Б.Дэжидмаа: Тэнгэрийн дүлийгээс түлэнхийн шарх эмчилдэг гель гаргаж авсан

Twitter Print
2015 оны 12-р сар 04-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Шилдэг залуу эрдэмтэн, судлаачид жил бүр уламжлал болгон Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог. Өнөө жил тус шагналыг Монголд ургадаг эмийн ургамлуудыг ашиглан түлэнхийн шарх болон сорвижилтыг эдгээдэг ”Калвацин” хэмээх түрхлэг бүтээсэн ШУА-ийн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэнд баяр хүргэе. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн хүн. Говьсүмбэр аймгийн нэгдүгээр арван жилийг төгсөөд 2007 онд ЭМШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуулийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөөд хуучин нэрээр Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн корпораци нэртэй байхад нь энэ байгууллагад ороод найман жил ажиллаж байна. Үндсэндээ би дөрвөн чиглэлийн ажил хийсэн байдаг. “Калвацин” бол миний анх ажилд ороод хийсэн судалгааны ажил л даа. Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалах сэдвээр тэнгэрийн дүлий мөөгийг судалж эхэлсэн. Гурван жил судлаад зэргээ хамгаалсан. Мөн энэ мөөгний шйнж чанарыг тодорхойлсон. Дараа нь нэлээд өргөжүүлээд төрөл бүрийн шарх болон эмнэлзүйн судалгааг нь хийсэн. Ерөнхийдөө нэгсэдэвт ажил, нэг мөн хоёр шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлээд энэ бүтээл гарсан гэсэн үг.

-“Калвацин”-ы талаар сонирхуулахгүй юу. Шахмал саванд хийснийг нь харахад “Хоромхон” гэдэг тостой л адилхан харагдаж байна?

-“Калвацин”-ыг хүмүүсийн мэддэгээр тэнгэрийн дүлий мөөгнөөс гаргаж авсан. Мөн шарх анагаах үйлдэлтэй бусад ургамлуудыг нэмсэн усан суурьтай гель юм. “Хоромхон” тос миний сонссоноор тарваганы өөхнөөс ч юм уу амьтны гаралтай түүхий эдээс гаралтай юм шиг байна лээ. Бидний бүтээл ургамлын гаралтай. Химийн судалгаа нь бүрэн хийгдэж дууссан. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт үүний клиник судалгаагньхийсэн. Түлэгдсэн хүмүүст түрхэж үзсэн гэсэн үг. Тэгэхэд эмчилгээний чанартай байна гэсэн тайлан гарсан. Ингээд зохих шатны хурлуудаар баталгаажуулсан байгаа.

-Түлэнхийн эмчилгээнд хэрэглэж үзсэн юм байна. Бусад тоснуудаас юугаараа давуу вэ?

-Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэрэглэж байгаа гадаадаас авдаг мөнгөжүүлсэн тостой ижил төстэй мөртлөө байгалийн гаралтай. Мөнгөжүүлсэн тос нь түлэнхийн практикт өргөн хэрэглэгдэж байгаа стандартын тос юм. Нөгөө талаас эх орны үйлдвэрийнх болохоор үнэ харьцангуй хямд байх боломжтой. Одоо туршилтын байдлаар үйлдвэрлэчихээд байгаа. Гэмтлийн эмнэлгийнхэн мөнгөжүүлсэн тосыг 500 мл-ийг 65 мянга орчим төгрөгөөр авдаг гэсэн баримтаа хэлж байна лээ. Манайхтай адил хэмжээтэй шахмал савлагаатай нь 25 мянган төгрөгөөр эмийн сангуудаар зарагддаг. Урьдчилсан байдлын судалгаанаас үзэхэд бид бүтээгдэхүүнээ 7-8 мянган төгрөгөөр л худалдагдах байх. Түүнчлэн бусад түлэнхийн шарханд түрхдэг тоснуудтай харьцуулахад “Калвацин" харьцангуй нимгэн түрхэгддэг.

