XXI зууны монголчууд хормойн өвчинд дарлуулж суух нь эмгэнэл

Twitter Print
2015 оны 12-р сар 09-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

-10 мянган хүн тутмын 24 нь тэмбүү өвчнөөр өвчилж байна-

Бэлгийн замын халдварт өвчний гаралт эрс нэмэгдэж байна, улаан тарианы үе эргэн ирлээ гэх зэргээр сэтгэл өвтгөсөн мэдээ мэдээлэл, тоо баримт хэвлэл мэдээллээр цацагдах боллоо.

Албан тоо баримтууд ч айдас төрүүлэм байгаа нь нууц биш. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар үнэхээр манай улсад тэртээ 1940 оных шиг буюу улаан тарианы үе эргэн ирээд байгаа эсэхийг сурвалжиллаа.

ТЭМБҮҮ ӨВЧИН МОНГОЛД 1700-ААД ОНЫ ҮЕД ОРЖ ИРСЭН

Тэмбүү өвчин хамгийн анх хэзээ, хэрхэн дэлгэрсэн талаар нэлээд маргаантай байдаг аж. Гэхдээ 1400-аад онд Европ тивд анх бүртгэгдэж, улмаар 1,500 он гэхэд дэлхий нийтээр тархсан гэж эрдэмтэд үздэг байна. Тэмбүү нь цайвар гэж нэрлэгдэх нянгаар үүсгэгддэг бөгөөд үүнээс даруй 400 жилийн дараа буюу 1906 онд Вассерман, Нейссер, Брук нар тэмбүүг оношлох шинжилгээг гаргаж ирж байжээ. Харин орчин үед тэмбүүг цусны шинжилгээгээр илрүүлэх бөгөөд Вассерманы гэдэг шошготой хэвээр байдаг гэнэ. 

Харин Монгол Улсад хэдий үеэр тэмбүү өвчин дэлгэрсэн болох нь гүйцэд судлагдаагүй ч, өмнөд хөршөөс орж ирсэн гэх таамгийг гадаадын болон монголын эрдэмтэд дэвшүүлдэг байна. Энд нэгэн жишээ дурьдвал, 1960 онд Ч.Долгор, Ц.Нямдорж нар нэгэн сонирхолтой өгүүлэл хэвлүүлж, түүндээ гэлэн эмч Чойндонгийн өргөх бичгийг нийтэлсэн байжээ. Тэрхүү бичгийг сийрүүлбэл “Цахарын өртөөний цэргийн хэргийг хавсран захирагчийн харьяат гэлэн эмч Чойндонгоос дээд журганы сайд дор өргөх бичиг. 

Манай хошууны цахарын өртөөний пүүсийн данжаад Лю Ще Цеогийн бөгс муу махны яр хэмээх дотор газрын өвчин сэдрэн харьяа газрын зарим нэгэн эхнэрүүдийн ба уламхүү цэрэг Сампил нар дор халдварлан тархаж, энэ нутаг орноо засахуй дор бэрхтэй болсон ба алдалгүй туслан анагаах эмгүй болно.

Учир ийм дор өвчтэй иргэн Лю Ще Цеог нутагт нь даруй буцаан зайлуулж өвчнөө хэлмэгдэн буй хүмүүсийг өтөр түргэн засахуй дор туслах мөнгөний ус, жонсын нунтаг зэргийг тус газраа ирүүлэхийг гүнээ эрэн өргөв. Тэнгэр тэтгэсний 50 он, намрын дунд сарын 13” гэсэн байдаг аж. Манжийн хааны тэнгэр тэтгэсний 50 он нь Европын тооллоор 1736 оноос эхэлдэг байна. Гэлэн эмчийн энэхүү өргөх бичиг Монголд тэмбүү өвчин хэрхэн дэлгэрснийг гэрчлэх баримт болж үлджээ. 

