“Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн ирц бүрдлээ

Twitter Print
2015 оны 12-р сар 12-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ сарын 8, 9-ны шөнө хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо.

“А” хэсэгт Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ” цааш өрсөлдөх нь тодорхой байсан. Эзэн хааны “Реал Мадрид” сүүлийн учраа “Мальмё”-г “Сантьяаго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч 8:0-ээр бут ниргэсэн. Хожлын гоолуудыг К.Роналду 39, 47, 50, 59, К.Бензема 12, 24, 74, Н.Ковачич 70 дахь минутанд оруулсан. Нөгөө талд З.Ибрагимовичийн “ПСЖ” клуб “Шахтёр”-ыг 2:0-ээр хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарч байна.

“В” хэсэгт тун сонирхолтой үр дүн гарлаа. Хэсгээ тэргүүлэх магадлалтай байсан “Манчестер Юнайтед” Германы талбайд 3:2-оор хожигдсон бол “Аваргуудын лиг”-ийг олон улирал өнжсөн “ПСВ” өрсөлдөгч баг “ЦСКА”-г 2:1-ээр хожсон юм. Ингэснээр Германы “Вольфсбург” 12, Голландын “ПСВ Эйндховен” 10, Английн “Манчестер Юнайтед” 8, ОХУ-ын “ЦСКА Москва” 4 оноотой хэсгийн тоглолтыг дуусгалаа.

Ангийн алдарт клуб “Ман.Ю” өмнө нь 2006, 2012 онд хэсгийн шатнаас хасагдаж байсан бол энэ удаа гурав дахь тохиолдол нь болов. Яг л өмнөх жилүүдтэй адил хэсгийн сүүлийн тоглолтонд өрсөлдөгч багтаа ялагдаж, оноо алдсан юм. Тэд “Аваргуудын лиг” гэж нэрлэх болсноос хойш 1999, 2008 онд тус тэмцээнд түрүүлсэн байсан билээ.

“С” хэсгийн хувь заяа дөрөвдүгээр тойрогт шийдэгдсэн. “Бенфика”-“Атлетико Мадрид”-ийг 2:1-ээр хожиж, “Галатасарай”-“Астана” 1:1-ээр тэнцлээ. Улмаар Испанийн “Атлетико Мадрид” 13, Португалын “Бенфика” 10, Туркийн “Галатасарай” 5, Казахстаны “Астан” 4 оноотой болсон аж.

“D” хэсэгт “Ювентус”, “Манчестер Сити”-гийн хэн нь нэгээр гарахаа шийдэх тоглолтууд байсан. Харин “Сити” талбай дээрээ “Боруссия Мончебладхач”-ийг 4:2-оор хожсон бол “Ювентус” айлын талбайд буюу “Севилья”-д 1:0-ээр ялагдлаа. Эцсийн дүн гарахад Английн “Манчестер Сити” 12, Италийн “Ювентус” 11, Испанийн “Севилья” 6, Германы “Боруссия Мончебладхач” 5 оноотой болж байна.

“E” хэсэгт “Барселона” нэгээр гарах нь тодорхой байсан. Харин “Байер Ливеркузен”, “Рома”-гийн хэн сайн төгсгөлийг хийсэн нь шөвгийн 16-д үлдэх байв. “Байер Ливеркузен” талбай дээрээ хүчирхэг “Барселона”-тай 1:1-ээр тэнцсэн бол, “Рома” гэртээ “БАТЭ”-тай 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан. Улмаар Италийн “Рома” хэсгээсээ гарч Германы “Байер Ливкузен” Европа лигт тоглохоор боллоо.

“F” хэсэгт Английн “Арсенал” эхлэлийг тун хангалтгүй тавьсан учир нуман тулгуурт орсон. Гэхдээ сүүлийн тоглолтоо Грекийн талбайд хийж, “Олимпиакос”-ийг 3:0-ээр бут ниргэж, шөвгийн 16-д шалгарч байна. “Их буучид”-аас О.Жиру гайхалтай байж, гурван гоолыг орууллаа.

“G” хэсэгт Английн “Челси” талбай дээрээ Португалын “Порту”-г 2:0-ээр хожиж, нэгээр гарч ирлээ. Харин Украйны “Динамо Киев” өөрт олдсон боломжоо зуун хувь ашиглан Израйлийн “Маккаби”-г 1:0-ээр хожсноор хэсгээсээ хоёроор гарч байна.

“H” хэсэгт ОХУ-ын “Зенит Санктпетрбург” таван тоглолт дараалан хожсон ч сүүлийн учраа Белгийн “Гент” клубт 2:1-ээр хожигдлоо. Нөгөө талд Францын “Лион” хэдийгээр хэсгээсээ гарах боломжгүй болсон Испанийн “Валенсиа”-г талбай дээр нь 2:0-ээр хожиж, тэдний шөвгөрөх замыг хаасан билээ. Ингэснээр мэргэжилтнүүдийн таамаглаж байсан хоёр баг мултарч, “Зенит”, “Гент” хасагдах шатанд үлдлээ.

Ийнхүү хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн 16-д тоглох багуудын нэр тодорлоо. Энэ улиралд “Реал Мадрид”-ийн Португал довтлогч К.Роналду 11 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлснээс гадна дээд амжилт тогтоолоо. Өмнө нь хэсгийн шатанд 11 гоол оруулсан тоглогч байгаагүй юм. К.Роналдугийн хувьд 2013-2014 оны улиралд 17 гоол оруулж мөн дээд амжилтын эзэн болж байсан түүхтэй.

2015-2016 оны улирлын шөвгийн 16-д Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, Английн “Челси”, “Манчестер Сити”, “Арсенал”, Германы “Бавари Мюнхен”, “Вольфсбург”, Италийн “Ювентус”, “Рома”, Португалын “Бенфика”, Францын “ПСЖ”, Голландын “ПСВ Эйндховен”, ОХУ-ын “Зенит”, Украйны “Динамо Киев”, Белгийн “Гент” багууд шалгарлаа.

Шөвгийн 16-гийн оноолт энэ сарын 14-нд гарах бол ирэх оны хоёрдугаар сарын 16, 17, 23, 24-нд эхний, гуравдугаар сарын 8, 9, 15, 16-нд хариу тоглолтууд болох хуваарь гарсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.