Бурханы хүү Кака

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Р.Кака талбай дээр үзүүлж буй гайхалтай тоглолтоосоо гадна жинхэнэ эр хүнд байх эелдэг боловсон, ухаалаг зан чанараараа олон сая фенүүдийнхээ хайрыг татсан. Энэ залуугийн амжилтанд хүрсэн түүхийг бид сөхөж байна.

Түүний бөмбөг эзэмшилт, тоглолт удирдан чиглүүлэх, манлайлах, сул орон зайг харах, эцсийн мөчид зөв шийдвэр гаргах энэ бүх авьяас бол гайхамшиг. Бүр байж болох хамгийн дээд түвшинд тоглодог гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан. Энэ ч чанараараа хэзээ ч өөрийгөө дөвийлгөж, гаргасан амжилтаараа бардамнан сайрхдаггүй билээ. Ийм ч учраас түүнийг хөлбөмбөгийн ертөнцөд үлгэр дуурайлал болох нэгэн хэмээн өргөмжилдөг. 

Бага нас

​1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилийн нийслэл Бразилиа хотод төрсөн ч долоон настай Кака эцэг эхийнхээ хамтаар Сан Пауло хот руу шилжин суурьшжээ. Какагийн тухайд гэвэл багад нь Рикардо хэмээн дууддаг байв. Харин түүний бага дүү Родриго энэ үгийг хэлж чадахгүй Кака хэмээн шулганадаг байснаас түүнийг ийн нэрлэх болжээ.

Мөн европын зарим хэвлэлүүд түүнийг Рикки Кака гэх нь бий. Ухаан орсон цагаасаа хойш хуулиас гадуур хэрэг төвөгт ороолцолдож байгаагүй тэрээр "Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” болохоо төсөөлөх байтугай зүүдэлж ч байсангүй. 

Ер нь алдар цуутай хүмүүсийн намтрыг харахад ихэнх нь хүүхэд насандаа хүнд хүчир амьдрал туулсан байдаг. Хөлбөмбөгт ч ялгаагүй ийм жишээ олныг дурдаж болно. Домогт Пеле гэхэд багадаа өлсөхийн эрхэнд найз нартайгаа хамтран хулгай хийж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж явснаа өөрийн номондоо бичсэн байдаг. Харин Какагийн хувьд тэс өөр хувь тавиланг бурхан заяажээ. 

Чинээлэг айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр хэзээ ч шавар шавхайтай гудманд халтар бөмбөг элдэж явсангүй. Хэзээ ч өлсөх даарах, дутагдах гачигдахын зовлонг эдэлж, маргаашийн амьдралдаа санаа зовниж үзээгүй ч хэн хүнд байдаггүй тэсвэр хатуужилтай, ухаалаг, зарчимч, зорьсондоо хүрэхийн төлөө бүхнээ дайчилдаг шаргуу хөдөлмөрч байсныг түүний анд нөхөд нь гэрчилнэ. Мөн боловсролтой сэхээтэн гэр бүлд өссөн болохоор тун чиг эелдэг боловсон, багш нарынхаа хайрыг татсан сурагч байжээ. 

Хөлбөмбөгтэй амьдралаа холбосон нь 

Бразилд хөлбөмбөгийг спорт гэхээсээ илүү үндэсний уламжлал, соёлын хэмжээнд авч үздэг. Пелегийн зодог тайлах ёслол дээрээ хэлсэн үг Бразилчуудад нүдийг нь нээж өгсөн гэдэг. ”Та нар яагаад гуниглаад байгаа юм бэ. Бразилд надаас илүү авьяаслаг хэдэн мянган хүүхэд байгаа шүү дээ. Итгэхгүй бол далайн эрэгт очоод үзээрэй” гэжээ. Үнэхээр ч энэ нутгийн хүүхэд бүр хөлбөмбөгөөр ”өвчилж” ирээдүйн супер од болохыг мөрөөддөг байв. Кака ч ийм л зүйлийг мөрөөдөж өссөн. Тэрээр долоон настайдаа алдарт Ревилиногийн нэрэмжит ”Алфевилье” академд оржээ. Үүнээс жил орчмын дараа Сан Паулу клуб, бяцхан авьяастныг анзаарч өөрийнхөө академд суралцахыг урьсан байна. 

Энэ цагаас хойш домогт Артур Фредринайхаас эхлүүлээд Фалкао, Беллини, Гурсон, Кафу, Леонардо зэрэг оддыг төрөн гаргасан энэ алдарт клубт суралцана гэдэг хэнд ч нэр төрийн хэрэг байх нь ойлгомжтой. Тиймээс ч Какагийн эцэг эх энэ саналыг уриалгахан зөвшөөрчээ.