-Тэнгэрийн дүлийгээс эхлээд хэд хэдэн ургамал орж байгаа юм байна. Их хэмжээгээр үйлдвэрлэх боломж нь ямар байдаг бол. Түүхий эдээ түүвэрлэх тал дээр асуудал гарах болов УУ?

-Мөөгний хувьд түүвэрлэхэд нөөц хангалттай бий. Нөгөө талаас цаашид судалгаагаа өргөжүүлээд тарималжуулна гэсэн бодолтой байгаа. Мөөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн тохиолдолд мөөгийг тарималжуулах цехүүд Биологийн хүрээлэнд байдаг. Т эр талаар хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөө бий. Гэхдээ эхний удаад энэ мөөгийг хангалттай хэмжээгээр түүх боломжтой.

-Эм үйлдвэрлэгчид, бизнесийнхэн хэр сонирхож байна?

-Клиник буюу эмчилгээний судалгаа нь ноднин дуусаад энэ жил л танилцуулж эхэлж байгаа. Манай байгууллага эмийн үйлдвэртэй учраас өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой байгаа.

-Сорви багасгана гээд байгаа. Энэ талаар тодруулбал?

-Шарх хурдан эдгэрэх тусмаа сорви багатай байдаг. Шарх нь хэр гүнзгий болон талбай, эдгэрэлтийн хурдаас сорви нь их, бага байх нь мэдэгддэг гэсэн үг. “Калвацин" шархыг үрэвсэлгүй, түргэн эдгэхэд нөлөө үзүүлнэ. Ингэхээр сорвижилтыг ч багасгах нөлөөтэй.

-Ургамлын харшилтай, мэдрэг арьстай хүмүүс байдаг. Тэнгэрийн дүлийгээс гаргасан бэлдмэлийн туршилтаар ямар байсан бол?

-Аль нэг ургамал тухайлбал, шарилжинд мэдрэгхүмүүс байдаг. Клиник судалгаа хийж байхад нийт хамрагдагсдын гурван хувьд нь хорсох мэдрэмж төрсөн. Үүн дотор агуулагдаж байгаа бодис нь харшил үзүүлсэн байж болох талтай. Гэхдээ хорссон тохиолдолд бид шархаа цэвэрлээд хэрэглэж байгаа түрхлэгээ сольчихно гэсэн үг. Харин гаж нөлөе бол илрээгүй.

-Эмийн сангуудаар хэдийнээс эхэлж худалдах вэ?

-Бид одоогоор бага хэмжээгээр үйлдвэрлэсэн байгаа. Худалдаанд гаргахын тулд нэлээд нөөц үүсгэх шаардлагатай. 2016 оны дөрөвдүгээр улиралд өргөн хэрэглээнд гаргана гэсэн төлөвлөгөө байна. Эхлээд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Түүнчлэн эмийн бүтээгдэхүүн болон комисс, зөвлөлийн олон хурлаар орно. Үүнд лав жилийн ажил бий.

-Тэнгэрийн дүлийг анагаах ухаанд ингэж хэрэглэж болох юм байна гэсэн судалгаа хэзээнээс эхлэлтэй вэ?

-Манай хүрээлэнгийнхэн 1960-аад онд зарим ургамлуудын шарх эмчлэх байдлыг судалдаг байсан. Мөн 2005-2008 оны үед бөндгөр шарилж гэдэг ургамлын шарх болон ходоодны шархлаанд нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийж байсан. Харин яг тэнгэрийн дүлийн хувьд хамгийн анхны судалгаа нь энэ.

-Тэгвэл ардын анагаах ухаанд ашиглаж байсан тал бий юу?

-Тэгэлгүй яахав. Тэнгэрийн дүлийг хүмүүс морины нуруу холгохоор хийдгээр нь сайн мэддэг шүү дээ. Мөн түлэнхийн шарханд хэрэглэдэг нь уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд дурдагдсан байдаг. Тэгэхээр хэрэглээний хувьд баталгаажилт өндөртэй. Зарим ургамлууд ам дамжсан яриагаар байдаг бол тэнгэрийн дүлийг бидний уламжлалт суурь эмчилгээний сурвалж бичгүүдэд зурагтай нь дурдсан байдаг.

