Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл

2017 оны 03-р сар 20-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. 

Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгаль цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Тиймээс www.mongolcom.mn сайт танд үндэсний хувцасны түүх соёл болоод үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийн тухай мэдээллийг хүргэж байгаа билээ.

Халх үндэстний хувцас

Малгай: Дундад эртний монголчуудын өмсөж байсан малгайн хэлбэрийг судлаачид дөрвөн үндсэн хэсэгт хуваадаг. Эхний төрөлд, оройн хэсэг бөмбөгөрдүү боловч ар шилэвч нь эгц доош унжиж шилэн хүзүүг бүрэн халхалсан лоовууз буюу юүдэн хэлбэрийн малгай хамаарна. Орчин үеийн юүдэн малгайтай нэн төстэй. Хоёр дахь төрөлд бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, ар шилэвчийн хэсэг хойшоо налуу байдалтай ерөнхийдөө дүгэрэг хэлбэрийн малгайг хамруулдаг. Гурав дахь бүлэгт тоорцог маягийн жижиг дүгэрэг малгайг хамааруулдаг. Зарим нь сампин маягийн оройтой, зарим нь хавтгай оройтой байдаг. 

Дөрөв дэх төрлийн малгай нь бөөрөнхийдүү буюу гурвалжин хэлбэрийн оройтой, сууриараа өргөсч дэрвийсэн, ерөнхийдөө хонх хэлбэрийнх ажээ. Дундад эртний монгол хаадын малгайд байсан цомбон гозгор оройг “дог жинс” хэмээдэг байснаас үүдэлтэйгээр малгайн оройг сампин зангиддаг болсон. Ерөнхийд нь авч үзвэл, монгол малгай эрт цагт пөмбөгөр өндөр оройтой байснаа гозгор нарийхан болж, намссаар сүүлдээ лоовуузан хэлбэрт малгайг түгээмэл хэрэглэх болжээ.

Монгол малгай загвар хийцийн хувьд 200 гаруй төрөл байдаг. Халуунд халхавч хүйтэнд нөмөр болж, морь унаж явахад өөдөөс ирэх салхийг хагалахаар хийсэн өндөр оройтой байдаг. Одоо үед ихэвчлэн чихтэй тоорцог, лоовууз, юүдэн зэрэг үндэсний малгайг хэрэглэдэг. Монгол малгайн нийтлэг шинж бол малгай болгоны орой тэнгэр өөд тэмүүлсэн шовгор, улаан цацаг, оройн сампин, хос залаа юм. 

Малгайн хэсэг бүр өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Малгайн оройг эх дэлхий, сампингийн доод талын тавыг нар, дээд хэсгийг нь Сүмбэр уул хэмээнэ. Энэ нь газар дэлхий дээр алтан нарны доор Сүмбэр уул мэт амьдарна гэсэн утгатай. Тойруулан ширсэн 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суух монголын олон ястангууд хэмээн тайлбарладаг. Малгайн сампин бол монголчуудыг нэг гар шиг зангидаж байна гэсэн үг бөгөөд оройноос унжсан улаан цацаг нь нарны цацрагийг бэлгэддэг. Хар өнгөөр малгайныхаа буулгыг хийдэг байсан нь монголд харийн дайсан байна гэдэг утга бөгөөд энэ нь нэг л өдөр дуусч харийн дайснууд тас татагдана гэдгийг малгайн ар хэсгийг сэтлэн илэрхийлсэн ажээ. 

Сэтэлсэн хэсгийн доороос хос улаан залаа унжуулснаар монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах бадарч байна хэмээн үздэг ажээ. Улаан залаа нь баяр бахдал мандал бадралыг илтгэдэг. Мөн хоёр залаа нь “амь нас” гэсэн илэрхийлэл бөгөөд малгайн хар хүрээ нь хил хязгаараа бат хамгаалж мөнх амьдарна гэсэн санаа юм хэмээн тайлбарлах нь ч бий.  Малгайг дугуй, ланз, пүүзэн хээтэй торгоор урлаж сэнж, эвэр, хамар угалз, өлзий хээгээр чимдэг.

