Хүүхэддээ хэрхэн тэтгэмж авах вэ?

Twitter Print
2018 оны 09-р сар 22-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Нийгэм цаг үеийн ороо бусгаа байдлаас үүдэн жил бүр 9000 гэр бүл гэрлэлтээ батлуулдагаас 3000 гаруй нь гэрлэлтээ цуцлуулж байна. Үүний цаана мэдээж хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, цаашлаад төрсөн эцэг эхээ танихгүй, ах дүү амраг садантай гэр бүл болох эрсдэл үүсч байгаа гэдгийг гэр бүл судлаач нар баталж байгаа юм.

Тэгвэл энэ байдлыг халж, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулахын тулд хүүхдийн тэтгэмж тогтоолгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Нөгөөтэйгүүр нийгмийн ороо бусгаа байдлыг далимдуулж, өөрийн үр үндэсээ хаа сайгүй цацан үүрэг хариуцлагаас мултарч буй залууст хариуцлагыг нь үүрүүлэх том алхам бол энэ тэтгэмж юм. Тиймээс  хүүхдийн тэтгэмж хэрхэн тогтоолгодог тухай сурвалжиллаа. Танд хүүхдийнхээ эцэг /эх/-ээс тэтгэмжийн мөнгө авах зайлшгүй шаардлага үгүй байж болох ч хэрэв данс нээгээд хадгалчихвал хүүхдийн танд ирээдүйд хэрэг болох юм.

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна.

Үүний тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл,

Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/,

18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт,

16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,

Хорооны засаг даргын тодорхойлолт,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 мянга 200 төгрөгийг Хаан банкны 5946025661 тоот дансанд тушаасан байх/ тус, тус хэрэг болох ба хэрэв нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтэнгээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой юм.

Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа өөрийн харьяа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхээс танд 14 хоногийн дотор багтаж хариуг өгнө. Улмаар сар бүр хүүхдийн эцэг /эх/-ээс таны нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгөх ба үүнд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй өнжвөл шүүхээс албадан гаргуулж танд авч өгөх юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.