Николас Кэйж Монголоос олдсон үлэг гүрвэлийн ясыг буцааж өгнө

Twitter Print
2015 оны 12-р сар 23-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Оскарын шагналт Америкийн нэрт жүжигчин, продюссер Николас Кэйж монголчуудын үнэт олдвор болох үлэг гүрвэлийн ясыг өмчилж байсан талаар хэвлэлээр бичих болсон. Тэрээр 2007 онд АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирсэн Монголын говиос олдсон Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг Монгол улсын Засгийн газарт эргүүлж өгөх шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан байна.

Америкийн Гааль болон Цагаачлалын албанаас дуудлага худалдаагаар зарагдсан, 67 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг тэрээр өмчилж байсан юм. Жүжигчин 2007 оны дуудлага худалдааны үеэр гавлын ясыг 276,000 ам.доллараар худалдан авчээ. Дуудлага худалдаанд олны танил жүжигчин Леонардо Ди Каприо хүртэл оролцсон боловч Николас Кэйж түүнээс өндөр үнэ амлан уг олдворыг эзэмшилдээ авсан байна. Харин тэрээр энэхүү үлэг гүрвэлийн гавлын ясыг АНУ руу хууль бусаар оруулж ирснийг мэдээгүй гэнэ.

Дээрхтэй холбоотой эртний олдвор, чулууны наймаачин Эрик Прокопид Монголын говиос чулуужсан араг ясыг хууль бусаар оруулж ирснийх нь төлөө 2014 онд гурван сар шоронд хоригдох ял оноож байжээ. Гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдсоны дараа Прокопи АНУ-ын албаныханд 20 гаруй бусад олдворыг хэрхэн хаана, хэндзарагдсаныг мэдүүлж, олоход нь тусалсан байна.

“Эдгээр олдвор нь бүгд хууль ёсны өмчлөгчөөсөө хулгайлагдсан соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой олдворууд юм” хэмээн АНУ-ын прокурор Прийт Бхарара мэдэгджээ. Монголоос үлэг гүрвэлийн араг яс гаргахыг 1924 оноос хойш албан ёсоор хориглосон байдаг.

Үлэг гүрвэлийн үзэсгэлэн дээрх Тиранозавр Батаарын араг яс, 2013 он, Улаанбаатар хот

Эх сурвалж: The Guardian, BBC

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.