”Макс”-ын ослын хариуцлагыг хэн үүрэх вэ?

Twitter Print
2014 оны 01-р сар 14-нд 06:00 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд барилгын ослын улмаас сүүлийн жилүүдэд эрүүл мэнд цаашлаад цаг бусаар хорвоог орхиж буй хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, барилгын осолтой холбоотойгоор жилд дэлхийн 2.2 сая хүн амь үрэгддэг гэсэн тоо баримт байдаг. Эл тоо манайханд ч хамаатай. Барилгын компаниуд болоод захиалагч байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чаддаггүй учраас үүнээс үүдэлтэй осол аваар ихээр гардаг нь нууц биш.  Ялангуяа урин дулааны улиралд барилгын ажил ид явагддаг учир хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалах осол аваар гарч хүн бэртэж, эндэх, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Манай улсын хувьд арваннэгдүгээр сараас эхлэн барилгын үйл ажиллагааг түр зогсоох хуультай. Тиймээс ч өвлийн улиралд энэ төрлийн хэргүүд багасах учиртай. Гэтэл хууль дүрмээ мөрдөн биелүүлдэггүй, өөрсдийн эрх ашиг сонирхолыг бодсон зарим компаниудаас болж эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаа нь харамсалтай. Хэргийг сануулбал, энэ сарын 7-ны өдрийн 10 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас төмөр унаж, автомашины жолооч нас барсан гэх мэдээлэл ирснийг хүлээн авч мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Цогтсайхан, Чингэлтэй дүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямханд нарын удирдсан бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн тус тус хэргийн газарт очиж ажилласан. Мөрдөн байцаалтаар талийгаач Б-нь 1978 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн. Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн жолоочоор ажилладаг бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны титмийн суурин дээр “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж байгаа “Crown mining center” гэх нэртэй барилгын урд талын засмал замын 3 дугаар эгнээнд албаны 31-39 УНР улсын дугаартай Toyota Landcriuser-200 маркын автомашиныг жолоодон явж байх үед уг барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжин өргүүрийг 17 давхарын дээврээс тогтоосон 7 метрийн урттай сум төмөр машины дээрээс унаж, кабиныг цөмлөн амь насыг нь хохироосон ослын дүгнэлт гарсан. Гэвч эрдэнэт хүний амийг авч одсон тус барилгад ажил хийгдэх зөвшөөрөл олгогдсон эсэх, шаардлага хангахаар ажиллаж байсан уу гэдэг нь гол асуудал болоод байгаа юм. “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж буй уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг “Тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тухай зөвшөрөөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр өнгөрсөн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон байна. Гэтэл захиалагч “Макс Өргөө” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэлдүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ий захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Тэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээг өнгөрсөн оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Мэдээж осол гарч, хүний амь эрсэдсэн газарт тухайн хэрэгт холбоотой байж болох бүх хүмүүсээс мэдүүлэг авч, сэжигтнээр тооцон шалгадаг. Тиймээс уг хэргийн сэжүүр ерөнхий захирал Ш.Нямдаваа, уг компаний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Монгол улсын эрүүийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хамгийн гол нь тус барилгын угсралтын ажлыг зогсоосон байхад, улсын байцаагчийн актанд тусгагдсан зөрчлийг арилгаагүй байж, “Макс Өргөө” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь дээрх дурдсан нэр бүхий компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн нь ийнхүү эрсдэлд орох хаалгыг нээгээд өгсөн гэхэд хилсдэхгүй. Цаашлаад, ослын хариуцлагад төмөр унагаасан ажилчин, захирал, инженер гурвын буруу болж таарч. Гэтэл жинхэнэ уг газрын наймаанд оролцсон лоббичид, явган хүний зам ч үлдээхгүй шахам барилга босгох зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, осол болоход эрсдэл гарах нь тодорхой байхад барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүд хариуцлагын гадна үлдэх нь. Өөрсдийн эрх ашгийнхаа төлөө хууль бус үйлдэл хийж, эрх мэдлээрээ шантаачилж буй хүмүүсээс болж эгэл жирийн ард түмэн хохирсоор байна. Чухам хуулийн хариуцлагыг хэн үүрэх бол. Мөнгөөр бүхнийг шийддэг энэ жигшүүрт байдлыг олон нийтэд дэлгэж, үнэн шударгыг Монголын төр, Монголын шүүх, Монголын хууль гагцхүү дүгнэх л үлдлээ. Г. Ганчимэг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.21.29) 2014-01-11 15:01
      • 0
      • 0

      энэ муу сайн баячуудыг юу ч үгүй болго

      Хариулах