Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэг үйлдэхээр болов

Twitter Print
2015 оны 12-р сар 16-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Уулзалтын дараагаар Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд нар авто болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны гуравдугаар сараас Улаанбаатар-Пусаны хооронд нислэг үйлдэхээр тогтлоо.

Ерөнхий сайд Хван Гё Ан Солонгосын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, Смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойрын хугацаанд нааштай шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судалж үзэхийг, Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад оршин сууж буй болон зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг тус тус хүсэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.