Парисын “COP21” чуулга уулзалтанд дэлхийн 195 орон оролцож байна

Twitter Print
2015 оны 12-р сар 01-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын 21 дүгээр уулзалт, хуралдаан Франц улсын нийслэл Парис хотноо болж байна. Талуудын 21 дүгээр “COP21” чуулганд 195 орны Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 мянга орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаа 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Хуралдаанд хүний буруутай үйлдлээс үүдэн байгаль орчинд учирч буй хор нөлөө, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн сэдвээр хэлэлцээр өрнөж байгаа аж. Манай гариг дээрх нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж, дэлхийн дулаарлыг хязгаарлах, мөн түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хоёр долоо хоногийн туршид хэлэлцэхээр төлөвлөжээ. 2009 онд Данийн нийслэл Копенхагенд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенц төдийлөн амжилттай болоогүй учир энэ удаагийн хурлаар уг тулгамдсан асуудлуудын талаар илүү түлхүү авч хэлэлцэхээр зорьж байна. Копенхаген хотод болсон хэлэлцээрт дэлхийн хөгжингүй орнууд жил бүр 100 тэрбум ам.долларыг ядуу, буурай орнуудыг хөгжүүлэхэд зарцуулах шийдвэрийг гаргасан билээ. Түүгээрээ 2020 он хүртэл хөгжил дорой орнуудын техник технологи, дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн байж. Гэтэл гэрээнд тусгагдсан санхүүгийн дэмжлэгийг хэрхэн төвлөрүүлж, ядуу буурай улс орнуудад хуваарилах, зарцуулах нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн тэргүүн Кристиана Фигүэрэс чуулганд ирсэн төлөөлөгчдөд хандан “Бидэнд урд өмнө тулгарч байгаагүй маш том үүрэг хариуцлага тулгарч байна” хэмээн хурлын эхэнд онцолжээ.

"COP21"-ийг дэлхийн дулааралтай тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн Барак Обама үзсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч байгалийн гамшигт нирвэгдсэн улс, эзгүй хаягдсан хот суурин, устаж сүйтсэн тариан талбай ихэсч байгаа талаар ярианыхаа эхэнд анхааруулсан байна. Б.Обама дэлхийн тэргүүлэгчдэд хандаж "Шийдвэр гаргагч бид энэ удаа маш сайн гэрээ байгуулах ёстой. Учир нь хойч үе маань биднийг ажиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлт энэ зууны дүр төрхийг тодорхойлох болно. Бид одоо л зөв шийдвэр гаргахгүй бол үр хүүхдүүд маань хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах болно. Би АНУ-ыг төлөөлж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдвэрлэхээр тууштай зүтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч чуулганы үеэр мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Киотогийн Протоколыг хүлээн зөвшөөрч, баталсан хөгжингүй орнуудын сүүлийнх нь ОХУ байсан юм. ОХУ тус гэрээг баталсны дараа буюу 2001 оноос эхлэн Киотогийн Протокол хэрэгжиж эхэлсэн юм. “Бид эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу байгаль орчноо сүйтгэхгүй байх чадвартайгаа харуулсан” хэмээн Владимир Путин хэлжээ.

БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинпин хэлэхдээ “Хөгжингүй эдийн засагтай болон өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зарим асуудлууд дээр өөр өөрийн байр суурьтай байна. Энэ удаагийн Парисын чуулга уулзалт бол асуудлыг шийдвэрлэх эцсийн арга хэмжээ бус харин эхлэл нь юм. Бидний хүлээж буй хариуцлага, улс гүрнүүдийн хил хязгаар давсан, нийт хүн төрөлхтний оролцох ёстой эрхэм үүрэг юм” гэжээ. Тэрээр цааш хэлэхдээ Хятад улс 2030 он хүртэл агаарын бохирдлоо эрс багасгах олон төслийг хэрэгжүүлж байгаа тухайгаа дурджээ.

“Дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн хамаарал, хүндрэл бэрхшээл тулгардгийг бид бүгд мэдэж байгаа. Гэвч ирээдүйн хүүхэд залуусдаа “Яагаад шийдвэр гаргахад ийм хэцүү байсан юм бэ?” хэмээн асуух боломж олгохгүйн тулд нийтээрээ байгаль орчноо хамгаалах бодлогыг баримталж, хөрөнгө мөнгөө зөв зохистой зарцуулан, нүүрстөрөгч ялгаруулалтыг багасгах тал дээр анхаарах ёстой” хэмээн Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон хэлжээ.

Чуулганы зохион байгуулагчид энэ удаагийн конвенцыг удаан хугацаанд эргэн дурсагдах чухал арга хэмжээ болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа гэнэ. Дэлхийн дулаарлыг 2 градус Цельсээс хэтрүүлэхгүй, аж үйлдвэрийн түвшинг барих нь “COP21” уулзалтын эцсийн зорилго юм. 1880 оноос хойш дэлхийн дундаж дулаарал 1 градус Цельст хүрсэн. Үүний 0.6 градус нь сүүлийн 30 жилийн хугацаанд явагджээ. Дэлхийн бөмбөрцөг 2 градус Цельсээр дулаарсан үед урьдчилан таамаглашгүй, аюултай уур амьсгалын өөрчлөлтүүд гарна хэмээн эрдэмтэд дүгнэсэн байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.