Х.Баттулга нарыг сэжигтнээр тооцон хилээр гарахыг хоригложээ

Twitter Print
2015 оны 12-р сар 31-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан.

Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд саатуулсан бол Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм. Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг.

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэх үедээ бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр тооцон, байцаалт авч эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга, А.Гансүх нарыг  Монгол улсаас гарч явах буюу гадаадад зорчихыг хориглосон байна. 

Э.Мягмар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.