Эрхэмсэг Монгол

Twitter Print
2014 оны 01-р сар 21-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Нэг сонин сайхан явдлын талаар ярилцъя. Юу гэвэл гоёл чимэглэлийн зүйлс, тэр дундаа тансаг хийцийн үзэг, цагаараа алдартай “Мont blanc” нэрийн компани “Чингис хаан” нэртэй онцгой гоёмсог үзэг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргажээ. Ердөө 35 ширхэг үйлдвэрлэсэн энэ үзгийг 925 сорьцтой мөнгөөр урлаж, 950 сорьцтой цагаан алтаар монгол эмээл, зэр зэвсэг дүрсэлсэн чимэг хийж өгч. Мөн үзэгний ар хэсэгт сумны зэв дүрсэлж, 0.5 кратын очир эрдэнэ шигтгээд зогсохгүй 750 кратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлсэн гэж байгаа. Үзэгний толгойг тэрчлэн Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг билгэдэн урлахын хамт Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэх улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн нь хосгүй  ховор бүтээл болсон тухай мэдээ байна. “Mont blanc”-ын Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг ширхэг “Чингис хаан” үзгийг 180 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа сурагтай.

Монголчууд дэлхий нийтийн хөгжлийн жишгээс хоцрохгүй алхаж байгаа нь энэ. “Mont blanc” үзэг аль ч улс орны ажил хэрэгч эрчүүдийн нэрийн хуудас болдог тансаг хэрэглээ. Юм мэддэг хүн бол авдаг л эдийн нэг дээ. Харин 180 сая төгрөг гэдэг хатуу тоо, монголчууд бидний хувьд мэдээж. Зарим хүмүүсийн хувьд энэ бол асуудал биш байх. Хэдэн бор төгрөгийн маань ханш унаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдхүүний үнэ цэнэ өдөр ирэх бүр өсөж байгаа энэ цаг үед авдаг хэд нь юу билээ, амь зогоох төдий жаахан жуухан юм нааш цааш хөдөлгөж яваа борчуул энэ мэт мэдээлэл сонсоод цочирдож гайхахаас өөр аргагүй.

Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх тухай асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж байгаа. УИХ дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд ч энэ асуудлыг барьцтайхан атгаж олонхийн бүлгийг түрэх нэгэн бамбай болгоод байна. 2012 оны Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 172 тэрбум төгрөгийн санхүүжилт бий болгох тухай яригдаж байсан энэ тоо баримт өнөөдөр дорвитой өссөн нь тодорхой. Энэ хэмжээний төсвөөр гоёмсог үзэг худалдан авбал нэг зуугаад ширхэг л болох юм байна. 180 сая төгрөгийг долларт хөрвүүлбэл (нэг доллар одоогын ханшаар 1742 төгрөг) 103,329,506 болж байна. Өрнөдийн баячуудад бол дэлхийн донсолгосон хүний нэр алдрыг дээдэлсэн чамин үзэг бариад явж байна гэдэг боломжийн л асуудал, зуун мянган доллар тэдэнд юу юм бэ, хуруугаа хөдөлгөх төдий явдал. За яахав,энэ асуудлыг сэтгэл төвдөн орхиж өөр нэгэн явдлын тухай яръя. Өмнө зүгийн их гүрэн шиг баян ядуугийн ялгаа өнөөдөр манайд онцгой мэдрэгдэх боллоо.

Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга гэх явган хэлц үг ч жинхэнэ утгаа олж байх шиг. Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн дэлгэсэн тусгай дэлгүүрүүдээр дан дэлхийн нэртэй брэндүүд, нэг хүний ганц удаагийн хоолны төлбөр нь амьд хонь болчих мөнгө урсана. Хотын төв талбай дахь “Louis Vuitton” нэрийн дэлгүүрт гэхэд ганц шалчгар ороолт таван зуун мянган төгрөг, цамцны гоёмсог тээг зургаан зуу, аятайхан костюм сая гаран төгрөг гээд явж өгнө. Дэлхийн өртөг өндөртэй томоохон хотуудыг бараадаж явдаг энэ мэт брэнд яагаад Монголд орж ирэх болов? Зах зээл байгаа болохоор тэр. Энд нүд хужирлах аядах нэг гар утас 14 саяас дээш гээд бод. Монголчууд авч л байна. Авах чадалтай байгаа нь тодорхой, гэхдээ нэг хэсэг нь… Хэрвээ цөөхөн хэдэн нөхөд ганц хоёр юм авсан болдог бол юу гэж Хонг Конг дахь салбарынхаа охин компанийг энд байгуулахав. Тэгэхээр бид нөгөө социализмийн үед дамчин, панзчин гэж хараан зүхдэг байсан бодь сэтгэлгээнээсээ ангижирсан байгаа нь энэ юм байх даа. Ерээд оны эхэн үеэс Монголчууд ардчилалын буянаар ярьж, төсөөлөхийн төдий байсан хөрөнгөтөн ертөнцөд хөл тавьж эхэлсэн.

Америкийн хамгийн хямд төсөр үнэ санал болгодог “Wall mart” дэлгүүрээс олж авсан элдэв янзын юмнуудыг Монголдоо авчраад дөрвөөс тав нугалаад зарчихна. Эрээн рүү гарч ирээд халуун савны запас, хөзөр, даавуу сэлт авчирч хөөрхөн үнэ хүргэчихнэ. Дараа нь гахай шиг түнтийтэл нь чихсэн бөөн бөндгөр ачаа бараа аван Орос, Украин, Польш гээд бараг төв Европ руу л гараагүйгээр их тэнэсэн байх. Өмнөд Африкт хүртэл “Honda” мотор зарна гээд оччихсон байв. Жаал юм үзэж, зах зээлийн зухаас мэдэрсэн дээ. Гэхдээ энэ үеэс өнөөгийн бидний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл бүрэлдэн тогтсоныг анзаардаггүй…

Үргэлжлэл бий.

Р.Этүгэн

Жич: Уг нийтлэл сэтгэлд тань нийцтэй маягийн санагдвал нөгөө "таалагдсан" гэдгийг нь дараарай,мөн "etugen68@yahoo.com" хаягаар санал зөвлөгөө хүргээрэй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.