргэн тав, спортын мастер 28 төрөн гарсан байдаг юм. 

-Завхан аймагт хөгжүүлсэн спортын талаар бичсэн ном байдаг юм уу?

-Завхан аймагт спортын талаар ер нь гарсан ном тун ховор. Би спорт хороон дарга хийж байхдаа "Наян бөхийн намтар" гэж ардын хувьсгалын жилүүдэд аймагт түрүүлж, улсад барилдсан, улсын цол авсан бөхчүүдийн талаарх номыг гаргаж байсан.

Мөн воллейболд орсон тухай, түүгээр хичээллэж тэмцээн уралдаанд орж явсан талаараа гар бичмэл бичсэн байдаг юм. Зөвхөн тухайн үед багт байсан наймаг хүүхэддээ хувилан өгсөн байдаг. Үүнийг л ном болгоод үлдээхсэн гэж боддог юм.  Түүнчлэн сурын спортоор хичээллэсэн, Завханы харьяат спортын мастерууд гээд олон хүний намтар, гаргасан амжлтын талаар цуглуулсан, мөн л ном болгоод үлдээхийг зорьж байна. 

-Удахгүй таны нэрэмжит воллейболын аварга шалгаруулах тэмцээн аймагт болох гэж байгаа юм байна?

-Шавь нарын маань санаачлагаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-17-ны өдрүүдэд болох юм. Энэ тэмцээнийг тохиолдуулан шавь нартайгаа уулзна. Мөн тус тэмцээнийг тохиолдуулан  воллейболыг хөгжүүлэх залгамж халаа болсон багш нартаа онол байг гэхэд өөрийн туршлага, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт орох төлөвлөгөөтэй байна.

-Мэдээж воллейболын спорт болон бусад олон шавь нартаа хандаж хэлэх үг байгаа байх?

-Воллейболоор хичээллэж, нэг баг болж явсан шавь нартаа зориулан бичсэн гар бичмэлийн төгсгөлийн үг биелэлээ олж байгаад туйлын баяртай байна. Мөн Завхан аймгийхаа нэр төрийг улсад гаргаж, тухайн үед дааж, давашгүй хүнд бэлтгэл хийж, түүнийгээ даван туулж, амжилтанд хүрсэн бүх шавь нартаа баярлаж явдагаа хэлье. Багшийхаа нэрэмжит тэмцээн хийж, идэр залуу үеээ эргэн дурсах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Мэргэжлээрээ ажиллаж байгаа спортдоо хүчин зүтгэж байгаа шавь нартаа хандаж бидний хүрээгүй өндөр амжилтанд хүрээрэй гэж захиж хэлээр байна. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье. 

-Гар бичмэл дээрх ямар үг биелэлээ олж байгаа вэ?

-Би ажлаа өгөөд 1994 онд хот руу шилжих үед шавь нартаа зориулж гар бичмэл үлдээсэн гэж дээр хэлсэн. Түүний төгсгөлд "Бидний хамтран хөдөлмөрлөж явсан аз жаргалтай он жилүүд, хожиж, хожигдож явсан сэтгэл хөдөлгөм тоглолтууд, алт, мөнгө, хүрэл медаль зүүгээд шагналын тавцан дээр зогсож байсан баярын нулимастай азтай мөчүүд, Хөлс асгаруулам хөдөлмөрлөж байсан хорвоогийн халуун хүйтэн өдрүүд, сэтгэлийн тэнхээ мэдэн хийж байсан хүндхэн бэлтгэлүүд, воллейболын спортыг олон түмэнд хүргэхийн тулд сум отогт очиж тоглож байсан үзүүлэх тоглолтууд, эд бүгд шавь та нарын минь хүүхэд ахуй цаг, миний идэр настай хамт түүх болон ард үлдлээ. Эд бүгдийгээ эргэн дурсаж ярих тэр мөч хүртэл баяртай, биднийг улс даяар алдаршуулсан воллейбол минь, спорт минь баяртай гэсэн байдаг юм.  

Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 

О.НОМИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.