Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-3/

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгслэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. 

Манай сайт уншигчидаа соён гэгээрүүлэх, тэдний оюуны боловсролд дусал ч болов хувь нэмрээ оруулах үүднээс танин мэдэхүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цувралаар хүргэдэг.

Энэ удаад судлаач, цуглуулагч Цэндийн Батсайхан, Чойжилжавын Баатарсүрэн нарын өөрсдийн цуглуулгаараа суурь болгон "Морин соёлын тоног хэрэгсэл" хэмээх сонирхолтой номноос түүвэрлэн хүргэж байна. Морь унааг гаршуулан эдэлсэн хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв - морин соёлын талаар цуврал нийтлэл танд түүхийг ухааран танихад алс хэтийн ач холбогдолтой. 

Монголын эзэнт гүрний үеийн эмээлийн хэрэглэл. XIII-XIV зуун

Монголын эзэнт гурний үеийн язгууртнуудын хэрэглэж байсан алтадсан мөнгө, гуулин эмээлүүд монгол орноос болон хуучин монголын эзэмшил нутгуудаас олдсоор байна.

Монголын эзэнт гүрний үеийн морины хэрэглэлийн байдлыг харуулсан зураг, баримал зэрэг зүйлс дэлхийн янз бүрийн улс орнуудад байсаар байдаг.

Жишээ нь Турк улсын Истанбул хотын музейд байдаг 13-р зууны монгол морьтон дайчны зураг, Герман улсын үндэсний номын санд байгаа 14-р зууны монгол морьтон болон эмээл хазаар худрага хөмөлдрөгтэй морины зураг, өвөр монголоос олдсон Юань улсын үеийн эмээл хазаартай морины шавар баримал зэрэг нь тэр үеийн монголчуудын морины хэрэглэлийн талаар тодорхой мэдээллийг өгдөг.

Зураг. Дундад зууны монгол морьтон дайчин. 

15-р зууны миниатюр. Түрк, Стамбул, Топкапи музей.

Зураг. Монгол бунханы ханын зураг. 

БНХАУ, Шаньси муж, Пүчэнь сянь. 

Зураг. "Хубилай хаан ан хйиж буй нь" 

Лю Гуаньдао (1280 он) Тайвань, Тайпэй, Үндэсний ордон музей. 

Зураг. Эмээл хазаар, худрага, хөмөлдрөгтэй морины шавар баримал. 

28х33.5х14см. Юань улс. 1271-1368 он. 

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Тавантолгойн 13-14-р зууны үеийн монгол язгууртаны булшнаас хоёр төрлийн эмээлийн бүүрэгний алтадсан бүрхүүл чимэглэл олдсоны нэг нь хөөмөл луун хээтэй нөгөөнь цэцгэн хээтэй бөгөөд гуулиар хийж алтадсан байна. Мөн тэндээс ногоолин чулуугаар өнгөлсөн эмээлийн хавтас гарсан нь нэн ховор олдвор болж байна.

Зураг. Эмээлийн бүүрэгний алталсан чимэглэл. Гууль, алт. 

17х3х17.8х0.7см. 92 гр. Сүхбаатар. Онгон, Таван толгой. 13-14-р зуун. МУИС-ийн НШУС-ийн Археологи. антропологийн танхим. 

Зураг. Эмээлийн бүүрэгний алтадсан чимэглэл.

Гууль алт. Сүхбаатар, Онгон, Таван толгой. 13-14-р зуун. МУИС-ийн НШУС-ийн Археологи, антропологийн тэнхим.

Зураг. Эмээлийн хавтасны чимэглэл.

Ногоолин, мод, төмөр хадаас. Чимэглэлүүд 2.6х2.2хО.Зсм. Сүхбаатар, Онгон, Таван толгой. МУИС-ийн НШУС-ийн Археологи, антрополгийн тэнхим.