Дөрвөн талт жанжин малгайн дөрвөн тал нь урьд цагт Монгол улсад байсан халх дөрвөн аймгийг төлөөлжээ. Тийм учраас дөрвөн талт жанжин малгай нь хүндэтгэлийн өмсгөл бөгөөд тэргүүн дээрээ эх орноо мандуулан байгаа гэсэн бэлгэдэлтэй хэмээдэг. Эр хүний малгай бүсийг хамгийн хүндэтгэлтэй газар тавьж хадгална. Европ хүмүүс малгайгаа тайлж бусдад хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд эсрэгээрээ малгай бүстэйгээ хүнтэй мэндэлж хүндэтгэдэг.

Халх хүүхдийн өвлийн малгай

Монгол дээл: Судлаачид монголчуудын дээлийг гурван төрөлд ангилан үзжээ. Нэгд, урт нарийн ханцуйтай, зөв хандсан ташуу энгэртэй, урт хормойтой дээл өмсөж, тольт бүс бүсэлдэг байжээ. Дээлийн хормойг лууны дүрс болон өөр төрлийн хээ угалзаар чимэглэн гоёдог. Өвлийн улиралд хүйтнээс хамгаалж “додиг” хэмээх мөрөвчийг дал мөрөн дээрээ давхар өмсдөг байжээ. Энэ тухай хятадын сурвалж бичигт “монголчууд дээлэн дээрээ давхар мөрөвч өмсдөг, түүнийгээ булганы арьсаар хийдэг байсан тухай” тэмдэглэжээ. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт иймэрхүү мөрөвч бүхий өмсгөлтэй хүн чулуун хөшөө ч олджээ. Монгол дээл өмсгөлийн хоёр дахь төрөлд урт ханцуйтай дээл, түүн дээр өмсдөг адил урттай, тохойноос дээгүүр богино ханцуйтай, хоёр талдаа урт оноотой давхар өмсгөл хувцас хамаарна. Ерөнхийдөө монгол эхнэр дээлэн дээрээ цэгдэг буюу ууж өмсдөгтэй адил ажээ. Монгол дээлний гурав дахь төрөлд ерийн дээлтэй ижил нарийн ханцуй, урт хормойтой боловч зах заамгүй цулгуй энгэртэй дээл хамаарна. Өөрөөр хэлбэл зөрүүлсэн энгэргүй битүү дөрвөлжин энгэртэй бөгөөд олон хуниас нугалаас бүхий дээл байжээ. 

Монгол дээл нь хэдийгээр манж энгэртэйгээр үлдсэн боловч үндсэн монгол дизайнаа хадгалсаар ирсэн бөгөөд монгол маягийн баруун энгэртэй, түрэг маягийн зүүн энгэртэй гэж хоёр хуваагдана. Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дуурайж, тэднээр дамжин Зүүн Өмнөд Азийн орнуудад монгол хийцийн хувцас түгсэн гэж судлаачид үздэг. 

Дээл хувцсыг анхлан зохиохдоо монгол хүний эрүүл мэнд, биеийн онцлог байдалд нийцэхээр хийжээ. Дээл нь монгол хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, морь унахад тохиромжтой, цээж рүү салхи үлээхээс хамгаалсан баруун талдаа зөрдөг битүү хаасан энгэртэй, гарыг даарахаас хамгаалсан нударгатай, хучлага болохуйц өргөнөөс гадна дээд доод биеийг жавраас халхлах давуу талтай. Морин дээр дотор эрхтэн сэгсрэгдэхээс сэргийлж өргөн бүс бүсэлдэг онцлогтой. Бүсэлсний дараа энгэр нь аливаа жижиг хэрэгцээт юмсыг өвөртлөхөд зохицсон халаас болно.

