Дэлхийн данстай “Зууны манлай боксчин”

Twitter Print
2016 оны 12-р сар 13-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

1988 оны наймдугаар сар БНСУ-ын Сөүл хотноо зуны 24 дэх удаагийн “Олимпийн наадам” болж тив тивийн шилдгийн шилдэг олон зуун тамирчин нэг дор хуран чуулж, тоотойхон медалийн төлөө хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, ухаан бодол бүхнээ шавхан өрсөлдсөн “Их амжилтын төлөөх” өдрүүд үргэлжилсээр байлаа.

Дэлхий даяараа “Олимп”-оор амьсгалсан хүн төрөлхтний уламжлалт энэхүү спортын их баяр наадмын үйл ажиллагаанд манай орны баг тамирчид хэд хэдэн төрлөөр оролцсон бөгөөд тэднийгээ монголчууд бид, “Манайхан ч хэдэн медаль зүүгээд ирнэ ээ” хэмээн тэсэн ядан хүлээн суусан цаг саяхан мэт. Гэтэл тэр үед олуулаа мордсон мөнөөх тамирчид маань ганцхан медальтай ирж олны сэтгэлийг гонсойлгож байсныг мартахын аргагүй.

Гэхдээ, ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн, олноороо дамжлан ирсэн “онцгой” тэр медаль бол эх орондоо энгэр хоосон ирсэн баг тамирчдын нэр нүүрийг тахалсан төдийгүй Монголын боксын спортын түүхэнд анхны “Олимпийн медаль” болсноороо ямагт дурсагдах гавьяатай агаад хамгийн гол нь улсынхаа төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан “Цорын ганц" медаль байсныг цохон тэмдэглүүштэй. Тэгвэл энэхүү үнэ цэнэтэй медалийн хүндтэй эзэн чухам хэн байв аа.

Тухайн үеийн улсын шигшээ багийн залуу тамирчин, харин өдгөө Сөүлийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин, Зууны манлай боксчин Нэргүйн Энхбат юм. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Өөрөөр хэлбэл, Монголын ширэн бээлийг олимпийн медальтнуудаас хамгийн түрүүнд медалийн салхийг хагалсан анхдагчийн хувьд Н.Энхбатыг “Бокс”, Олимп, Медаль” гэх гурвалжингийн загалмайлсан эцэг гэлтэй.

Монголчуудын бэлэгшээдгээр булган сүүлтэн гэж түүнийг л хэлэх. Онцловоос, “Олимпийн хүрэл медаль” нь хожмоо алт, мөнгөн медаль болон хувирч, “Гавьяат” цол нь “Хөдөлмөрийн баатар”-т хүрснийг сайн үйлс, сайхан зам мөрийн эх ундарга гэхээс яалтай.

1986 оны зун. АНУ-ын Невада мужийн Рено хотноо боксын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор очсон Кубын алдарт тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга Адольф Орто сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Миний хамгийн хүчтэй гол өрсөлдөгч болох Монголын боксчин Н.Энхбат ирсэнгүй.

Тиймээс би аварга болно гэдэгтэй бүрэн итгэлтэй байна” гэжээ. Ингээд тэр үнэхээр ч аваргалсан гэдэг. Түүний хэлсэн энэ үгийг манай монголчууд тун сайн мэддэг. Учир нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров агсны гэргий Итгэл гуай Монголын радиогийн англи хэлний хэлтэст орчуулагчаар ажиллаж байхдаа Америкийн хэвлэлүүдээс “Монголын боксчин Н.Энхбат ирээгүй болохоор би аварга болно” гэсэн гарчигтай ярилцлага олж уншаад Монголынхоо сонинд орчуулан гаргасан юм билээ.

Иймээс нэгэн үе манай спортын хорхойтнууд “Хэрвээ Н.Энхбат дэлхийн аваргын тэр тэмцээнд оролцсон бол А.Ортог дахин гарцаагүй ялах байсан юм” гэж ам уралдуулан халаглан ярьдаг байв. А.Орто гэгч энэ алдарт тамирчинг дэлхийн хоёр удаагийн аварга байх үед нь (1988 онд) манай нэрт боксчин Н.Энхбат 5:0- ээр, Румыны “Алтан бүс”, Германы “Химийн цом” гэсэн хоёр том тэмцээнд хоёуланд нь ялж, түүний зүрх сэтгэлийг арилшгүй айдаст автуулан, эргээд учрамгүй эрлэгийн элч нь болж явсан удаатай. Ийнхүү тун ч ойрхон дараалан ялагдсан А.Орто хоёр гуравхан сарын дараа дэлхийн аваргын тэмцээнд дахин Н.Энхбаттай таарна гэж андгайлсан байдаг юм.