Энэ мэт түүхэн баримтуудаас үзэхэд, Монгол улс Манж Хятадын эрхшээлд орсон 17 дугаар зууны сүүл үеэс тэмбүү өвчин манай оронд тархсан гэж үзэж болохоор байгаа юм. Зарим түүхчдийн хувьд Манжийн дарлалын үед шарын шашныг өргөн дэлгэрүүлэх, хүн амын дунд өнгөний өвчнийг тараах нь тухайн үедээ хятадын колоничлогчдоос монголын хүн амыг устгах гэсэн өвөрмөц маягийн биологийн дайны арга байсан гэж ч үзэх нь бий. Ямартай ч, Монголд тэмбүү өвчин 1700-аад оны үед дэлгэрсэн байх магадлалтай байгаа юм. 

Хуучин Монголын эмч нарын хувьд тэмбүү өвчнийг “Дотор газрын яр” гэж нэрлэж ирсэн бол орчин үеийн Монголын анагаах ухаанд тэмбүү хэмээн томьёолсон байгаа юм. Тэмбүү гэдэг үг нь монгол үг биш бөгөөд хятад хэлний Тяньбу гэх үгнээс гаралтай аж. Тянь гэдэг нь тэнгэр гэсэн утгатай бол Бу нь өвчин гэх утгатай  гэнэ. 

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ НИЙТ ГАРАЛТЫН 10 ГАРУЙ ХУВИЙГ ОЮУТНУУД ЭЗЭЛДЭГ ГЭВ 

Сүүлийн жилүүдэд ХӨСҮТ-д бүртгэгдэж байгаа халдварт өвчний дотор бэлгийн замын өвчин зонхилох болсон байна. Ялангуяа бэлгийн замын зонхилон тохиолдох халдварт өвчин буюу тэмбүү, заг хүйтэн, трихоманиаз, ДОХ гэсэн өвчлөл их байгаа аж. 2001-2015 оны хооронд хамгийн их өвчлөл нэмэгдэж байгаа нь тэмбүү өвчин гэнэ. 

Тодруулбал, 2001 онд бүртгэгдэж байснаас даруй дөрөв дахин ихэссэн байх юм. 2001 онд 10 мянга хүн тутмын долоон хүн тэмбүүгээр өвчилж байсан бол одоо 10 мянган хүн тутмын 24 нь өвчилж байгаа гэсэн мэдээлэл албаны хүн өглөө.

Энэ талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Тэмбүү өвчнөөр өвчлөөд байгаа хүмүүсийг судлаад үзэхээр хүйсийн ялгаа байна уу?

-Ер нь тэмбүү өвчний хүйсийн харьцаа тэнцүү байдаг. Сүүлийн жилүүдэд үзлэгт хамрагдаж байгаа байдлаас хамаарч байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд тэмбүү өвчнөөр өвчлөх нь их байгаа.

Тухайлбал, энэ оны эхний хэдэн сард өвчилсөн хүмүүсийн хүйсийг харьцуулахад эмэгтэй 65, эрэгтэй 35 орчим хувийг эзэлсэн байна.

-Тэмбүү өвчин хаанаа хамгийн их тархаж байна. Мөн аль насныхан илүү олноороо өвчлөөд байгаа вэ?

-Хаана өвчлөөд байна гэхээр хөдөө орон нутгийн хүмүүс 50, аймаг, нийслэл буюу төв суурин газрын хүмүүс 50 хувийг эзэлж байгаа. Насны хувьд 15-49 насны хүмүүс 94 хувийг эзлэж байгаа юм. Ажил эрхлэлтийн хувьд ажилгүй хүмүүс 40, оюутнууд 13, ажил эрхэлж байгаа хүмүүс 30, гэр бүлгүй буюу гэр бүлээсээ салсан, хамтран амьдрагчтай хүмүүс 42 хувийг эзэлсэн. 

ТЭМБҮҮ ӨВЧИН ХҮНИЙ БҮХ ЭД ЭРХТЭНҮҮДЭД НЭВТЭРЧ, ГЭМТЭЭДЭГ

Тэмбүү өвчтэй хүмүүс эмчлүүлэхгүй буюу өвчтэй гэдгээ мэдэхгүй удаан хугацаанд явдаг юм байна. Өөрөөр хэлбэл, бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтэний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг тул эрчүүдийн тээрхий, шодойн дээр нь гардаг.