1997 онд Кака 15 нас хүрч мэргэжлийн гэрээ байгуулснаар залуучуудын багт тоглож эхэлсэн юм. Авьяас чадвараараа үеийнхэн дундаа илт ялгарах түүний хувьд ганц бэрхшээл нь биеийн хөгжил байлаа. Сан Паулугийн академийн эмч энэ тухай ”Кака бусад хүүхдүүдээс харьцангүй сул биетэй байсан болохоор амархан ядардаг байсан. Арван долоон нас хүрэхдээ бараг 1.80 см болтлоо өссөн ч туранхай хэвээр байсан учир бид нилээд хэдэн сар системтэй бэлтгэл хийлгэж ажилласны хүчинд хэвийн хэмжээнд оруулж чадсан’’ хэмээн дурджээ.

Гоолын дараах залбирал

Алдарт хөлбөмбөгчин гоол оруулсныхоо дараа гараа өргөн тэнгэр лүү зааж байхыг бид олонтоо харсан. Мөн "I belong to Jesus" буюу "Би Есүст харьяалагддаг" гэсэн бичигтэй цамц үргэлж өмсдөгийг нь ч мэднэ. Харин яагаад түүнийг ийм их шүтлэгтэй болсон талаар нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Түүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, чин сүсэгтэй болоход нөлөөлсөн тэр явдал 2000 оны зун болжээ. Тухайн үед 18 настай байсан Кака гэр бүлийнхэнтэйгээ аялж байлаа. Зочид буудлын усан сангийн хамгийн дээд тавцангаас үсрэх гэж байхдаа тэрээр хөл алдаж доош унасан байна. Арав гаран метр өндрөөс хатуу хашлаган дээр унаж нуруугаа хүнд бэртээсэн Какаг эмнэлэгт тэр дор нь хүргэсэн ч эдгэх найдлага тун бага эдгэрсэн ч гэсэн хөлбөмбөг цаашид тоглох боломжгүй гэсэн оношыг эмч нар тавьж байв. Гэтэл чухам гайхамшиг гэгч нь болж хэдэн сар шаналсан хүү бүрмөсөн эдгэж чадсанаар барахгүй ногоон талбайд дахин гарах боломжтой болсон гэдэг. 

Тэрээр энэ талаараа хэлэхдээ ”Ямар ч найдлагагүй гэж байсан тэр үед ч би итгэлээ алдаагүй. Өдөр болгон залбирч намайг эдгээж өгөхийг гуйдаг байлаа. Бурхан намайг сонсож, авралын гараа сунгасан учраас би насан туршдаа түүний боол байх болно гэж өөртөө амласан юм” хэмээжээ.

Ийнхүү гайхамшгийн хүчээр хөл дээрээ боссон тэрээр католик шашны сүмд байнга хандив өргөж, ядуу хүмүүст тусламжын гараа сунгасаар ирсэн. Мөн НҮБ-ын Өлсгөлөнгийн эсрэг хөтөлбөрийн элчин сайдаар 2004 онд томилогдсон бөгөөд зодог тайлсныхаа дараа ч энэ ажлаа үргэлжлүүнэ хэмээн мэдэгдэж байжээ. 

Шагналын хур

Өдгөө 33 настай Р.Кака дэлхийн бүх шагналыг авсан гэхэд болно. Түүнд ганцхан шагнал дутуу байгаа нь дэлхийн аваргын “Шилдэг тоглогч”-оор шалгарч үзээгүй билээ. 

2002 онд Бразил “Мунидал”-д түрүүлэхэд сэлгээнд сууж байсан Кака 2007 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, 2011-2012 оны улирлын “Ла лиг”-ийн аварга, 2002-2003 оны улирлын “Сери А”-гийн аварга, 2007 оны “УЕФА”-гийн супер цомын аварга, 2005, 2009 оны тив хоорондын цомын аварга болж байсан шилдэг хөлбөмбөгчин.

Какагийн үзэсгэлэнт эхнэр Каролин Селик

Хосууд анх 2002 онд уулзахад Какагийн эхнэр Каролин дөнгөж 15 настай сурагч байжээ. Харин Кака тухайн үед нутгийнхаа Сан Паоло багт тоглож байсан юм. 

2002 онд Каролиний ээж Какагийн аавтай нэгэн үдэшлэг дээр уулзаж хүүхдүүдийг хооронд нь танилцуулжээ. Тухайн үед анхны харцаар дурласан Кака ирээдүйн эхнэр Каролинаас утасны дугаар болон цахим хаягийг нь авч, удалгүй болзож эхэлжээ. 

Кака, Каролина хоёр арван настай Лука хүү, зургаан настай Изабелла гэдэг охинтой билээ. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tuya

      (43.228.131.45) 2018-01-10 10:18
      • 0
      • 0

      дүр үзүүлж шүтэхгүйгээр, чин сэтгэлээсээ бурханд итгэж мэдэрч, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг гайхамшиг, энэрэнгүй байж олон хүнд туслана гэдэг бол түүний бурхантай нэгдсэний илэрхийлэл

      Хариулах