Монгол оронд нутагладаг 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд хүүхэд эрэгтэйчүүдийн дээл хувцас ойролцоо боловч эмэгтэйчүүдийнх нилээд ялгаатай байдаг. Монгол дээл нь сайтар бодож боловсруулсан хийцтэй учраас эсгэсний дараа бараг өөдөс үлддэггүй, эгэл жирийн хирнээ нарийн эсгүүртэй. 80-90 сантиметр өргөнтэй торго бөсөөр дээл эсгэхэд тухайн хүний өндөр намаас шалтгаалан 4-6 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг тааруулан эсгэдэг учир арай илүү торго хэрэглэнэ. Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй ба хурган дотортой дээл, өвөлдөө үзүүрсэг буюу цувцаа дээл өмсөнө.


 

Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дан эмжээр бүхий дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос арай элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. 

Халх эмэгтэйн дээл нь хурц тод өнгөтэй, урт ханцуйтай, дэргэр мөртэй, дээлэн дээр цэгдэг буюу ууж өмсөж гоёдог. Ууж нь ханцуйгүй бөгөөд энгэр нь голоороо тууш задгай байдаг. Гоёлын ба ажлын гэсэн хоёр янзын ууж байх бөгөөд цээж ууж, урт ууж гэсэн ялгаатай.

Гэрийн эзэгтэйн ёслол хүндэтгэлийн өмсгөл бол ууж бөгөөд дээлний өнгөнөөс өөр өнгийн эдээр хийдэг. Эмэгтэйчүүдийн дээлний өнгийг тухайн бүсгүй хүний намба төрх, нүүр царай, унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгт тохируулан сонгодог байна. Ойрад буюу Баруун монгол эрэгтэйчүүд халх эрэгтэйчүүдийн адил загварын дээл өмсөх боловч өвөлдөө дан цагаан нэхийгээр хийсэн, өнгө татаж гадарлаагүй “дэвэл” хэмээх дээл, өнгө татаж гадарласан “үч” хэмээх нэхий дээл өмсөнө.

Харин зундаа бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг. Нэхий дээлэнд 8 хонины нэхий ордог бол хурган дээлэнд 30-32 арьс орно. Ишгэн дээлийг хөнгөн хэмээн настайчууд голдуу өмсдөг байжээ. Анчин гөрөөчин хүний дээл нь эртний ойн иргэдээс өвлөсөн ахар хормойт дээл бөгөөд бараг эмжээргүй, цөөн товч шилбэтэй байдаг. Ахар хормойт дээлийг бэл бэнчингүй ядуувтар айлууд хэрэглэх бөгөөд ихэвчлэн ан гөрөөгөөр амь зуудагтай холбоотой ажээ.

Бүс: Хүйтэн сэрүүн нөхцөлд биеийн дулааныг хадгалахын тулд дээлийг бүсэлдэг байснаас гадна чөдөр, ногт, хуйв, хутга, хэт цахиур зэрэг хэрэгслийг гарын дор бэлэн авч явахад тустай байжээ. Аян дайнд мордохдоо хутга, сэлэм, саадаг, хоромсогоо бүсэндээ хавчуулан явдаг. Одоо үед хэдэн давхар ороосон  урт торгомсог эд бүсэлдэг болсон бөгөөд бүс нь эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын бэлгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. 

Монголчууд бүсээ зангидахыг цээрлэдэг бөгөөд хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад хамгийн ахмад хүнд очин бүсний зангилаагаа гаргуулахыг хүсдэг. Тухайн ахмад хүн бүсний эзнээс гурав хоногийн явдлыг асуугаад хамгийн бэлгэдэлтэй сайныг тайлбарлаж өгөөд зангилааг тайлж өгдөг ёсон бий. Хүний бүсэнд сүнс хадгалагддаг гэж монголчууд ярьдаг учраас сүнс зайлж буян арилахгүй гэж бүсийг зангиддаг. Эхээсээ өнчирсөн хүн бүсээ өмнөө зангидна. 

Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Бүсэн дээр гишгэдэггүй, урж хөндлөн тасалдаггүй, нүүр гараа арчдаггүй. Хижиг томуу өвчин нүүрлэсэн газарт хонохдоо бүсээ гурав эгнүүлж урдуураа хамгаалалт хийн тавьдаг домын ёсон бий. Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. 