Харин эмэгтэйчүүд ихэвчлэн умайн хүзүү, үтрээний дотор талд нь гардаг тул халдвар авснаа мэдэхгүй байх нь бий гэнэ. Хэрэв тухайн хүн халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог байна. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аниж алга болдог. 

Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш төдийгүй харин ч эсрэгээр харин ч идэвхитэй үржиж эхэлсний шинж гэнэ. Энэ үед өвчин судсуудыг ашиглан бие махбодиор тархдаг байна. Энэ үеэс л өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэх аж.

Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчлэхгүй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргүй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах ч тохиолдол байдаг аж. Ямар нэгэн зовиур илрэхгүй байх ч тохиолдол байдаг аж. 

Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам урт хугацаатай болох ч өвчний өдөөгч нь аль хэдийнэ тухайн хүний бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг талаар мэргэжлийн эмч нар хэлж байсан юм.

Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгүй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсч, дээр нь кальци хуримтлагддаг байна. 

Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй байдаг байна. Тиймээс ямар нэгэн байдлаар тохиолдлын байдлаар бэлгийн харьцаанд орсон бол шинжилгээ хийлгэж тэмбүү өвчнийг эрт илрүүлэх нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ ЭХЭН ҮЕД НЬ ГАНЦХАН УДАА ТАРИА ХИЙГЭЭД Л ЭМЧИЛДЭГ

Мэдээж халдварт өвчин тэр дундаа бэлгийн замаар дамждаг тэмбүү өвчин ихсэх болсон олон шалтгаан байгаа. Тухайлбал, төр засгийн бодлого хангалтгүй, нийгэм, байгууллага аж ахуйн нэгж, хувь хүн, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч буй.

Тиймээс улаан тарианы үе эргэн ирж хаалга тогшоод байгаа энэ цаг үед нэлээн өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой юм. Тухайлбал, улаан тарианы эрин үед манай улс 500 орчим мянган хүн амтай байсан бөгөөд 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан гэдэг. 

Тухайн үед хүн ам цөөхөн учраас тэмбүүгийн өвчлөл их байсан гэдэг. Харин өнөө цагт хүн ам ихсэхийн хэрээр энэ өвчлөл нэмэгджээ. Тухайн үед Орос, Монгол эмч нар “Соёлын довтолгоон” өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүр мөсөн устгасан түүхтэй.

Тиймээс тухайн үе шиг нарийн чанга арга хэмжээ авч чадахгүй юм гэхэд өнөөгийн нийгэмд нь тохирсон төрийн бодлого шаардлагатай байгаа юм. Тэгээд ч тухайн үед тэмбүү өвчнийг эмчлэхийн тулд өвчтэй иргэдийг сумын төв дээр нь албадан байлгаж, доод тал нь 21 хоног өглөө, орой хоёр тариа хийж эмчилдэг байсан байх юм.

Харин одоо бол эм тариа, техник технологи гээд бүгд хөгжчихсөн. Тиймээс 1-2 дугаар үеийн шинэ тэмбүү өвчинд ганцхан удаа тариа хийчихдэг болсон байна. Хүндэрсэн буюу 1-2 дугаар үе өнгөрсөн бол долоо хоногийн хугацаатай гурван удаа тариа хийдэг гэнэ. Түүнчлэн, тэмбүү өвчний илрүүлэлт буюу оношлогоо нь маш тодорхой болчихсон. 

Гэтэл уг өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй харин ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар жилдээ шинээр тэмбүү өвчин туссан 5,000 хүнийг эмчилчихээд байхад л дараа жил нь түүнээс ч олон хүн шинээр тэмбүү өвчин тусаад байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, уг өвчнөөс өөрийгөө хамгаалаад байх насны буюу 15-49 насны мэдлэг, мэргэжилтэй хүмүүс тэмбүү өвчнөөр өвчилдөг байна. Маш бага хувийг тэмбүүтэй эхээс төрсөн төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд эзэлдэг аж. Тиймээс өнөөгийн нийгэмд тохирсон “Соёлын довтолгоон” өрнүүлж, тэмбүү нэртэй чимээгүй тахлыг дарчих боломж бүрэн дүүрэн байгаа ч энэ талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрчээ.

