Иргэн, ААН-д албан бус баримт өгч хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ

Twitter Print
2015 оны 12-р сар 24-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Иргэн, ААН-д албан бус баримт өгч хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас баталж бизнес эрхэлж буй баялаг бүтээгчиддээ санхүү бүртгэл тооцоогоо цэгцлэх, нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил болгох боломжийг олгосон.

Үүний араас татварын олон олон хуульд өөрчлөлт шинэчлэлт хийх ажлууд ид өрнөж байгаа ба үүн дотор онцлон анхаарах нэг хууль бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Тус хуулинд заавал анхааран үзэх гол заалтуудын нэг бол яах аргагүй иргэдэд хуулийн дагуу татварын буцаан олголтыг өгөх заалт юм.

Юу гэсэн үг вэ гэхээр хэрэв та бизнес болон худалдаа наймаа эрхэлж байгаа бол иргэнд НӨАТ-ын буцаалттай баримтыг зайлшгүй өгөх хуулийн үүрэгтэй бөгөөд хэрэвзээ худалдан авагч, үйлчлүүлэгчиддээ баримт өгөөгүй, албан бус, гараар бичсэн баримт өгсөн тохиолдолд хуульд заасан шийтгэл хүлээгдэхээр байгаа нь юм.

Тухайлсан заалтуудыг харвал:

18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:

18.1.8.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх;

/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “кассын машин” гэсний дараа “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” гэж нэмэлт оруулсан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

74.5.1.Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;

74.5.2.Бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.

Эндээс үзэхэд худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН нь хуулийн өмнө хүлээсэн баримт хэвлэх үүргээ биелүүлэхгүй бол их хэмжээний торгууль төлөх нь.

Ийм нөхцөл байдлаас урдчилан сэргийлэхийн тулд ААН-үүд Татварын ерөнхий газрын ebarimt.mn цахим сайтруу орж иргэдэд албан баримт өгөх тогтолцоогоо эзэмших үүрэгтэй болж байна. Татварын ерөнхий газрын хийж буй ажлуудыг тандахад иргэдийн гомдол саналыг хүлээн авах 1800-1288 тусгай дугаар ажиллуулан иргэдийн гомдлыг хүлээн авч гомдолын дагуу хууль биелүүлэхийг шаардах  нь тодорхой байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.