Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

Twitter Print
2015 оны 12-р сар 08-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

-Мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В,С вирус илэрчээ-

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгааг МХЕГ-аас хийжээ. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд хамруулах зорилготой энэ тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна.

Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, Улаанбаатар хотын  томоохон зургаан эмнэлгийн 340, нийт 877 эмч, сувилагч, асрагч хамрагджээ.

Асуумжаас үзвэл халдварт, төрөх эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В,С вирус илэрсэн, 13 хувь нь  ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байжээ. Эмч, ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөгч нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг хэмээн МХЕГ-аас мэдэгдлээ.

Хөдөлмөрийн нөхцөлийг судлах, мэргэжлийн өвчнийг илрүүлэх, оношлох, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх чиглэлээр учир дутагдалтай, ажлын байрнаас шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, жил бүр  эрүүл мэндийн үзлэг хийдэг ч нэр төдий, үр дүн, чанарын хувьд хангалтгүй, шаардагдах хөрөнгө мөнгө нь хүрэлцээгүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй нь тодорхой болжээ.

Ариутгал, халдваргүйтгэлд онцгой хортой хлор агуулсан бодис хэрэглэдэг, бусад эмийн бодис зэргээс болж гар нь загатнах, улайх, харшил өгөх зовиур илэрдэг тухай хамрагдагсад хариулсан нь химийн бодисоос үүдэлтэй амьсгалын замын архаг хордлогод өртөх эрсдэл өндөр гэсэн үг юм.

Судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээгүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцдоггүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, ажилладаггүй, В, С вирусын илрэлтийг судалж эх үүсвэрийг тогтоох шинжилгээнд ажилчдыг хамруулсан ч эрүүлжүүлэх  ажил хангалтгүй байна.

Тандалт судалгааны дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцсэн байна.

Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн байдалд нарийвчилсан судалгаа хийх, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийж хянаж байх, эрүүлжүүлэх, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах шаардлагатай гэж үзлээ. Мөн төсвийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувийг зарцуулж байх зэргийг Эрүүл мэнд, спортын яам, холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Энэ оны байдлаар манай улсад тусламж үйлчилгээний гурван шатлалаар 1256 эмнэлэг, хувийн хэвшлийн 587 эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 34 000 гаруй эмч, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрийн 7079 нь их эмч, 8359 нь сувилагч, 3003 нь бага эмч юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.