-Дөрвөн чиглэлийн ажил хийсэн гэсэн. Бусдынх нь талаар сонирхуулаач?

-Докторынхоо ажлыг цусны бүлэгнэлийг багасгадаг аспирин 100 эмтэй ижил төстэй үйлдэлтэй уламжлалт эмийн судалгаагаар хамгаалсан юм. “Зомошин 6” гэдэг тэр танг тохиромжтой тунгаар өдөр бүр хэрэглэвэл цус шингэлнэ гэсэн үг. Цусны бүлэгнэлийн судалгааны ажил үндсэндээ хийгдсэн. Гэхдээ уламжлалт эмийг хэрэглэхэд дөхөм орчин үеийн хэлбэрт оруулах нь зүйтэй гэсэн чиг хандлага яваад байгаа. “Зомошин 6” танг сахарын өвчин болон венийн судасны бүдүүрлийн үед хэрэглэж болно. Мөн элэгний церрозийн цусны бүлэгнэлийн үед хэрэглэхэд тохиромжтой байна гэсэн судалгааны дүн гарч олон улсын сэтгүүлд ч хэвлэгдсэн байгаа.

Ханиад томууны үед хэрэглэдэг “Монфлю” хэмээх уусмалыг Монгол оронд ургадаг эмийн түүхий эдүүдээс гаргаж авсан. “Терафлю" гээд байдаг шүү дээ. Түүн шиг халуун усанд шууд найруулаад ууна гэсэн үг. Одоо судалгааны ажил явагдаж байна. Хүрээлэнгийнхээ технологийн багтай хамтарч хийсэн судалгааны ажил л даа. Түүнчлэн ясны сийрэгжилтийн үед хэрэглэдэг “Экомон” гэдэг эмийн бүтээгдэхүүн хийсэн. Цөм технологийн хүрээнд хийгдээд ерөнхий ажил нь дуусчихаад байгаа. Одоо энэ биологийн идэвхт бүтээгдэхүүний туршилтууд нь явагдаж байна.

-“Монхимо” компани адууны яснаас кальци гаргаж аваад нэлээд алдаршаад байгаа. Түүнтэй адил уу?

-Адилхан л амьтны гаралтай кальциас гаралтай. Зөвхөн адууны яс бус өөр бусад зүйлсийг нэмсэн байдлаар хийж байгаа. Ерөнхийдөө ясны кальциуд кальцийн агууламж өндөртэй учраас дэлхий нийтийн чиг хандлага бол ясны сийрэгжилтийн үед хэрэглэхэд тохиромжтой гэж үзэж байна. Судалгааны ажлуудын хувьд ч бүгд нэг санааг олон талаас нь хардаг чиг хандлага тогтож байгаа.

-Түлэнхийн шарх эдгээх “Калвацин”, аспирин 100-г орлох “Зомошин 6”, ханиад томууны үед уух “Монфлю” гээд эмүүдийг гаргаж авчээ. Гэвч гадаадын эмийн бүтээгдэхүүн илүү чанартай гэсэн бодол иргэдийн дунд нэлээд байдаг шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Уламжлалт зургаан эм байгаа. Тэдэнтэй адил үйлчилгээтэй эмийн 90 гаруй хувь нь гадаадаас импортоор орж ирдэг. Монгол орны эмүүд нь ихэвчлэн уламжлалт эмүүд байдаг. Мөн дотоодын эмийн үйлдвэрүүд аспирин, парацетамол зэргийг үйлдвэрлэж байна. Уг нь бол уламжлалт эмүүд нь гадаадын бүтээгдэхүүнтэй ижил төстэй үр дүнтэй. Манай улс бусад орныг бодвол бараг л экологийн цэвэр бүтээгдэхүүний бүс шүү дээ. Тэгэхээр байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэл хэрэглэхийг дэмжих л хэрэгтэй гэж боддог. Гэхдээ уламжлалаас шинэ эмийн хэлбэртэй болгохыг их сонирхдог. “Монфлю”-г “Терафлю” шиг савлахыг хүмүүс сонирхож байгаа.

Ж.Баярсайхан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.