Хүрэм ба хантааз: Ажил хөдөлмөрт төвөгтэй боловч хүйтэн ус борооноос хамгаалах зорилготой давхац хувцас буюу хэвнэгийг хувцасны гадуур өмсдөг байв. Хэвнэг, давхац нөмрөг нь хожим баяр ёслолын үеийн өмсгөл буюу хүрэм, хантааз зэрэг давхац хувцас бий болох үндэс суурь болжээ. Хүрэм нь дээлний нударганы залгаас хүртэл урт өргөн ханцуйтай, энгэр нь баруун тийш зөрсөн, зах нь өндөр, хормой нь бүснээс ялимгүй доогуур татах урт, хоёр ташаандаа үзүүр сөөм оноотой байдаг. 

Хүрэмний зах, энгэр, хормой нь дан эмжээртэй, зангидсан сампин товчтой. Хүрмийг давхар бөсөөр хийхээс гадна хөвөнтэй зузаалж хийдэг. Харин хантааз нь цээж хувцасны нэг төрөл бөгөөд ханцуйгүй байдгаараа онцлог, дугуй захтай, дан эмжээртэй байдаг. Хантаазыг ердийн ба гоёлын гэж ялгана. Гоёлын хантаазны зах болон энгэрийн омог хурц, бага ба дагал гэсэн хоёр энгэртэй, есөн нүхт өлзий, бүтэн өлзий, хагас өлзий гэх мэт хээгээр гоёсон байдаг. Тэдгээр өлзий хээг хооронд нь өлзий утсан хошмогоор холбон эмждэг.  Хэрвээ ийм өлзий хээ, хошмоггүй бол энгийн хантааз болно. 

Цамц: Монголчуудын дотуур хувцасны нэг төрөл бөгөөд ерөнхий нэг загвартай байдаг. Цамц нь ташуу энгэртэй, шулуун энгэртэй, энгэргүй, өндөр нам захтай, дөрвөлжин энгэртэй, ташаандаа оноотой, оноогүй зэрэг олон янз байдаг. Цамцны энгэр шууд задгай бол товчлох товчтой, харин хэлтгий энгэртэй бол гогцоо уях шилбэтэй, товчтой хоёр янз байдаг. 

Цамц нь эртний хэвтээ хув захтай, сүүл үеийн босоо залгаа захтай хоёр янз юм. Мөрийг бариу, халхгар хоёр янз хийнэ.

Өмд: Урьд цагт сайн элдсэн хонины арьсыг ар нуруугаар нь хавсарч шуумаг болгон эсгэж өмд хийж өмсөж эхэлсэн байна. Эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг монголчууд анх өмд гэдгийг зохиосон тухай Оросын нэрт түүхч Л.Н.Гумилев тэмдэглэжээ. 

Монголчуудын өмд нь морь унаж явахад зохицсон, салтаа өргөн тавиу, захандаа төдүүл тэлээтэй байдаг. Өмдний шулхнаг тавиухан байвал эдэлгээ сайн даахаас гадна хүний бие даарах, ая тав алдахгүй байхад чухал үүрэгтэй. Өмд нь хүйтний, дулааны гэж хоёр ялгаатай. Өвлийн өмдийг нэхийгээр хийх ба элдсэн нэхийг утаж, будаж боловсруулан хонгор шар, шар өнгөтэй болгож тэр чигээр нь өмсөхөөс гадна янз бүрийн бөс даавуу, торгоор өнгөлж өмсдөг. Нэхийнээс гадна хонь ямааны илгээр зун намрын өмд хийж өмсдөг байв. 

Түших төрийн гутал: Монгол гутал нь өмсөж тайлахад хялбар бөгөөд морь унаж, дөрөө жийн давхихад тохиромжтой, адуу мал уургалан чирэгдэхэд хөл гэмтэхгүй, сур харвах, морь бугуйлдах, уул бартаанд явган явахад суурь сайтай, бат бөх, дулаан, ус чийг нэвтрэхгүй хөлөнд эвтэйхэн тул орчин үеийн малчид, үндэсний бөхийн өмсгөл хувцсанд хуучин хэв шинжээрээ хадгалагдан үлджээ. 