ТЭМБҮҮ ӨВЧИН ТУССАН ХҮН ӨВЧНӨӨ ИЛРҮҮЛЭХ, ЭМЧЛҮҮЛЭХ НЬ ХЭЦҮҮ АЖИЛ БИШ

Хэдийгээр ганцхан тариа хийгээд зүгээр болчихдог ч гэсэн үндэсний аюулгүй байдалд хүрэхүйц асуудал үүсгээд байгаа гэнэ. Энэхүү өвчний хамгийн гол асуудал нь илрүүлэлт юм. Учир нь “би тохиолдлын бэлгийн харилцаанд орчихлоо” гээд шинжилгээ өгдөг хүн өдрийн од шиг цөөхөн байдаг гэдгийг эмч нар хэлж байна.

Ямар байдлаар энэ өвчин илрээд байна вэ гэхээр албадлагын байдлаар илэрч байгаа аж. Тухайлбал, тухайн хүн ажилд орох, гадаадад сургуульд сурах, жирэмсэн болоход зайлшгүй шинжилгээ өгсөн байхыг шаарддаг. Тэгвэл эдгээр тохиолдлуудаар л тэмбүү өвчний тохиолдлууд илэрдэг байна.

Уг нь нэг үеэ бодвол тэмбүүгийн шинжилгээ өгөх гэж заавал ХӨСҮТ явах шаардлагагүй болсон. Харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд тэмбүүгийн шинжилгээ хийж байгаа. Тиймээс тэмбүү өвчин туссан хүн өвчнөө илрүүлэх, эмчлүүлэх нь тийм ч хэцүү ажил биш юм билээ. 

ДААТГАЛЫН МӨНГӨӨР ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ ЭМЧИЛДЭГГҮЙ 

Тэмбүү өвчтэй гэдгээ мэдсэн хэрнээ эмчлүүлдэггүй хэсэг бүлэг байдаг аж. Учир нь амьдарлын боломжгүй иргэд тэмбүү өвчнөөр өвдсөн гэдгээ мэдсэн ч эмчилгээгээ хийлгэхгүй яваад өгдөг талаар албаны хүмүүс ярьж байлаа. Энэ талаар эмчлэгч эмч нар “Эрүүл мэндийн даатгалын хуулиар тэмбүү өвчнийг даатгалын мөнгөөр эмчилдэггүй.

Тиймээс бид эмчилгээний хуулийн дагуу тухайн хүний шинжилгээний хариуг хэлээд, эмчилгээ болон эмийг жор бичиж өгдөг. Хэрэв тухайн хүн санхүүгийн боломжтой бол эмчилгээгээ хийлгэдэг. Гэтэл амьжиргааны төвшин доогуур иргэд эмчийн бичиж өгсөн эм, эмчилгээг хийлгэж чадахгүй тохиолдол цөөнгүй гардаг.

Өөрөөр хэлбэл, тэмбүү өвчтэй гэдгээ мэдээд, эмчийн бичиж өгсөн жорыг авдаг ч эмчилгээгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй сураггүй алга болчихдог” гэв. Мэдээж энэ мэт эмчилгээ хийлгээгүй этгээд өвчнөө цааш тараадаг гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ Эрүүл мэндийн даатгалаар тэмбүү өвчнийг эмчилдэг байсан бол эмч нар илрүүлсэн тэмбүү өвчин бүрийг эмчлээд явах бүрэн боломжтой. 

Учир нь уг өвчний эхэн үед ганцхан тариа хийхэд л хангалттай байдаг. Тиймээс ч тохиолдол бүрийг эмчлээд байж болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр өвчтэй гэдгээ мэдсэн хэрнээ санаатайгаар тарааж байгаа хүнд хуулийн хариуцлага ногдуулах учиртай. Гэтэл уг хууль хэрэгжиж байгаа юм алга. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар өөртөө бэлгийн замын өвчин байгааг мэдсээр байж, бусдад халдаасан бол тухайн хүнийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих хүртэл арга хэмжээ авах учиртай. 

