Монгол олон үндэстэн ястны морины эмээл /цуврал-5/

Twitter Print
2019 оны 07-р сар 01-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгслэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. 

Манай сайт уншигчидаа соён гэгээрүүлэх, тэдний оюуны боловсролд дусал ч болов хувь нэмрээ оруулах үүднээс танин мэдэхүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цувралаар хүргэдэг.

Энэ удаад судлаач, цуглуулагч Цэндийн Батсайхан, Чойжилжавын Баатарсүрэн нарын өөрсдийн цуглуулгаараа суурь болгон "Морин соёлын тоног хэрэгсэл" хэмээх сонирхолтой номноос түүвэрлэн хүргэж байна. Морь унааг гаршуулан эдэлсэн хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв - морин соёлын талаар цуврал нийтлэл танд түүхийг ухааран танихад алс хэтийн ач холбогдолтой. 

Барга эмээл

 

Барга ястан Дорнод аймгийн Хөлөнбуйр, Гурванзагал сумдад амьдардаг. Барга эмээлийн талаархи мэдээлэл одоогоор ховор байгаа боловч цаашид олдоно гэдэгт найдана. Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг Хөвсгел аймгийн Цагааннуур сумын орон нутгийг судлах кабинетад байгаа нэгэн эмээлийн модны зургийг авчирч өгсөн нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Д.Норсмаа цэргээс ирэхдээ тохож ирсэн барга эмээлийн гэх мод юм.

Энэ модны урьд хойт бүүрэг үзүуртээ нарийсч бариул маягтай болсон, загасны хэсэгтээ модгүй ширийг тал бүр тийш нь сураар татаж тогтоосон нь эртний эмээлийн уламжлалыг хадгалсан шинжтэй байна.

Баяд эмээл

Баяд үндэстэнүүд манай улсын Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин сумдад оршин суух бөгөөд баяд үндэстэний дунд өвермөгц хэлбэр хийцтэй эмээл бий болсон нь уг эмээлийн бүүргүүд нь ургиш хойш бүлтгэр зузаан, нарийн өндөр, эрэгтэй эмээлийн хавтас урт, суудал тавиу бөгөөд эмээлийн бүүргийг бугын эврээр дан ба давхар хярласан байхаас гадна эмээлийн бүүрэг, хавтас, хонх зэргийг давхар хярласаныг битүү давхар хяртай эмээл гэдэг. Давхар хярны нэгийг ногоон өнгөөр будсан нь эмээлийг улам гоёмсог болгодог. 

Баяд эмээл нь оломцогны даруулга дөрөв, ганзаганы чимэг хоёр, заримдаа дэвсний товх дөрөв байх бөгөед ихэнхдээ пойлоосоор хийдэг байсан нь сүүлийн үед мөнгөөр хийх нь элбэг болсон байна.

Баядын «шар жавдай» эмээл гэж байсан нь цугуй модон эмээл юм. Боржигон эмээл баядуудын дунд 1940 өөд оны дунд үеэр дэлгэрсэн бөгөөд түүнийг нутгийн аялгаар «пооржин эмээл» гэж нэрлэдэг. Увс аймгийн Хяргас суманд 1972 онд явуулсан угсаатаны зүйн судалгаагаар тэнд хэрэглэгдэж буй эмээлийн 80% нь баяд эмээл, 10% нь боржигон, 10% нь цэрэг эмээл байжээ.

Боржигон эмээл

Боржигон нутагт Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Өмнөговь аймгийн зарим сумд багтдаг. Говь хээр тал нутгийн эдгээр аймгуудад эртнээс нааш гозгор нарийн бүүрэгтэй, богино хавтастай эмээл хэрэглэж ирсэн байдаг. Энэ нь 20-р зууны эхээр манай орны зүүн өмнөд нутаг болон Их хүрээнд ирж байсан гадаадьш хүмүүсийн тухайн үед авсан гэрэл зургуудаас тодорхой харагддаг. 

 

Зураг. Их хүрээний хүмүүс.

1910-аад он. 

Зураг. Монголын говьд овооны наадам дээр авсан гэрэл зураг.

Гозгор бүүрэгтэй эмээлтэй морьд харагдана. 1922 он. 

Харин боржигон гэж алдаршсан эмээл нь өндөр дугуй нимгэн бүүрэгтэй, тавиу суудалтай эмээл юм. Нутгийнхан ярихдаа Боржигон Самбуу эмээл гэдэг нь 1930-1940-өөд оны үед одоогийн Говьсүмбэр хавьд сууж байсан Даранз буюу Жанцанбалбар гэдэг хүн ийм домбон бүүрэгтэй эмээл завчдаг болсоноос үүссэн гэж ярьдаг. Энэ эмээл нь эхлээд тев суурин газраар ганган хийцтэй гэж алдаршин түгсэн бөгөөд цаашдаа Монгол улсын нийт нутгаар түгэн тархсан байна.

Боржигон эмээлийн хэрэглэл болох даруулга, баавар, сүвэгч, хяр нь голдуу Хэнтий аймгийн Батноров сумын алдарт дархан Тожилын цутгуур хийцтэй бага, дунд, их гарын мөнгөн чимэглэлтэй байх бөгөөд энэ хийц одоогоор Монголд хамгийн их тархсан хийц болжээ.

