"Ид шидийн уут" эзэддээ очихоор замд гарлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 20-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Шинэ жил дөхөж хүүхэд болгон бэлэг авахсан гэж хүсдэг өдөр ойртлоо. Хүүхэд бүрийн хүслийг биелүүлж чадахгүй ч тэдний нэг хэсэг хамгийн эмзэг давхаргын 1000 хүүхдийг баярлуулж, сэтгэлийн дэм өгөхөөр "Лантуун дохио" ТББ-ын "Лантуу хүү" хүүхэд хамгааллын сан "Ид шидийн уут-аа үүрээд ажилдаа гарлаа.

"Ид шидийн уут" зөв сэтгэлийн аяны зорилго юу вэ?

Энэ аяныг эхлүүлсэн зорилго нь Улиастайн эцсээс Их наран, толгойтын эцэс хүртэл дамнасан уулан дээгүүр туучин явж гэр хорооллын хүүхдүүдийн хар борхон амьдралыг нүдээрээ харж, мэдэрснээс эхтэй юм. Автобусны эцсийн буудлаас цааш явахад машин зам үргэлжилж, харин машин зам дуусахад хашаа хороо ч үгүй, уулын энгэрт задгай буусан айлууд байх бөгөөд хамгийн түрүүнд энэ олон айлын хүүхдүүд аль сургуульд явдаг, ямар газар харьяалалтай байдаг бол, өвдөх, аюулд өртөх, хүчирхийлэлд өртвөл хэн тэдэнд туслах бол гэсэн асуулт үргэлж төрдөг. 

Тэсгим хүйтэн өвлийн өдөр бяцхан хүүхдүүд тэрэгтэй усаа чирэн, унаж босон зүтгэнэ. Тэр айлуудын дунд хөдөөнөөс мал хуйгаа бараад амьдрал хайн хотод ирсэн айлууд олон байх бөгөөд хорооны бүртгэл, халамж үйлчилгээ, нийгмийн хамгаалалт авах нь тун цөөхөн. Тэр айлууд бүгд л хүүхэдтэй. Сургуульд явдаг хүүхдүүд нь үүрийн таван жингээр гэрээсээ гарч, автобусны буудал хүртэл харанхуйд бөртөлзөн, хуцаж боргох нохой, хүний сүүдрээс айн цочин хэдэн киломер газар цан хүүрэг татуулан алхах юм. Гэтэл тэдний идсэн хоол, өмссөн хувцас юусан билээ...

Энэ хүүхдүүд дээр Шинэ жилээр Өвлийн өвгөн, цасан охин очих болов уу, хогийн цэг, эмнэлэг, хороо дүүрэг, асрамжийн газруудад түгээгдэн очдог олон мянган бэлэг очих болов уу, тэднийг хэн нэг нь анзаарах болов уу? Адилхан л хүүхдүүд шүү дээ. Бидний бага настай ижил Шинэ жилийг сэтгэл догдлон хүлээж, ангийнхаа хүүхдүүдэд атаархаж суугаа.

“Ид шидийн уут” зөв сэтгэлийн аяны зохион байгуулагчид бэлгээ тэврээд Өвлийн өвгөн, Цасан охины хувцасаа өмсөөд “Төр засагтаа мартагдсан” эдгээр хүүхдүүд дээр очино. Сэтгэлийн үгтэй цаасан шувуугаа задлан, бүх дэлхийн монголчуудын хаягласан хайр шингэсэн захидлуудыг уншиж өгөн, чадлаараа бэлдсэн бэлгээ өгнө. Тэр хүүхдийн амьдрал нэг удаагийн бэлгээр сайжрахгүй ч насан туршдаа санаж дурсах гэгээлэг дурсамжийг үлдээн, бяцхан зүрхэнд итгэл очийг асааж чадах нь дамжиггүй.

Аяны зорилго 1,000 хүүхэд, чаддагсан бол 10,000 болгох. Тэд 1,000 хүүхдийнхээ бэлэгний уутыг цаасаар биш даавуугаар, өөрсдийн гараар, олны дэмжлэгтэйгээр оёж бэлджээ. Харин юугаар дүүргэх вэ гэдгийг манай үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, халуун дулаан сэтгэлтэй иргэд маань мэднэ. Хүүхдүүд юу хэрэгтэй вэ? Дулаан хувцас, бичгийн хэрэгслээс өгсүүлээд хүүхэд л юм чинь амттан горьдож л таараа. 

