БНСУ-ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан

Twitter Print
2015 оны 12-р сар 16-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр 16:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах юм байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажээ.

Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх юм байна. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй 2 дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог аж.

Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүний товч намтрыг хүргэж байна. Тэрээр 1957 оны дөрөвдүгээр сарын 15-нд Сөүл хотод төрсөн. Хван Гё Ан “Сонгюнгуан” их сургуулийг 1981 онд хуульч мэргэжлээр төгсч, шүүгч хийж эхэлсэн байна. Харин 2006 онд мэргэжлээ дээшлүүлэн их сургуулиасаа Хууль зүйн магистрын зэрэг авчээ.

Хван Гё Ан 2013-2015 оны хооронд Өмнөд Солонгосын Хууль зүйн сайдын алба хашиж байсан юм.

Энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Ли Ван Гу авлигын шуугианд холбогдон, үүний дараа албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе түүний огцрох хүсэлтийг хүлээн авч, оронд нь нам бус, бие даасан улс төрч Хван Гё Аныг тус улсын 44 дэх Ерөнхий сайдаар томилжээ.

Ерөнхий сайдыг томилох хуралдаанд тус улсын парламентын 278 гишүүн оролцсон юм. Харин түүний төлөө 156 нь саналаа өгсөн бол 120 гишүүн эсэргүүцэж, харин үлдсэн хоёр нь саналаа өгөхөөс түдгэлзсэн байна.

Ийнхүү Хван Гё Ан зургаадугаар сарын 18-наас хойш БНСУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байгаа юм. Харин гэр бүлийн тухайд тэрээр эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.