П.Батнайрамдал - Үнэр /өгүүллэг/

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх.

Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.

Хэд хоногийн хойно, Янжив буцах гээд Уртын голд нагац ахынхдаа байна гэж бусдын амнаас сонссон Готов, хамаатан садан олонтой хүн аргагүй биз дээ, нэг айлд нэг хоноод явахад л өнөө амралтын сар нь хүрэхгүй дээ, хөөрхий. Өдий олон жилийн хойно өөрөө хүрээд ирж байхад очоод уулзалгүй буцаавал дараа нүүр хийх газаргүй, базаахгүй хэрэг болно шүү! хэмээн өөртөө хэлсэн Готов айраг цагаа ганзагалж, хонь дүүрч Уртын голын эхэнд зусаж байгаа нагац ахынд нь хүрч очжээ.

Янжив нагац ахынхаа хоймрыг эзэгнэн завилж, аргагүй л хүндтэй зочин гэдэг нь хаалгаар ороход л илэрхий байлаа. Мэнчийж улайсан Янжив гаднаас хүн орж ирснийг анзаарчээ. Толгойгоо гэлжийлгэн нэг нүдээ аниж, нэг нүдээрээ Готов руу харж “Би согтсон ч танихтайгаа байнаа. Манай ангийн малчин ороод ирэх шив дээ. Ах ламдаа золгох гэж ирээ биз. Алив, хошуу хүргэхээс” гээд хоёр гараа сарвайхад нь Готов очиж тонгойв. Янживын дэргэд цай ууж суусан Готов архи, тамхи, сүрчиг холилдсон тийм гэхийн аргагүй үнэрт мансуурах шахам толгой нь эргэж, огих шахам байсан ч нэр хичээж тэвчин суулаа.

Янжив тультран, шүлсээ үсчүүлж баахан баярхан ярьж, гэрт байсан хүмүүс Янживыг л ид, уу гэж тал талаас нь шахаж Готовыг тоох янзгүй. “За, ямар ч байсан бараагий нь харчихлаа. Монгол хүний үнэргүй болчихож дээ, зайлуул. Хүний үнэр хүнээс дайжихад Янжив буруугүй байхаа, хөөрхий. Тэр хот гэдэг аажим аажмаар хүний үнэрийг арилгадаг газар бололтой юм билээ. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Янжив маань хотын ёсыг олон жил дагаад л хүний үнэрээ гээж орхиж. Уулзах гэж ирсэн болохоос тоогдох гэж ирээгүй хүн" хэмээн гомдонгуй бодсон Готов гэрээс гарчээ. Араас нь хэн нэгэн дуудсангүй, ямар нэгэн нэхэл дагал ч болсонгүй. Готов мордохынхоо өмнө, авч ирсэн айраг цагаа, дүүрч ирсэн хонио Янживын нагац ахын зээ бандид захиж үлдээгээд “Хотоос ирсэн хүнд өгөх юм шүү” гээд буцжээ. "Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж явлаа” гэж Янживын сайрхан ярьсныг гэнэт тод санасан Готов “Тэр гадаад гэдэгт нь очиж үзэх юмсан" гэсэн бодолд ээрэгдэв. Хэдэн малын араас үүрийн гэгээнээс үдшийн бүрий нөмөртөл дагасан би хэдий завандаа тэр гадаад гээч рүү нь явахав дээ, зайлуул. Бага сургуульд байхдаа ном сайн сурдаг байж. Уг нь би цээжтэй л хүүхдүүдийн нэг байсан даг. Ой сайтай юм, лам л байх хүү гээд өвөө миний толгойг илж суудаг сан.

Манай ангийн хэдэн сэргэлэн нь номын мөр хөөгөөд л аймаг руу явсан, тэндээсээ хот руу явсан сураг дуулдаж л байсан. Би яахав, хөөрхий энэ муу нурамгар шартай нийлээд энэ хонхроос гаралгүй гуч шахам жил болох шив. Номоос холуур явсан хүн ер нь юм юмнаас хөндийрдөг золиг юм гээч. За яахав, Янжив тэр гадаад гээчид сурсан нь үнэн юм хойно над мэтдээ гайхуулах нь аргагүй юм байх аа. Гадаад явж гахай, шувууных нь махыг идээгүй ч хэдэн малын зах бараадаад өлсөж цангалгүй л өдий хүрлээ, буянаараа болог! гээд Готов гэрийнхээ гадаа буужээ. Үдэш унтахаар хэвтэж байхдаа Готов тэр гадаад гэдэг нь хот л гэсэн үг байлгүй гээд тэр жил охиноо дагаж хот орсноо гэнэт санажээ.

Машин тэрэг нь мөргөчих гээд, дэлгүүр хоршоонд өвөр түрий тэмтчээд, хүмүүс нь түлхэлцэж уцаарласан нэг л их багтаж цөхсөн шахцалдаан дунд хөлсөө урсгаж явснаа бодоод хөх инээд нь хүрч, олон хүн цуглахаар үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив ярьдаг юм. Хотын зурагт, сонин цул хов юм билээ. Хөдөөний бидний тухай ямар элэнцгийн хов байхсан билээ гэж бодсоор нэг мэдэхэд аньсага нийлүүлсэн байв.

Готов намаржаандаа дөнгөж буугаад төвхнөж аядан байтал хэл ам дуулгалгүй гэв гэнэт хүргэн нь хүрээд ирэв. Готовын дунд охин нөхөр, хүүгийн хамт Чех улсад амьдраад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм.

-Таныг авахаар ирлээ хэмээн хүргэн нь палхийтэл хэлэхэд Готов:

-Хаашаа тэр вэ? гэвэл хүргэн нь:

-Гадаад руу гэжээ.

