Д.Ганхуяг: Нийслэлчүүдийг орон сууцжуулах энэ төрийн бодлого тасарлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 10-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо. 

Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Гэсэн ч өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Лүндээжанцан нарын гишүүд оролцов.

УИХ өнгөрсөн долдугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Түүнд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж зээл авах боломжоор хангахад чиглэж байв. Гэвч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд гомдол гаргаснаар эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ гаргасан байсан юм. Цэцийн энэхүү шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Хачирхалтай нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан иргэн нь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр юм байна.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Иргэд хашааныхаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон сууцтай болох төрөөс орон сууцын зээлээр дэмжих арга хэмжээ иргэдэд хэрэгтэй зээл юм биш үү. Дэлхий нийтээрээ иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Иргэдийн өмчилж авсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэхийг яагаад Үндсэн хуулийн цэц эсэргүүцээд байгаа юм бэ. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ” гэхэд Цэцийн хуралдааныг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуллаа.

Тэрээр “2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийг 2015 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулаад барьцааны гэрээгээр барьцаалагдсан газрыг эдийн засгийн эргэлтэд аль болох оруулах, тэр чиглэлийн өөрчлөлтийг хийсэн. Иргэд газраа барьцаалж, зээл авч орон сууцтай болох энэ бололцоог нээж өгөхийн тулд өөрчлөлтийг хийсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц дээр очоод иргэний газрыг банк, санхүүгийн байгууллага шүүхийн хяналтаас гадуур худалдан борлуулах замаар авч, өмчлөгчийн эрхийг зөрчих гэж байна гэсэн үндэслэлээр УИХ-аас гаргасан хуулийг хүчингүй болгосон байгаа.

Би санал нийлэхгүй. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд газар, байшин, үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авч, эдийн засгийн цусны эргэлтийг хэдий чинээ сайжруулна, төдий чинээ зах зээлийн эдийн засаг зөв зам руугаа ордог гэдгийг бүгд мэднэ. Харамсалтай нь Иргэний эрх хянан шийдвэрлэх хуулийн 184.1-т газар барьцаалах гэрээ байгуулсан тохиолдолд нотариатаар батлуулаад, нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх баталгаажуулсаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар оруулна. Шүүхийн хяналтын дагуу барьцааны газрыг дуудлага худалдаанд оруулах бололцоог нээж өгсөн байхад ҮХЦ шүүхийн хяналтаас гадуур энэ асуудлыг явуулах гэж байна гэсэн шийдвэр гаргасан байгаа. Буруу ойлгосон байгаа. Тийм учраас ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дахин тодруулж “олон иргэн хувьчилж авсан газраа эргэлтэд оруулж, орон сууцтай болох, 70 гаруй мянган иргэн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан байна. 180 мянган өрх гэр хороололд амьдардаг. Нийслэлчүүдийг орон сууцжуулах энэ төрийн бодлого тасарлаа. Сөрөг нөлөө, сөрөг үр дүнг хэн хариуцах вэ. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй" гэсэн юм. 

Мөн дээрх асуудлаар банкны удирдлагууд ч өнөөдөр шуурхай хуралдаан зарласан билээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллагуудаас гишүүдэд бичиг ирүүлжээ. Тус бичигт “Моргэйжийн зах зээлийг явуулах боломжгүй боллоо. Цаашид зээлийн хүүг өсгөхөөс өөр аргагүй байдалд орохоор болж байна. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд, ипотекийн системийг устгах гэж байгаа бол буцаад хуучин хэвэндээ оруулна шүү” гэх утгатай бичгийг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

Иргэдийн хувьд энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй, найман хувийн зээл мөнгөгүй байгаагаас гарахгүй байгаа гэх ойлголттой байсан. Тэд өчигдрөөс МАН-аас болж энэ зээл зогсоод байгааг мэдлээ гэсэн байр суурьтай байлаа. Одоогоор энэ талаарх мэдээллийг авах гэсэн иргэд банкуудад дараалал үүсгэж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.230) 2018-03-26 12:40
      • 0
      • 0

      Oron suutsjuulah ajliig oligtoi yavuulahgui yum bol mongolchuud baigalia suitgeed, baigalia suitgesen bolohoornoorsdiigoo suitgeed duuslaa. Hamag modoo tairch tuleed duusaj bgaa nolohoor huuraishilt ihsej namar havart shoroon dotor ovol utaan dotroo hahaj tsatsan buhimdal stresseer duuren amidarch bgaa ni uhamsar setgelgui bidnii oorsdiin nolon ajil hiine giiguulne gej garchihaad hamag mongiig hulgailaad suudag toriin ajiltnuudiin buruu. Odoogiin baidlaar Darhan tsaazat hemeegdeh Bogdhan uulnaas mashin mashinaar ni mod tairan achij baina. Ubt urgasan heden modoo hurtel tairdag, hashaandaa horoo orchindoo zuleg tsetseg yaridag neg ch ail orh alban gazar baidaggui shoroon nuurleed l yavj baidag.

      Хариулах

    • zochin

      (124.158.107.17) 2015-12-11 08:32
      • 0
      • 0

      Shal hudlaa sensaatsi gargaj irj bgaad asuudliig shiidsen bolj ard tumnees kok avah gesen odoogiin zasgiin arga, chaavaas daa.

      Хариулах