Бэлэгнүүдийг тус аяныг санаачлагч Лантуун дохио ТББ-н гишүүд удирдан, сайн дурын залуус хүч нэмэн өөрсдөөсөө бензин тос, цаг зав, хүч сэтгэлээ дайчлан гараас гарт түгээн хөдөлмөрлөж байна. Үүний үр дүнд тэдгээр хүүхдүүдийг боломжоороо бүртгэж авч нэг баяраар туслаад өнгөрөх биш ирэх он жилүүдэд олон сайхан тусламж, арга хэмжээнүүдийг тэдэн рүү чиглүүлэх зорилго бас бий. Ядаж сургуульд сурдаггүйг нь сургуультай болгох санаа ч бас бий.

"Ид шидийн уут"-аа дүүргэх аянаа "Лантуу хүү", "Хөөрхөн зүрх" сан эхлүүлснээс хойш "хөөрхөн зүрх"-тэй олон хүн хандив өргөж, эхний уут дүүрснээр өнөөдөр өвлийн өвөө цасан охидтойгоо Хайлааст орчмын 34 айлаар зочлон очиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ид шидийн уутаа бэлэглэнэ. Нийт аяны хүрээнд 116 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг очих болно.

Та бидний хүүхэд шиг, дүү шиг хичнээн олон хүүхэд хайр энэрэл үзэлгүй, хатуу амьдралыг туулж яваа бол... Тэдний амьдралд өчүүхэн ч гэсэн гэгээ оруулах энэхүү буянтай сайхан үйлсэд нь өчнөөн залуус зүрх сэтгэлээрээ нэгдэж, зүтгэж байгаа аж. Тэдний ажлыг үнэлж үндэсний үйлдвэрлэгчид болон хувь хүмүүс хандив өргөжээ. 

Тэд хотын алслагдсан дүүргүүд, эмзэг давхаргын гэгддэг хүүхдүүд, дүү нартаа тэд Өвлийн өвгөний бэлгийг хүргэнэ. Өвлийн өвгөн үнэхээр л байдаг бол ядуу, баян хэнийг ч орхих ёсгүй биз дээ. Өвлийн өвгөний газар дээрх элч түгээгчид нь бид, сайхан сэтгэлтэй хүмүүс бүгдээрээ билээ. Бас Шинэ жилийн бэлгээ багачууд дүү нартаа итгэл найдвар, урам зориг бэлэглэх хувь хүмүүсийн чин сэтгэлийн захиагаар "хачирлаж" байгаа гэх. Цахим ертөнц, харилцаа холбоо дэлгэрээд аав ээждээ ч захиа бичихээ больсон цаг шүү дээ.

Харин өнөө цагт нийгмийн хариуцлагаа ухамсарласан хүмүүс, албан байгууллага нэмэгдэж, "Лантуу хүү", "Хөөрхөн зүрх" сантай хамтран ажиллах болжээ. Энэ удаад "Хөөрхөн зүрх" сантай хамтран нийгмийн хариуцлагатай, хүүхдэд ээлтэй, манай үндэсний үйлдвэрлэгч G-Mobile ХХК нь ажиллаж байгаа аж. G-Mobile ХХК нь 2014 онд Хөөрхөн Зүрх сантай хамтран Эх нялхсын хүнд хагалгааны тасгийн 5 өрөөг тохижуулах ажилд 5 сая төгрөг хандивлаж, бүрэн засаж шинэчлэн хүлээлгэж өгсөн байдаг. Түүнчлэн нийгмийн сайн дурын ажилчдын ажлыг дэмжин 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан бол өнөөдөр орон гэргүй, хаягдмал хүүхдүүдийг цуглуулан асран халамжилж өсгөдөг буянтай буурал Тамара эмээгийнд Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн хамтаар зочилж сэтгэлийн дэм өгчээ.

Мөн "Ид шидийн уут" буюу хүүхдүүдэд хүрэх бэлгийн уутанд зориулж нийгмийн хариуцлагатай, хүүхдэд ээлтэй Монголын үндэсний үйлдвэрлэгч Шар Доктор ХХК "Хөөрхөн зүрх" сангийн зөв үйлсийн аянг дэмжиж, эрүүл витаминлаг Шар Доктор жүүсээсээ 1200 ширхэгийг бэлэглэжээ. Мөн "Янмал" оймсний үйлдвэр дулаахан ноосон оймс хандивласан байна. 