Өнөөдрийг хүртэл энэ тохиолдлоор хорих ял авсан тохиолдол ганц ч байхгүй. Тиймээс бэлгийн замын өвчтэй гэдгээ мэдсэн хэрнээ өвчин тараагчдад хатуухан хариуцлага тооцох шаардлагатай байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар өвдөөд эмчлүүлж байгаа хүнээс хэнтэй бэлгийн харилцаанд орсон эсэхийг тодруулахаар өвчтөн харин ч уурладаг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, “Хэнтэй бэлгийн харилцаанд орсноо хэлэх, хэлэхгүй нь миний эрх, хэнтэй унтах нь ч миний эрх” гэж хэлээд амыг нь хаадаг гэнэ лээ. 

Уурлахгүй учир шалтгаанаа хэлдэг зарим нь “Тийм нэртэй зочид буудалд, саунд, амралтад орсон, би согтуу байсан хэн гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн хариултаар эмч нарыг мухардалд оруулдаг байна. Мэдээж эмч, эмнэлгийн байгууллага тухайн хүнийг хавьтагчаа хэлээгүй, өвчнөө эмчлүүлээгүй гээд бариад хорих, цагдах эрхгүй улс. Тиймээс ч эм тариа байвал хийгээд өгдөг, байхгүй бол жорыг нь бичиж өгөөд явуулдаг байна. 

ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГИЙН 30 ТОХИОЛДОЛ  БҮРТГЭГДЖЭЭ

Зөвхөн ЭХЭМҮТ-д гэхэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 12 төрөлхийн тэмбүү оношлогджээ. Харин улсын хэмжээнд 2015 оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 30 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 19 тохиолдол, хөдөө орон нутагт 11  тохиолдол буюу Баянхонгор нэг, Булган нэг, Дорноговь нэг, Дорнод хоёр, Завхан нэг, Орхон хоёр, Сүхбаатар нэг, Төв нэг, Хөвсгөл аймагт нэг  тус тус бүртгэгдсэн байна.

Улмаар нийт бүртгэгдсэн тохиолдлуудын найм  нь нас баржээ. Түүнчлэн энэ онд төрсөн нийт эхчүүдийн 682 нь тэмбүү өвчтэй гэж оношлогдсон тухай сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл ч байгаа юм.  Энэ нь тухайн эмэгтэйчүүдийн өөрсөддөө тавих анхаарал сул, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг зэргээс үүдэлтэй гэдгийг ч эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд эмчийн хяналтад эрт орж, хамрагдах ёстой шинжилгээндээ хамрагдаагүйн улмаас төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол гардаг аж.

Халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгээгүй, жирэмсэлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар эхээс урагт халдах магадлал 60-70, төрсөн хүүхдийн 35-45 хувьд нь төрөлхийн тэмбүүтэй төрөх өндөр эрсдэлтэй байдаг тухай ЭХЭМҮТ-ийн Удам зүйн кабинетийн эмч, удамзүйч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг бидэнд ярьсан юм. 

Гэхдээ жирэмсэн эх тэмбүүгээр өвчилсөн үед азтай тохиолдолд л хүүхэд амьтай төрдөг байна.  Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч үүний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн үзлэг шилжилгээ, эмчилгээ шаардагддаг аж. Харин дийлэнх тохиолдолд жирэмсний сүүлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбах, ураг амьгүй болох эсвэл төрөөд удалгүй нас барах нь элбэг байдаг гэнэ. Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ дөрвөн  сарын өмнө өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд урагт халдвар дамжихгүй байх боломжтой юм байна. Тийм ч учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварт өвчний шинжилгээ хийдэг ажээ. 

Эмчийн хэлж буйгаар төрөлхийн тэмбүү нь тэмбүүгийн халдвартай эхээс ихэсээр дамжин урагт халдварлах бөгөөд  тэмбүүгийн  халдварын үе шат, эмчилгээ хийлгэсэн байдал, тухайн эмэгтэйн болон ургийн  дархлааны  тогтолцооны байдлаас хамаарч урагт нөлөөлдөг байна.