Монгол нутгаас XII-XIII зууны үеийн урд, хойд бүүрэгний нүүрэндээ галт бөмбөгөөр тоглосон хоёр лууны чимэглэлтэй, цэцгэн угалз хээтэй мөнгөн хяртай эмээл олджээ.

Монголын эзэнт гүрний үеийн язгууртан дээдсийн эмээлийн бүүрэгний хавтасны бүрэн хэмжээний алтан хөөмөл чимэглэлийг Өвөр монголын Шилийн гол аймгийн нутгаас олжээ. Энэ эмээлийн урд бүүрэгний чимэглэлийн гол хэсэгт хэвтэж буй бугыг дүрсэлсэн байна.

Монголын эзэнт гүрний алтан орны улсын язгууртан урьд хойд бүүрэгний мөнгөн хөөмөл алтадсан чимэглэл ОХУ-ын Санкт-Петрбург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байна.

Зураг. Эмээлийн мөнгөн чимэглэл, төмөр дөрөө, амтай зуузай. 

XII-XIII зуун. Модыг сэргээн урласан. Урд бүүрэг өндөр 27см, өргөн 38см, хойд бүүрэг өндөр 30см, өргөн 48см, хавтас урт 58см. 

Зураг. Эмээлийн бүүрэгний алтадсан мөнгөн бүрээс чимэг. 

Мөнгө, алт. Урд бүүрэгнийх нь 22.5х22.5см, хойт бүүрэгнийх нь 18.5х27.5см. НТ-ын 13-р зуун. ОХУ, Санкт-Петрбург, Эрмитаж. 

Зураг. Эмээлийн бүүрэг, хавтасны бүрээс алтан чимэг.

1206-1271 он. Өвөрмонгол. Шилийн гол аймаг. 

Зураг. Эмээлийн бүүрэг, хавтасны бүрээс алтан чимэг. 

XIII зуун. 

Тайваны цуглуулагч Ванд хадгалагдаж буй Юань улсын үеийн ган төмрийг цоолборлон сийлвэрлэж, луу зэрэг зарим хэсгийг алтадсан хоёр төрлийн эмээлийн бүүрэг хавтасны ган чимэглэл нь тэр үеийн өндөр дээд язгууртаны эдлэл бололтой.

Зураг. Эмээлийн бүүрэгний мөнгөн бүрээс чимэг. 

Мөнгө, алт. Урд бүүрэгний хэмжээ 22.5х22см. Хойт бүүрэгний хэмжээ 26.5х 16см. 12-14-р зуун. Тайван улс. 

Зураг. Эмээлийн бүүрэг. хавтасны мөнгөн бүрээс чимэг. 

Мөнгө, алт. Урд бүүрэг 22,5х 23.5 см, хойт бүүрэг. 17х28 см, урд хавтас 9х8.5 см, хойт хавтас 9.5 х 12 см. 13-14-р зуун. Тайван улс. 

Монгол улсын нутгаас хадны агуйн оршуул-гаас нилээд олон тооны эмээлийн мод олдсоноос Ховд аймгаас 1991 онд олдсон одоо цэргийн музейд байгаа эмээлийн модыг судлаачид 14-16-р зууны үед хамааруулж үзсэн байна.

Манай зарим судлаачид манай орноос олдсон дундад эртний эмээлүүдийн урд бүүрэг нь гурван янзын хэлбэртэй байна. Үүнд: дугуй ирмэгтэй, дөрвөлживтэр хэлбэртэй, дээш ялимгүй өргөссөн хэлбэртэй гэж үзсэн байна.

Зураг. Эмээлийн мод.

14-16-р зуун. Монгол цэргийн музей. 

Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн 13-14-р зууны язгууртаны булшнаас эмээлийн худраганы цэцгэн хээтэй хүрэл чимэглэл товруу гарсан байна.

Монгол орны янз бүрийн нутгаас эмээлийн төмөр дөрөө олдсоноос Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн 13-14-р зууны үеийн булшнаас хос төмөр дөрөө гарсан нь тэр үеийн дөрөөний гол хэлбэр загвар гэж үзэж болохоор. Энэ үеийн дөрөөний хэлбэр нь нарийвтар зууван тавагтай, нумарсан дугуй хэлбэртэй, дөрөөний сур хийх сэнж нь дөрвөлжин хэлбэртэй байна.