Кубыг эрт дээрээс л боксын эх орон гэлцдэг. Булчин шөрмөс нь зангирсан, бас харагдах өнгө царай нь хэнийг ч сүрдүүлмээр хүчирхэг кубын боксчдыг ялна, дийлнэ гэдэг сэтгэлзүйн хувьд хэнд ч хэцүү санагдмаар... Харин тэдэнтэй цөөнгүй удаа гар зөрүүлж олонхийн зүрхэнд нь шар ус хуруулж явсан Н.Энхбатын тухайд омогшин ярих олон сайхан дурсамж бий. Нэгэн тоглолтын түүхийг хуучилваас, эдгээр дурсамжийн нэгнээс 1984 онд Кубын нийслэл Гавана хотод зохиогдсон “Найрамдал-84” тэмцээнд Н.Энхбат Кубын домогт тамирчин, олимпийн хоёр удаагийн аварга Аихел Эррератай таарч тоглолтоо дуусган бээлийгээ тайлж байх тэр мөчид Монгол Улсын гавьяат тамирчин В.Батбаяр багш нь, Энхбатаа чи ялсан.

Үнэхээр илт давуу, гайхалтай сайн тоглолоо. Гэхдээ Эррера нутгийнхаа дэвжээнд зодог тайлж байгаа болохоор чамд ялалт өгөхгүй л болов уу даа хэмээсэн нь батлагдаж, шүүгчид нэг онооны илүүгээр А.Эррерад ялалт өгч Н.Энхбат мөнгөн медаль дээр буусан гэдэг. Тухайн үед боксыг үндэснийхээ спорт хэмээн дээдлэн хүндэлж шимтэн сонирхдог 16000 үзэгч нь ч, төрийн тэргүүн Ф.Кастро нь ч уг тоглолтын жинхэнэ ялагч нь хэн болохыг сэтгэл дотроо хүлээн зөвшөөрч мэдэрч суусан нь дамжиггүй биз ээ. Хэдийгээр нутгийн дэвжээ, зодог тайлж буй олимпийн хошой аварга алдар суу нь нөлөөлж ялалт авсан ч өрсөлдөгчийнхөө хүч чадал, төрөлхийн гэмээр авьяасыг нь өөрийн биеэр дэндүү мэдэрсэн.

А.Эррера “Монголын Энхбатаас манай тамирчид хэзээ ч нүд салгаж болохгүй шүү. Тэр байнгын хөдөлгөөн дунд маш оновчтой, хүчтэй цохилт хийдэг, авьяаслаг тоглогч юм” хэмээснийг нь Кубын боксчид онцгойлон анхаарч, Н.Энхбатыг ихэд хүндлэн биширдэг болсон гэдэг юм. Чухам л өрсөлдөгчөө арслан барсын зайтай айлган сөхрүүлж, Монголын хэмээх нэрийг зүрхэнд нь шавж..

1986 онд Германы Холле хотод болсон “Химийн цом” олон улсын тэмцээнд А.Эррерагийн залгамж халаа болон гарч ирсэн олимпийн хүрэл медалийн, дэлхийн гурван удаагийн аварга Адольф Оргатай учирч, 5: 0-ээр хожсон гайхамшигт ялалтын тухай Н.Энхбатын нэгэн үеийн боксчин Ц.Амаржаргал, “А.Орта уг нь өрсөлдөгчөө олон давхар угсраа цохилтоор буулгаж авдаг, тэр нь түүний тоглолтын онцлог, давуу тал нь байдаг.

Гэтэл уг тоглолт дээр Н.Энхбат харин ч эсрэгээр нь А.Ортод угсраа олон цохилт хийж боксчдын ярьдагаар толгойг нь тэврүүлэн” илт давуу, тоглолт үзүүлэн ялсан нь бидний гайхшрал, бахархалыг төрүүлж байсан юм даа” гэж бахархан дурсдаг билээ. Улмаар тэр эрчээрээ Румыны “Алтан бүс”-д очиж тасархай түрүүлсэн 1986 он бол түүний амжилтын оргил үе байсныг гэрчилнэ.

Энэ тухай багш, дасгалжуулагчид, ахмад боксчдоос би олонтаа сонсож байснаа нуух юун. Учир нь миний бие 1995 оноос Монголын боксод нэвтрүүлэгчээр ажиллахдаа боксчдын тухай олон сайхан дурсамж, яриа хөөрөөг чих тавин сонсож ирсэн юм. Боксын нэвтрүүлэгч гэдэг нь тухайн боксчинг амрах агшинд түүний намтар түүх, ялалт амжилт, гавьяа шагнал зэргийг танилцуулдаг журамтай.

Тиймээс ч сонсож мэдсэнээ нэгтгэн энэхүү бичвэрийг тэрлэж суугаа маань энэ...