Тодруулбал, урагт  жирэмсний эрт үед зулбах, бага жинтэй төрөх, эх дотроо  өсөлтийн  саатал,  өсөлтгүй болох, дутуу төрөх, хөгжлийн гажигтай төрөх, амьгүй төрөх гэх мэтээр нөлөөлдөг аж. Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдэд 40-50 хувьд нь өвөрмөц шинж  тэмдэг илрэх тохиолдол ч байдаг гэнэ. 

Үүнд: 

  • Ургийн элэг, дэлүү том байх
     
  • Нярайн шарлалт ужгирах
     
  • Лимфийн булчирхай үрэвсэх
     
  • Арьсаар цэврүүтэй төрөлхийн  тэмбүүгийн  халд¬варын үед гарах өвөрмөц тууралттай байх
     
  • Хожуу  үед  шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна. Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.

...Энэ мэт томоохон эрсдэл үүсэх тул жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө шинжилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай бөгөөд  харин жирэмсэн эмэгтэйчүүдэд тэмбүү өвчний шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, тэмбүү өвчин үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг хийлгэж, улмаар эмчилгээгээ бүрэн хийлгэж, эмчилгээний үр дүнг тооцох, шинжилгээгээр хянах зайлшгүй шаардлагатай ажээ. 

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАД ОРОЛГҮЙГЭЭР ТӨРӨХ НЬ ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮ ҮҮСЭХЭД ГОЛЛОН НӨЛӨӨЛДӨГ

Төрөлхийн тэмбүү үүсэх хамгийн гол шалтгаан нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орохгүй байсаар яг төрөх үедээ л эмнэлэг бараадан төрөх тохиолдол гэнэ. Үүнээс гадна төрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө тэмбүүтэй гэдгээ оношлуулж, эмчилгээ хийлгэж эхэлсэн ч, бүтэн тунгаар хийлгэж чадаагүйн улмаас төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгааг ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Х.Цогзолмаа бидэнд учирлаж байлаа.

Уг нь Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу төрөх насны эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүд оршин суугаа дүүргийнхээ эмнэлэгт элдэв нэмэлт бичиг баримтгүйгээр үйлчлүүлэх бүрэн боломжтой хэдий ч, иргэд өөрсдөө хэт хайнга байгаагаас эрсдэл үүсдэг байна. Энэ асуудлаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Х.Цогзолмаагаас цөөн асуултад хариулт авлаа. 

Х.Цогзолмаа: Охидод багаас нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна

/ЭХЭМҮТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч/

-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ер нь юунаас шалтгаалж байна. Үрэвсэлтэй эмэгтэйчүүд жирэмсэн боллоо гэхэд урагт яаж нөлөөлөх вэ?

-Охидоо өсвөр наснаас нь  эхлээд бэлгийн боловсрол, бэлгийн соёлд зөв төлөвшүүлэх шаардлага бий болжээ. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүд жирэмслэх тохиолдол долоо хоногт 1-2 бүртгэгддэг.

Үр хөндөлтийн кабинетаар ирж үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн дунд өсвөр насны охидууд байгаа нь эмзэглэмээр асуудал. Тиймээс охид, бүсгүйчүүдээ  өсвөр наснаас нь эхлэн бэлгийн эрүүл ахуй, бэлгийн зөв соёлд төлөвшүүлж байж л бэлгийн үрэвсэлт өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадна.

Бэлгийн замын халдвартай ч өвчин байна, халдваргүй ч өвчин бий. Аль аль нь жирэмслэлтийн дараа сэдэрч, урагт нөлөөлөх тохиолдол байдаг.

Хүсээгүй үедээ жирэмслэхгүй байх боломж бүсгүйчүүдийн өмнө нээлттэй байгаа. 

 

Дүүргүүдэд эмэгтэйчүүдийн эмчийн хүрэлцээ их муу байна. Жирэмслэлтийг хянаж байгаа эмч нарын тоо их ч, эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмчийн  тоо хангалтгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор жирэмслэхээс өмнө нь  эхийн үрэвсэлт өвчнийг эмчлэх эрүүлжүүлэх ажил учир дутагдалтай байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчийн орон тоог нэмэгдүүлж, бодлогын төвшинд системтэйгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Хүсээгүй үедээ жирэмслэхгүй байх боломж бүсгүйчүүдийн өмнө нээлттэй байгаа. Гэвч эрүүл мэндийн боловсрол нь дутмаг, өөрсөддөө тавих анхаарал сул байгаагаас үүдэлтэйгээр жирэмсэлж, улмаар эм уух, үр хөндөлт хийлгэх зэргээр өөрсдийгөө хохироож байна. 