Зураг. Хэнтий аймгийн Батноров сумын алдарт дархан Тожилын хийцтэй мөнгөн хэрэглэл бүхий эмээл. 

Эзэмшигч О.Гансүх. 

Зураг. Батноров хийцийн мөнгөн хэрэглээний эмээл.

Ийм хэрэглэл нь Батноров хийц гэж улс даяар алдаршжээ. 

Боржигон нутагт тухайн орон нутгийн дархчуудын урласан эмээлийн хэрэглэл ч өргөн хэрэглэгддэг.

Зураг. Боржигон нутгийн дархчуудын эмээлийн мөнгөн хэрэглэлийн хийц

Боржигоны эмээлчингүүд эмээлийн модыг Сэлэнгийн Шаамар, Хан хэнтийгээс авчирч газар ухан булж битүү хатааж дараа нь эмээлээ урладаг байжээ. Газар булж хатаасан мод нь хагардаггүй, мушгирдаггүй сайн бөх эмээл болдог байна. Сүүлийн үед боржигон эмээлийн урьд хойт бүүрэг өндөр дөрвөлжиндүү хэлбэртэй, нимгэн болсон байна. Одоо ийм эмээл монгол нутагт хамгийн өргөн тархжээ.

Боржигонд эмээлийн гөлөм дэвсийг хар ногоон өнгийн сарьсаар хөөж хээлдэг уламжлалтай. Говь тал нутгийнхан бургасан цээжтэй хусан уурга хэрэглэдэг.

Буриад эмээл

Буриад үндэстэнүүд Хэнтий, Дорнод, Булган, Сэлэнгэ аймгийн нилээд сумдад амьдардаг. Буриад эрэгтэй хүний эмээл нь хус модоор хийгдэх бөгөөд урьд бүүрэг нь босоо хойт бүүрэг нь хагас налуу бүүрэгний мод нь их зузаан 5 см орчим байх бөгөөд хяр нь өргөн 2,3 см орчим хярийг горив гаргасан цагаан тугалга, хөнгөн цагаан.

Зэс, гууль зэрэг материалаар хийж, дээр нь олон тооны жижиг товруугоор чимэглэсэн, мөн бүүрэгний дотор талаар хярыг дагуулан хоёр см өргөнтэй зэс гуулин чимэг хадсан, оломцогний оронд зөвхөн зузаавтар бараан өнгийн мааюуз тавьж пойлоосон даруулгаар дарсан байна. Эмээлийн хавтас дээрхи ганзаганы нүх, худрага бэхлэх нүхнүүдийг тойруулан хавтгай төмрийг хэлбэр оруулан хадсан байдаг.

Буриад эмээлийн дэвс нь нилээд өргөн тарпез хэлбэртэй дөрвөлжин өнцөгтэй байх бөгөөд хүрээг тойруулан хоёр давхар эмжээр жижиг товруунууд хадах бөгөөд завсар нь арай том олон талтай тов руу хадна. Дэвсний голд 8см голчтой дугуй төмрийг хээлж мөн хэд хэдэн товруугаар хадаж тогоосон байдаг.

Эмээлийн моднуудыг цавуудан нааж, суудал талыг бүхэлд нь хар илгэ нааж бэхэлсэн байна. Буриад эмээлийн гөлөм нь өргөн шулуун хэлбэртэй байна. Буриад эмээл нь маш бат бөх өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй байдаг.

Дараагийн цувралаар: "Дарьганга эмээл", "Дархад эмээл", "Захчин эмээл"

Жич: "Морин соёлын тоног хэрэгсэл" номын хэсгээс зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. Сайтад байршсан мэдээллийг хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авахыг хатуу хориглоно. 

Холбоотой мэдээлэл: 

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-1/ - http://mongolcom.mn/read/30205

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /Цуврал 2/ - http://mongolcom.mn/read/30570

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-3/ - http://mongolcom.mn/read/30997

Монгол олон үндэстэн ястаны морины хэрэглэл /цуврал 4/ - http://mongolcom.mn/read/31303

Монгол олон үндэстэн ястны морины эмээл /цуврал-6/ - http://mongolcom.mn/read/32389

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Уншигч

      (103.229.123.14) 2019-01-22 12:26
      • 0
      • 1

      Сэтгүүлч эээ баян үндэстэн биш баяд ястан шүү дээ.Олон ястангууд нийлээд Монгол Үндэстэнг бүрдүүлж бгаа юм шүү. ЕРӨНХИЙ МЭДЛЭГ МУУ БАЙЖ БОЛНО.. ЮМ УНШИЖ БЛДАА

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.105) 2018-07-02 07:25
      • 0
      • 0

      гоё мэдээлэл бна амжилт

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.38) 2017-04-05 16:06
      • 2
      • 1

      Сайн байнуу эмээлийг гэрт тавихдаа урд бүүргийг нь хойморлуу харуулахуу үүдрүү харуулахуу хэлж өгөөч

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.161) 2017-02-19 21:01
      • 0
      • 4

      Үндэстэн гэдэгүй юм аа. Жишээ нь Баядууд бол жинхэнэ язгуурын Монгол аймаг. Харин ястан гэж хэлдэг юм. Монгол үндэстэн, Баяд ястан...

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.47) 2018-10-30 11:45
      • 0
      • 1

      угсаатан гэж хэлбэл зохистой.

      Хариулах