Өвлийн өвгөн ирж явааг хараад хувцсаа ч өмсөхгүй хөөрөлдөн гүйх багачууд

Тэд нимгэн ирсэн ч дулаан буцсан. Дунд зогсох хүүгийн царайг харвал өөртөө биш дүүдээ гэж гуйж авсан хувцсандаа үнэн сэтгэлээсээ талархаж байгаа нь харагдана

Монголчууд эдийн засаг хямарсан гэх авч эх орноо гэх залуусын сэтгэл хямраагүй, эд бараа ховордсон гэх ч хүүхдэд сунгах өгөөмөр сэтгэлтний гар хямраагүй байна 

"Ид шидийн уут"-аа үүрээд гэртээ яаран харилаа

Энэ өвөө зөвхөн бэлэг тараадаг өвөө биш ээ

Цасан охин орох айлдаа, хүрэх газраа хүрэхдээ л нэг хүрнэ

Надад захидал иржээ. Намайг сайн хүн болоорой гэж хүсчээ. Захидал гэж ийм гоё юм байдгийг анх удаа л мэдлээ

Бараг хүн амьдрахгүй дээ гэж бодоод хаалгыг татаад ортол долоон хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн байсан! Тэр "Номин"-д үйлчлэгч хийдэг, гурван хүүхдээ сургуульд явуулдаг маш цэвэрч эмэгтэй байлаа. Өвлийн өвгөн хаалга тогшоод ороод ирнэ зүүдлэнэ чинээ санаагүй байх даа ...

Гурвуулаа бэлэгтэй шүү

Ингээд энэхүү бичлэгээ энэ буянтай аяныг санаачлагч нэгэн залуугийн сэтгэлийн үгээр өндөрлөе.

"Би маш их догдолж байна.  

"Ид шидийн уут" аяныг минь олон хүн дэмжиж, хэдэн мянгаар нь лайк дарж урам өгч байгаад өөрөө "шидтэн" болчихсон мэт л хөөрч байна. Like, share болгоны цаана цохилох зүрхтэй, халуун бүлээн сэтгэлтэй, өрөвч нинжин зүрх байна гэж бодохоор ёстой л "нисэж" байна. 

Бид зовж зүдэрсэн, өвдсөн, ядуу тарчиг амьдралтай эдгээр хүүхдүүдийг харж, уулзаж явахдаа ямар аймшигтай зургийг давхар харж байгааг минь хүмүүс мэддэг ч болоосой. 

Би эхлээд хүүхдүүд хог хаягдал идэж байна, зуны хувцастай хөхөө өвлийн хүйтнийг давж байна гэж сонсоод “за, арай ч дээ” гэж бодсон. Харин нүдээрээ олныг харсан, нулимс урсаж, хоолой зангирсан. Тэр болгоныг ил дэлгэхгүй ээ, сайхан зүйл энэ аяны турш сайхнаараа л дуусаг.

Харин заавал эргэж очино, чадах бүхнээ хийх л болно. Ганцаараа биш олон арван залуус ингэж шийдсэн байгааг харах сайхан байна. Нэг ээжид оёдлын машин, өөр нэг гэр бүлд 5 ханатай гэр бүтсэн. Мөрөөдөл биелж өөрийн юм шиг л баярласан. Өвлийн өвгөн, цасан охид маань бэлэг түгээж явахдаа дандаа аз жаргалтай байгаагүй ээ. Заримдаа уйлсаан, их ч бодлогширсон, үүнээс илүүг хийж чадахгүй байгаадаа тэчьяадан хорсож, хоёр гараа зангидсан, гэхдээ инээсэн.

Гэгээлэг, бүрхэг хоёр зүйлийн талаар бичиж орхилоо. Эхлээд хөөрч булиглаж байсан зүрх одоо тийм биш болчихлоо. Би тэгээд бодсоон… Зүгээр л гэгээлэг сайхан байя, чадах бүхнээ тууштай хийгээд л явж байя, зоригтой зүрхтэй байцгаая, зөв зүйлийн төлөө шударга байцгаая.

Та хэрвээ энэ хүртэл уншсан бол “Новш царайлсан, "хайрцаглагдсан" амьдралд хүлэгдсэн, хулчийсан, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бусдаас нуусан, юу хүсэж байгаагаа сэтгэлийнхээ гүнд мэдрэх атлаа хийж үл чадах, золиос, өөрчлөлтөөс айх” ийм өдрүүдийг туулж яваа бол та ганц л амьдрах энэ насандаа олон мянган утсан хүүхэлдэйн нэг болох уу, угаадас цацуулсан ч өөрийнхөөрөө, бусдын сайн сайхны төлөө амьдрах уу гэдгээ бодоод нэг үзээрэй. 

Ч.Ганжавхлан"

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.92.183) 2015-12-18 14:48
      • 0
      • 3

      Bayrlalaa, sain saihniig tugeegch Mongolcomiin hamt olond iluu ih amjilt husie!

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.207) 2015-12-18 10:37
      • 0
      • 4

      Буян таь бум бумаар арвижиг ээ.

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.183) 2015-12-17 20:48
      • 0
      • 3

      Manai zaluus mundag shuu, amjilt

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-12-17 16:39
      • 0
      • 7

      Буянтай сайхан үйлс хийж буй залуучууддад чин сэтгэлээсээ баярлалаа.

      Хариулах