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл нь ямар бэлгийн замын халдварт өвчин байна вэ?

-Бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдээс энгийн үтрээний үрэвсэл хамгийн их байдаг. Тэр дундаа өвөрмөц үүсгэгчтэй заг хүйтэн, трихомониаз зэрэг байна. Одоогоор жирэмсэлж буй, төрөх гэж ирж буй нийт эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчний өвчлөл их байгаа. Гэхдээ хяналтдаа орж, стандарт эмчилгээгээ хийлгээд төрж буй тохиолдолд төрөлхийн тэмбүүтэй нярай төрөхгүй байгаа.

Хяналтгүй, тэмбүү өвчнөөр өвдсөнөө ч мэдээгүй төрөх дөхөөд ирж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд төрөлхийн тэмбүүний өвчлөл өнгөрсөн жилийнхээс ихэссэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 12 төрөлхийн тэмбүү оношлогдсон. Тэдний ихэнхи нь  эмчийн хяналтад ороогүй эсвэл 2-3 хоногийн өмнө хяналтдаа ороод стандарт эмчилгээгээ бүрэн тунгаар авч амжаагүй хүмүүс байдаг.

-Тэмбүү өвчтэй эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэснээр эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой байх нь ээ? 

-Тэгэлгүй яах вэ. Тэмбүү өвчтэй ээжээс заавал тэмбүүтэй хүүхэд төрөхгүй. Хамгийн гол нь харьяа газрынхаа БЗХӨ-ний  эмчид хандан эмчилгээгээ хийлгэчихвэл тэмбүүтэй хүүхэд төрөхгүй. Ерөнхийдөө иргэдийн өөрсдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас ийм асуудал үүсч байна. 

МӨНГӨ ТӨЛӨӨД ТЭМБҮҮ ӨВЧИН “ХУДАЛДАЖ” АВСААР...

Тэмбүү өвчний тархалтад хамгийн том “хувь нэмэр” оруулдаг газар бол мэдээж саун, амралтын газар, зочид буудалд зэрэг газрууд орно. Тэгвэл эдгээр газруудад хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас тодруулсан юм. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй газрын ажилтнууд “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд “саун массаж” нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудад шалгалт явуулж байгаа юм байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 40 газрыг шалгаад, үйлчилгээний газрууд, төв зам дагуух шонгийн модон дээр наасан “Гулгаа массаж” “Массаж”, “SPA массаж” гэх гар утасны дугаар бичсэн 50 гаруй зарын хуудсыг устгажээ. Цаашид ч ийм төрлийн зар хуудас тавиулахгүй байх талаар хяналт тавьж ажиллах аж. 

Энэхүү шалгалтаар Баянгол дүүргийн “Болзоо” зочид буудалд зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан этгээдийг, Хан-Уул дүүргийн “Анар” зоогийн газрын доод давхарт байрлах саун нь массаж нэрийн дор долоон эмэгтэй биеийг үнэлүүлж байсан хоёр этгээдийн үйл ажиллагааг баримтжуулан, шалгаж байгаа аж. Энэ мэт олон зөрчил илрүүлэн шалгаж байгаагаа дуулгаж байсан юм.

Шалгалтыг цагдаагийн ажилтнуудаас гадна НМХГ, НЭМГ-ын мэргэжилтнүүд хамтран хийсэн байна. Шалгалтаар гулгаа массаж хийж байгаа эмэгтэйчүүдээс “Эрүүл мэндийн хуудас”-аа үзүүлэхийг шаардахаар “манай эзэнд байгаа” гэсэн хариулт өгч байсан гэнэ. Тиймээс гулгаа массаж нэрийдлээр биеэ үнэлж байгаа эдгээр эмэгтэйчүүд тэмбүү өвчний гол “түгээгч” нь ч байхыг үгүйсгэхгүй. 