 

Зураг. Хос төмөр дөрөө. 

13-14-р зуун. Өвөрмонгол. Хөх хот. 

Зураг. Хос төмөр дөрөө. 

16.5х 13.5х6.3 см. Сүхбаатар, Онгон, Таван толгой. 14-р зуун. 

Дөрөөг эдлэх хүний зэрэг зиндаанаас хамаарч хээ угалзыг гоёмсогоор урлах буюу энгийн хэлбэртэй хийдэг байжээ. ОХУ-ын Чита мужийн Хархираа голын Хар баян уулын монгол язгууртны булшнаас урьд олдож байгаагүй өвөрмөц төмөр амгай олдсон байна.

Зураг. Эмээлийн мод.

ОХУ. Чита муж. Хархираа голын Хар баян уул Монгол язгууртны булш. 13-14-р зуун. Д.Баяр нийтлүүлсэн.

Зураг. Төмөр амгай.

ОХУ. Чита муж. Хархираа голын Хар баян уул Монгол язгууртны булш. 13-14-р зуун. Д.Баяр нийтлүүлсэн.

Зураг. Сийлбэртэй төмөр дөрөө. 

Өвөрмонгол, Хөх хот. 14-р зуун. 

Монгол, түрэг угсааны өвөг эмээлийн намхан бүүрэгтэй, уужим талбиун суудалтай эмээлийн хэлбэр одоо ч манай орны зарим нутагт хэрэглэгдсээр байгаагийн гадна нийгмийн хөгжил, урлаачдын ур чадвар өссөнөөр хэлбэр хийц, чимэглэл баяжин хөгжсөөр ирсэн байна. Жишээ нь 13-14-р зууны үеийн эмээлийн загас буюу хонхны хэсэгт онгорхой, зарим эмээлийн модонд тэр зайд урд хойт бүүрэгнээс сур холбож тогтоосон байдаг нь сүүлийн үед үргэлж мод болсон байх ба энэ үеийн жирийн ардын эмээлүүд нь ямар нэг чимэггүй цулгуй мод байсан бөгөөд эмээлийн бүүрэг, хавтас, загасыг хооронд нь сураар холбон үдсэн байдаг.

15-16-р зууны үеэс жирийн эмээлүүдэд төмөр чимэг үзэгдэх болсон ба модонд нь сийлбэр хээ тавих болсон байна. Үүнд: Хархорины музейд байгаа нэгэн эмээлийн урд, хойд бүүргийг төмрөөр бүрсэн байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хүйтэн хошуунаас олдсон сийлбэртэй модон эмээлийг эрдэмтэд 16-р зууны үед хамааруулжээ.

Зураг. Бүүргийн ширлэж, урд бүүрэгний нүүрэнд төмөх нум сум хадсан эмээлийн мод. 

29х45х34см. 15-16-р зуун. Цонжин болдог дахь Монголын эзэнт гүрний музей. 

Зураг. Эмээлийн мод.

Мод, шир, яс, сур. 57.5х24.5х32см. Хэнтий, Дэлгэрхаан, Хүйтэн хошуу. 14-16-р зуун. Төрийн түүхийн музей.

Зураг. Эмээлийн мод. 

Мод, төмөр, шир. 15-14-р зуун. Хархорины музей. 

Дараагийн цувралаар. "ХVII-ХХ зууны үеийн Монгол олон үндэстэн ястаны морины хэрэглэл"

Жич: "Морин соёлын тоног хэрэгсэл" номын хэсгээс зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. Сайтад байршсан мэдээллийг хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авахыг хатуу хориглоно. 

Холбоотой мэдээлэл: 

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-1/ - http://mongolcom.mn/read/30205

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /Цуврал 2/ - http://mongolcom.mn/read/30570

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.