Монголд 20-иод ястны 20 орчим төрлийн гутал бий. Ястан болгон өөрсдийн амьдарч буй нутаг, зан заншлаасаа хамааран өөр өөр загвар хийцийн гутал буюу урианхайн майга, халхын ээтэн, торгуудын тоохуу, дархад цаатангийн годон, буриадын шархи, сөөхий гээд олон төрөл гутал өмсдөг. Монгол гутал дугуй улт, ээтэн, явуут ээтэн гэсэн үндсэн гурван янз байдаг. Монгол гутлын эсгүүр нь ул, түрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Гутлын түрий болон зулагийг үхэр адууны боловсруулсан булигаар ширээр эсгэж төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана. Өвөл нь эсгий ширмэл, зун нь даавуу, хавар намар хөвөнтэй ширмэл оймс өмсөж заншсан. Оймсны хараа буюу гутлын түрийнээс илүү гарсан хэсэгт хээ угалз урладаг. 

Мөн гутлын түрийнд хээ угалз тавих бөгөөд эрхэм дээд цол хэргэмтэй хүний гуталд нарийн чамин угалз хатган урласан байдаг. Тэдгээр угалзтай гутлыг 8, 12, 14, 16, 32 угалзтай гутал хэмээн ялган нэрлэнэ. Гуталд дөрвөлжин хээтэй бүтэн өлзий, зузаан эвэр угалз, зуйван хүрээтэй сүлжээ эвэр, хатан сүйх, хос эвэр зэрэг хээ угалз тавьдаг. Гутлыг гэр орондоо дээр тавьж залдаггүй, гал тогоо  эрэгнэг хавьцаа ойртуулдаггүй, улыг урагш хандуулах буюу хавсарч тавихыг цээрлэнэ. Гутал тослохдоо, тоосыг нь арчихдаа өрөөснийг нь үлдээвэл хөлний бэртэл авна, гутлын түрийг гадагш эргүүлж өмсвөл ялтан болно, хүүхэд багачууд өрөөсөн гуталтай байвал гэрт хулгай орохын цондон хэмээн үзэж иржээ. Гэрт дөнгөж ормогц гутлаа тайлах, өлгөж тавихыг цээрлэдэг. 

Хувцасны тоног зүүсгэл: Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт нь арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчууд хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг. 

Дах: Монголд өвөлдөө хасах 30-40 хэм хүртэл хүйтэрдэг тул алс хол явах, адуу манах, хээр хонох зэрэгт үстэй дээлэн дээрээ дах давхарлан өмсдөг. Өвлийн хүйтний дулаалга, давхац хувцас юм. Дахыг сэрх, аргал, янгир болон нохойн арьс зэрэг ноолуурлаг, үслэг арьсаар хийнэ. Даханд 6-8 тооны арьс орох бөгөөд дахны үсийг гадагш харуулан оёдог. 

Дахны энгэр нь зөрөхгүй тууш задгай, зах өндөр, хормой урт, тавиу, ханцуй урт, өргөн, ар хормойн голд оноотой байх зэрэг нь дээлийн гадна талаар нөмрөх болон морь унаан дээр өмсөн явахад тохирсон ажээ. Дахны хормой, захны ирмэгийг дагуулан хар бөсөөр өргөн тасамдана. Дах нь зах, хойд урд хормой, хоёр ханцуй гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Дахыг нэвтгэлзэх, хөвөрдөх, хөших зэрэг оёдлоор оёно.

Дэгтий: Дэгтий нь анчны ан авд өмсөж байсан хувцаснаас үлдсэн нэг төрөл юм. Өвөл гутлын гадуур өмсөхөд зориулагдсан, нэг төрөл гутал бөгөөд ул, зулаг, түрий, уяа гэсэн хэсгээс бүрдэнэ. Дэгтий нь эртний годон ба хөмөн гутлын байдлыг хадгалсан байдаг. Дэгтий хийх арьс эдэлгээ даах, үслэг ноолуурлаг дулаан байх нь чухал бөгөөд сэрхний арьс, аргал, янгир, буга зэрэг ангийн арьс шир, нохойн арьс зэргээр хийдэг. 