Тиймээс залуус мөнгө төлөөд “тэмбүү” өвчин худалдан авч байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энэ төрлийн өвчлөл өөр хаана дэлгэрч байна гэхээр уул уурхай дагасан аймгууд. Хэдийгээр тэнд алт зэс олборлож, уул уурхайг дагасан асар их мөнгөний урсгал орж ирээд байгаа нь сайхан ч гэр бүлээсээ хол байгаа залуус авсан мөнгөөрөө зугаацаж, улмаар биеэ үнэлэгч авах байдлаар явдаг аж.

Өмнөговь аймагт нөхөр нь уул уурхайн компанид ажилладаг бүсгүй эмчид учир шалтгаанаа тоочиж уйлж байсан тохиолдол бий гэнэ лээ. Нөхөр нь байсхийгээд л ирээд буцахдаа л бүсгүйд элдвийн халдварт өвчин өгдөг аж. Өгсөн мөнгөөр нь ард нь эмчилгээ хийлгэж, дахиад тийм асуудал гаргавал сална гэж айлгадаг ч үр хүүхдээ бодоод л салж чаддаггүй. Хэдэн сараар алга болсон нөхөр нь айнаа л өнөөх өвчнөө тээсээр ирдэг тухай ярьж байжээ. 

Дорнод, Хөвсгөл, Өмнөговь зэрэг энэ төрлийн өвчнөөр улсдаа тэргүүлж буй аймаг дандаа л уул уурхай дагасан байгаа нь эмгэнэлтэй.  Эцсийн дүнд бэлгийн боловсрол гэдэг зүйлийг бүр багаас нь заадаг, сургадаг болмоор байна. Тэгэж чадахгүй байгаагаас БЗХӨ буурах нь битгий хэл харин ч жилээс жилд нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Уг нь ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээлээр “Бэлгийн боловсролыг олгох” хичээлийг цөөхөн цагаар ч болов оруулж эхэлж байсан. 

Гэтэл өнөөх боловсролын шинэчлэлийн хүрээнд тус хичээлийг үгүй болгочихсон. Энэ шийдвэр нь урагшаа биш хойшоо нэг алхаж буй хэрэг. Хэрвээ иргэддээ багаас нь бэлгийн боловсрол олгоод замбараагүй бэлгийн харилцаанд орох асуудлыг шийдэж чадаж гэмээнэ ганц тэмбүү өвчин биш, эмчилгээгүй гэгдэх ДОХ-оос эхлээд  бусад бүх бэлгийн замын өвчнүүдийн тархалт тэр хэрээр буурах нь дамжиггүй юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өвгөөдөй

      (103.242.47.42) 2015-12-09 13:57
      • 0
      • 1

      Төрийн ажил цалгардаад хүнээ хүнд тооцохоо байсан цаг дор тэнгэрийн яр өвчин монголд газар авч байгаа болой. Эрүүл мэндийн яам гэгч нь ханиадны ч мэдлэггүй мөнгөны мэдлэгтэй хүн ажиллаж байгаа нь монголёуудаа хохироосоор өвчинд баригдуулсаар, үхэлд нэрвэгдүүлсээр, үжил болгож өвдүүлсөөр байгаа шүү дээ. Энэ бол ардчилалыг анархизм болгосон улс төрчдын гавьяа. Улс төрчид монголдоо эмчлүүлэх нь үгүй. Сайдыг нь өөрөө томилсон болохоор мэдээд өөрсдөө эмчлүүлдэгүй юм шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.107) 2015-12-09 12:29
      • 0
      • 1

      Ардчилалыг анархизм болгосоноос энэ.Хуний нийгэм зов оршин тогтнох нь ёс суртахуунтай,мэдлэг боловсоролтой ухаалаг уйл ажилгаа явуулаж чадах хумуужлийг олон тумэнд олгох зов засаг тортой байх явдал юм.Гэтэл манайд засаг тор нь 180 градус эргэсэн уйл ажилгааг явуулж байна. Хумсийн толгойд ёс суртахууны хумуужил олгоогуй тохиолдолд энэ байдал засрахгуй л байхдаа.

      Хариулах