Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой

Twitter Print
2014 оны 01-р сар 13-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-ын Тамгын газраас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулан байгуулсан байна. 

Түүхийг эргэн сөхвөл, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болжээ. Ямартай ч өнөөдөр Монгол Улс тусгаар, бүрэн эрхэт гэдгийн илрэл Үндсэн хуулиа баталсан өдөр. Үүнийг монгол хүн бүр анхааран, тэмдэглэх ёстой. 

Тэгвэл Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссынхон ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг танин мэдүүлэх үүднээс видео хичээлийг заахаас гадна Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Мөн энэ өдөрт зориулж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнг нээхээр төлөвлөсөн байна. 

Түүнчлэн Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээныг амжилттай зохион байгууллаа. УИХ-аас уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, өнгөрсөн жил зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол энэ жил цар хүрээг нь тэлж, бүх аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон нийт 1200 орчим тамирчнаас 120 гаруй шилдэг шатарчныг шалгаруулж оюун ухааныг нь уралдуулсан юм. Тэдгээрээс 96 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй шатарчид бөгөөд УИХ-ын харьяа төрийн байгууллагуудын албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй тамирчин байлаа. Тэмцээнийг Дэлхийн болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, тамирчид нийт 9 өрөг тоглосны дараа эрэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Б.Мөнхбаяр 8  хожилтойгоор аварга болж, алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн Г.Номин 7 хожилтойгоор тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг тус тус хүртсэн юм. 

Г. Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.