Дэгтийний арьсны үсэн талыг гадагш харуулан хийх нь хүйтэн салхи шуурганд хүний хөлийг хамгаалах ач холбогдолтой бөгөөд үсийг дотогш харуулж хийсэн гутлаас арай илүү дулаан байлгадаг байна. Дэгтийний зулаг түрий үргэлж байдаг учраас эсгэхэд, оёход хялбар, гутал хийхээс амар байдаг. Түрий нь урдуураа задгай, хос шилбэн уяатайгаар хийгддэг.  

Зодог ба шуудаг: Монгол бөхийн зоог шуудаг нь бөхийн сүр хүчийг илтгэн харуулдаг. Зодог нь цээжинд өмсдөг “далбаа” хэмээх богинохон артай, хоёр ханцуйнаас бүрдсэн өмсгөл юм.  Далбаанд мяндсан утсаар томж хийсэн элэг бүсний уяаг бэхэлнэ. 

Далбааны захыг мяндсан утсаар ширж бат бөх болгоно. Шуудаг буюу богино өмдийг бариу хийж, захыг мяндсан утсаар ойрхон зайтай шаглаж ширээд бат бөх болгоно. Зодог шуудагны ар өвөрт бөх хүний хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзнаас гадна гарьд, луу, арслан, бар зэрэг дөрвөн хүчтэн амьтныг урладаг.

Бэлтгэсэн: 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 
 
 

Холбоотой мэдээлэл: 

Үндэсний хувцасны түүх, соёлоос http://mongolcom.mn/read/18924

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир http://mongolcom.mn/read/18988

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (24.12.195.36) 2017-04-11 21:38
      • 0
      • 0

      UHER MONGOLCHUUD TAMIIN TOGOOND

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.140) 2016-02-07 16:21
      • 0
      • 0

      Үндэстэн гэвэл хасаг монгол л гэж байх байх даа бусад нь ястан юм болов уу даа

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.58) 2016-01-25 13:46
      • 0
      • 0

      halh mongol busad ni jijig yastan

      Хариулах

    • ss

      (124.158.109.232) 2016-01-25 12:16
      • 0
      • 0

      yastan gej huuchinii orosiin komminternii yavuulj baisan Mongolchuudiig olon huvaah gesen sanaag odoo ch gesen urgeljluulseer l baihiin ug ni bugd l alungua ehiin huuhduudiin salaa salbar neg l garaltai humuus uimsan . YASTAN GEJ END TEND SOLIORVH BICHIDGEE BOLI

      Хариулах

    • Зочин

      (124.158.91.83) 2016-01-25 13:20
      • 1
      • 0

      халх,казак гэсэн 2 үндэстэн байдаг.халх дотроо олон буриад,өөлд баяд,урианхай,үзэмчин,барга,дөрвөд,торгууд гэх мэт олон бага ястантай.

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.140) 2017-02-05 22:05
      • 1
      • 0

      хуцоо халх гэж үндэстэн битгий хэл ястан ч байхгүй байвал манжийн төрд л байсан байх хиад боржигон оо ч ялгахгүй хужаа

      Хариулах

    • zochin

      (122.201.25.46) 2016-01-25 11:37
      • 2
      • 1

      Mongold halh buriad kazak gesen 3 undesten baidag busad nbaga ystanguud yumaa

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.56) 2016-01-25 10:38
      • 1
      • 1

      halhaas busadn baga yastanguud

      Хариулах

    • zochin

      (103.10.20.58) 2016-01-25 10:29
      • 0
      • 1

      halh mongol gej yu yariad bna hamag mongol gebel yasii mongold chini olon undesten yastan amidarch bgaa shuu dee ted nar deel,hantaaz,mongol gutal omsoj bolohgui yumuu

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.229) 2016-01-05 11:40
      • 1
      • 1

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • mosheel

      (112.72.9.22) 2016-01-04 18:25
      • 3
      • 1

      mongolcom.mn mash heregtei medeelel oruulah ymaa bayarlalaa

      Хариулах