-Би явж болдог юм уу? гэж Готовыг гайхан асуухад хүргэн нь:

-Таныг урьж байгаа юмаа, гадаад руу хэн ч явж болно шүү дээ гэхэд Готов:

-Уваа золиг, ном үзсэн хүн тэр гадаад руу чинь явдаг юм байх гэж санасан юм гээд Готов төө хэрийн хаш соруултай гаанс түрийнээсээ сугалж тамхи нэрэв.

-Энэ их ажлын үеэр хэдэн малаа хаяад явчихаж яаж болох вэ, хүү минь гэхэд хүргэн нь:

-Долоохон хоног шүү дээ, онгоцоор нисээд л бууна гэв. Готов хүргэнийхээ үгийг эргэцүүлж сууснаа гэнэт, ер нь тэр гадаад гэдэг рүү нь яваад ирье байз. Онгоц гээч унаанд ч сууж үзье. Хэдэн хүүхдийн буян юм биз, ямар ганцаараа явах биш, төөрч будилна гэж үгүй. Ер нь явдаг хэрэг ээ! гэж шийдээд:

-Би явнаа, охинтойгоо уулзая, зээ хүүгээ тэврэе, явдаг хэрэг ээ, хүү минь гэжээ.

Гэнэт шийдсэн Готов намрын хамаг ажлаа орхиод хүргэнээ даган Чех улсыг зорин нисэв. Гадаад гэдэг Готовт сонирхолтой байсан ч хоёр хоноод л дассан газрын даавуу зөөлөн гэдгийг эрхгүй санагдуулжээ. Цахилгаан шатанд хамт орсон шонтгор хамартай гадаадын хүүхэн Готовыг хараад хамар амаа алгаараа таглаж ярвайгаад хялам хялам хийж байлаа. Өөрөөс нь сэжиглэж байгааг Готов анзаарч зогсчээ. Гэртээ орсон хойно Готов охиноосоо тэр хүүхний маяг жаягтай ярвалзаад байсныг асуухад охин нь, монгол хүнээс муухай үнэр ханхалдаг юм гэсэн. Гадаадынхан андахгүй шүү дээ. Намайг анх ирэхэд муухай үнэр ханхалж байна гээд эндхийн хүмүүс ойртдоггүй байсан юм.

Хүний идсэн, уусан нь нэвт ханхалдаг, биед нь шингэчихсэн байдаг гэсэн, махны л үнэр юм гэсэн шүү. Та шүдээ байнга угааж бас өглөө бүр усанд орж бай. Энд тэнд эвгүй үнэр ханхлуулаад яваад байвал намайг л муу хэлнэ шүү гэж ярьжээ. Монгол хүнээс муухай үнэр ханхалдаг аа, юу ярих нь энэ вэ? Надаас адуу малын үнэр л ханхлана биз. Хаа ч явсан, бүр гадаадад ч явсан үнэртдэг байх нь.

Малын буян юм даа, үнэр нь хүртэл эзэндээ нэвт шингэдэг байх гэж. Готов охиныхоо ярьсанд гомдолтой байсан ч хүний газар хүрч ирчихээд охиноо загнаж зандралтай нь биш, дуугүй л өнгөрчээ. Надаас муухай үнэр ханхалдаг гэв үү, хүнээс хүний л үнэр ханхлах ёстой. Хүний үнэргүй шаарууд л ийм худлаа яриа гаргаж гадны, хөдөөний хүнийг ад үзэж байгаа нь тэр биз гээд хачин жигтэй зүйлээр дүүрсэн гадаадад яваа Готов энэ ярианд тэгтлээ эмзэглэсэнгүй, харин гэртээ харихын хүслэн болж суулаа. Аавдаа хачин сонин газар үзүүлнэ гээд охин нь Прага хотын паркт очиж, та өдөржин яваад ч барахгуй том үзэсгэлэн шүү гээд дагуулан явжээ. Хорионд орсон, хашигдсан, бүр цөлөгдсөн зүсэн зүйлийн амьтдыг сонирхож Готов өдрийн хагас сатаарав. Готов нэгэн урт торон хашааны булан тойртол содон сонин үнэр сэнхийжээ. Энэ чинь юу билээ гэсэн аятай Готов тэр зүг рүү харвал өндөр торны цаана ганц тэмээ хамраа сарталзуулан Готов руу хараад тогтож ядан зогсож байх нь тэр.

Өмнө нь хүмүүс шаваастай, хүүхдүүд зураг авч байгаа харагдав. Готов торны наана, хүмүүсийн ард очиход өнөө тэмээ хамраа сарталзуулан салхи үнэрлэж, Готов руу харж торны цаанаас толгойгоо ухас ухасхийлгэн зүтгэж байв. “Хөөрхийг яаж энд авчраа юм бол, ядаж цөхөх юмгүй л дээ, зарагдчихгүй юу. Тэмээ хэзээ ийм байлаа, үс ноос нь унжаад турж эцжээ. Нутгаа санасан амьтан намайг таньчихаж, эвий минь” гээд Готов зүтгэсээр байгаад нүүрэн талд гарч торны завсраар гараа оруулахад тэмээ тонгойж үнэрлэж, Готовын алгыг долоож, хоёр нүднээс нь нулимс бөмбөрөв. Тэмээний уруул ямархан үнэртэй билээ, таньж байна. Монгол хүнийг үнэрээр нь мэдэж байж, эвий минь! гэж халагласан Готовын нүдэнд ч нулимс дүүрээд ирэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батнайрамдал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.