Үнэндээ дэлхийн боксын ертөнцөд “од” болон гялалзсан алдарт Адольф Орто, Анхел Эрара зэрэг олимп, дэлхийн гайхамшигт аваргуудын анхаарлын төвд оршиж, тэднийг айдаст автуулах гэдэг жинхэнэ бахархал бөгөөд Н.Энхбат гэж хэн бэ? гэсэн асуултад өгсөн тодоос тод том хариулт юм. Аваргыг хаяж аварга болдог гэдэг дээ. Чухам л өрсөлдөгчөө арслан барсын дайтай айлгадаг дээр нэрлэгдсэн дэлхийн шилдэг боксчдыг, харин ч нэг өөрсдийг нь сөхрүүлж, “Монгол” хэмээх нэрийг зүрхэнд нь шивж, эх орноо дуурсгасан “Зууны манлай боксчин” Н.Энхбат гавьяат бол олимп, дэлхийн аваргын төвшинд үнэлэгдэх үнэхээр ховор төрөх их хүчтэн юм.

Ёстой төрмөл гэгч авьяас түүнд л заяасан мэт. Дашрамд хэлэхэд гавьяатыг шүтэн бишрэгч хүүхэд залуус түүний мөрөөр замнаснаар, Монголд шилдэг ширэн бээлийтэн олноор төрөн гарсан юм. Бурханы шашны XIV далай лам Данзанжамц монголчуудад хандан:  “Та бүхэнд Чингис хааны их сүлд хийморь, эрч хүч ихээр оршиж байгаа. Түүнийг л амьдрал ахуйтайгаа холбох хэрэгтэй” гэв.

Энэ агуу хүний хэлсэнчлэн нэгэн цагт дэлхийн талыг хумьж явсан хүчирхэг их хааны үр сад болохоо эх орондоо төдийгүй хилийн чинадад удаа дараа харуулж чадсан Н.Энхбатдаа монголчууд бид хайртай агаад ямагт хүндэтгэнэм. Бүр бурхан багш ч хайртай гэнэм. Учир хэмээвээс: Түүний авах л байсан алт, мөнгөн медалийг арга залиар хавчин хааж, хуйвалдан дарсан ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр, харин ч олимпийн хүрэл медаль зүүгээд ирсэн нь бурхны ивээл мэт санагдана. Эс тэгвээс бүтэн ч луйвардуулж болох.

Олон улс, тив дэлхийн аливаа уралдаан тэмцээний цар хүрээ томрох тусам ил далд луйвар худал хуурмаг хуйвалдаан, дийлдэшгүй дээд цэгтээ хүрдэг гэж спортынхон ярьдаг. Н.Энхбат 1979-1989 он хүртэл 10 жил улсын шигшээ багийн тамирчин байхдаа 60 кг-ийн дэлхийн шилдэг 10 тамирчны тоонд 6 удаа дараалан бичигдэж, олон улсын тэмцээний “Алтан бүс”- ийг 2 удаа хүртэж, нийт 60 гаруй медалийг энгэртээ зүүж, Монголын боксын спортод олимпийн анхны медалийг авчирсан гээд, түүний тухай цааш нь ярих аваас, дуусашгүй урт түүх хөврөх ажгуу.

Монгол Улсын гавьяат жүжигчин, эстрадын нэрт дуучин Д.Жаргалсайхан, Н.Энхбатыг Олимпийн хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогсож байх тэрхүү торгон агшинд түүнд зориулан “Тамирчны алдар” дуугаа зохиосон гэдэг.

Ачит төрийнхөө далбааг Алдар нэртэйгээ өргүүлж

Алаг сайхан нүдэндээ Баярын нулимстай зогссон

Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны ялалт хямдхан олдоогүй... гэх энэ сайхан дуу гавьяат тамирчны маань олон жил хөлс хүчээ асгаруулж, цаг зав, нойр хоолгүй зүтгэсэн их хөдөлмөрийнх нь үр шим болох бодит амжилтыг нь төдийгүй, ард олноо ямагт баярлуулж явсан.

Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, XX зууны манлай боксчин Нэргүйн Энхбатад Монголын төр засаг, Монголын ард түмэн, Монголын боксын олимпийн хороо, үе үеийн ширэн бээлийт тамирчид үнэхээр талархаж, магтан дуулж, мартахгүй байх учиртай. Тэр боксын спортод үнэхээр бие сэтгэлээ бүрэн зориулсан гавьяат. Нэргүйн Энхбат, нэрт боксчин болтол буюу “Монголын Энхбат” гэж дэлхийд хэлэгдэх хүртэл мөн ч их хөдөлмөр, хөлс хүч, цаг хугацаа зориулсныг үгээр дүгнэн цэгнэхийн аргагүй.

Ингээд, эх орныхоо нэрийг хилийн чандад олон жил дуурсгасан, дэлхийд данстай “Бөмбөрцгийн тамирчин” эрхэм хүн таныг, нэгэн цагт Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол хүртэх болтугай гэж ерөөн, энэхүү өгүүлэмжээ өндөрлөе.

МУСГЗ, нэвтрүүлэгч Г.Отгон

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.